|

Ж.Эрдэнэбат: 1072 хувьцаанд ашиг хуваарилах боломж бүрдүүл

Ж.Эрдэнэбат: 1072 хувьцаанд ашиг хуваарилах боломж бүрдүүл

 

"Эрдэнэс-Таван толгой” ХК  БНХАУ-ын "Чалко” компаниас "Дараа нүүрсээр төлж барагдуулах нөхцөлтэй”-гээр хийгдсэн 350 сая ам.долларынзээлийн урьдчилгаа төлбөрийн үлдэгдлийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болгон 100 хувь төлж барагдууллаа. Үүнийг нотолсон санхүүгийн баримтыг "Эрдэнэс-Таван толгой” компанийн удирдлагууд өнөөдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад гардуулан өглөө.

 

"Чалко”-гийн өрийг барагдуулснаар Цанхийн Зүүн уурхайн үр өгөөж Монгол  Улсын төсөвт бүрэн орох нөхцөл бүрдэж байна. 6 жил сунжирсан "Чалко” компанийн нийт үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 30 хувийг 7 сарын хугацаанд бүрэн төлж дууслаа гэдгийг "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд онцоллоо.

 

Мөн өр барагдуулахад Монгол Улсын Засгийн газраас өгсөн оновчтой чиглэл болох нүүрс борлуулалтын үнийг анх удаа нээлттэй сонгон шалгаруулалтаар тогтоох үнийн бодлого,  Цанхийн баруун уурхайн үйл ажиллагааг дахин эхлүүлсэн шийдвэрүүд голлон нөлөөлсний дээр "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн зөв менежментийн үр дүн  юм гэдгийг хэллээ.

 

Цанхийн баруун уурхайн гэрээт олборлогчийн тендерт "Монгол уурхайчид” түншлэл шалгарсан бөгөөд Үндэсний оператор компани олборлолт хийснээр олборлолтын зардал болох 200 тэрбум төгрөг Монголдоо үлдэж, баруун уурхайн олборлолтын зардал Зүүн уурхайн олбололтын зардлаас ойролцоогоор 2 дахин буурч, Тавантолгойн ордыг монголчууд өөрсдөө олборлож чаддагийг батлан харуулсан явдал гэв.  

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уулзалтын үеэр "Авсан өрөө бүрэн төлсөн та бүхний энэ эхлэл булган сүүлтэй байхыг ерөөе. Одоо компаниа ашигтай, дээр нь иргэдийнхээ 1072 хувьцаанд ногдол ашиг хуваарилах боломж бүрдүүлэхийн төлөө ажилла” гэж тус компанийнханд хэллээ.

 

"Эрдэнэс-Таван толгой” ХК  2017 онд Цанхийн Баруун, Зүүн уурхайгаа зэрэг ашиглан, 11.5 сая тонн нүүрс олборлож, 550 сая ам.долларын борлуулалтын орлого олохоор төлөвлөн ажиллаж байгаа ажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.