|

Н.Алтанхуяг хүргэн дүүтэйгээ наранд хэзээ уулзах вэ?

 

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг шоронгоос суллагдсан Л.Гансүхтэйгээ найзын тухай дууг тунчиг дотноор дуулж буй бичлэг саяхан олны хүртээл болсон билээ. Ямартай ч Н.Алтанхуяг андтайгаа наранд уулзаад сайхан байгаа биз. Тэгвэл хүргэнтэйгээ хэзээ наранд уулзах бол. Түүний хүргэн Г.Дэнзэн болон бусад дөрвөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 28-ны өдөр буюу  маргааш болох гэж байна. Г.Дэнзэн нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгаж байгаа. Нийслэлийн Прокуророос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дэх хэсэг, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар  яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Шүүх хурал энэ сарын 20-нд болох байсан ч хойшилсон.

Г.Дэнзэнг эхнэрийнхээ "Говь повер” ХХК-д 4.5 тэрбум төгрөгийг эвлэрлийн гэрээний үндсэн дээр олгосон гэдэг үндэслэлээр шалгаж эхэлсэн юм. Харин тэрбээр өөрийг нь буруутгаад байгаа үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хэлдэг юм.

Н.Алтанхуягийн хүргэн  гэдгээрээ хэвлэлийн хуудаснаа цоллогдон бичигдэж буй Г.Дэнзэнгийн тухайд хоригдох амаргүй байгаа нь, царай төрхнөөс нь илтэд харагдах бичлэг өнгөрсөн өдрүүдэд телевизүүдийн мэдээллийн хөтөлбөрөөр цацагдсан. Ер нь бол нас бага цус шингэн тэр залуугийн цаана Н.Алтанхуяг л байгаа даа гэх хандлага нийгэмд давамгайлж байгаа нь бас үнэн.

Г.Дэнзэнгийн тухайд албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан гэх өөрт нь холбоотой хэрэг ид яригдаж эхлэх үед Герман руу явсан байдаг. Хэдийгээр тэрбээр оргож зугтаагүй гэх тайлбарыг сошиалаар дамжуулан хийсэн ч, түүнийг нутагтаа ирэхэд нь АТГ-ынхан баривчлан саатуулсан юм. Түүнчлэн АТГ-аас түүнийг сэжигтнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан тухай дараах тайлбарыг хийж байв.

"Эрүүгийн 2014250007486 дугаартай хэрэгт "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Галсангийн Дэнзэнг албан тушаалтан хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан, аж ахуйн нэгжийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшиж үрэгдүүлсний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр буюу Монгол улсын Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйл 265.2, 150 дугаар зүйл 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр сэжигтнээр тооцож, түүнийг хүнд гэмт хэрэгт сэрдэгдсэн, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаас сэрэмжлэх зорилгоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэхь хэсэгт заасныг үндэслэн Дүүргийн эрүүгийн анхан шатны 1 дүгээр Шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс сэжигтнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид хүргүүлсэн.

Сэжигтэн Г.Дэнзэнгээс албадан мэдүүлэг байцаалт авсан зүйл байхгүй, сэжигтнээр тооцсон тухай болон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар хуулинд заасны дагуу гэр бүлийн гишүүдэд нь мэдэгдсэн байна.

Г.Дэнзэн нарт холбогдох эрүүгийн 2014250007486 дугаартай хэрэгт прокурорын баталсан нэгжлэг хийх тухай тогтоолыг үндэслэн Монгол Улсын ЭБШХ-ийн 132, 133, 137, 140, 141 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу сэжигтэн Г.Дэнзэн болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн орон байр, тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийх ажиллагаа явуулсан бөгөөд нэгжлэгийн явц, үр дүнг видео бичлэгээр бүрэн бэхжүүлэн, үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан байна.

2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 19 цаг 15 минутад Г.Дэнзэнгийн өмгөөлөгч гэх Өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн №0221 дугаарын үнэмлэхтэй Д.Содномдорж гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус газарт ирж, өөрийн үйлчлүүлэгчтэй ганцаарчлан уулзах хүсэлт тавьсан бөгөөд Г.Дэнзэнг цагдан хорих 461 дүгээр ангид хүргүүлсэн талаар түүнд мэдэгдэж, сэжигтнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан Шүүгчийн захирамжийг танилцуулахад мөрдөн байцаагч болон албаны бусад хүмүүстэй зүй бусаар харьцаж, маргаан үүсгэсэн учир түүнийг харъяа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад хүргүүлэн согтуурлын зэргийг нь тогтоолгож шалгуулах арга хэмжээг авахаас өөр аргагүй байгаа талаар түүнд мэдэгдэхэд шалгуулахаас зайлсхийж тэрээр гарч зугтсан байна.

Өмгөөлөгч Д.Содномдоржийн гаргасан асуудалтай холбоотой видео бичлэг, түүний орхиж явсан шүүхэд төлөөлөх эрхийн №0221 дугаартай үнэмлэхийг нь Монголын Хуульчдын Холбоонд хүргүүлэхээр шийдвэрлээд байна” хэмээх тайлбарыг хийж байсан юм.

Эх сурвалж: Шуурхай.мн