Гишүүн асан С.Баярцогт АН-ын дотоод сонгуульд үзэх гээд чадсангүй. Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас түүний нэрийг хасахдаа "Үндсэн дүрэм зөрчсөн талаар маргаан үүссэн” хэмээн намынхан нь тайлбарлажээ. Ерөнхийдөө бол оффшор С.Баярцогт гишгэх газаргүй болсон харагдана. "Муу нэрийг хусавч үл арилдаг” гэж үнэн аж. Сэлэнгэчүүд С.Баярцогтыг ямар нүүрээрээ дахин улстөрд шунаад байгаа юм бэ гэлцэн бухимдахаас ч аргагүй л дээ. С.Баярцогтын тухайд тэр Америк руу явдаг жишгээрээ явбал бараг таарна. Ер нь улстөргүй л бол амьдрал нь дуусчих гээд байгаа аятай байхаа болимоор юм.
Ядаж байхад Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооны тэргүүн З.Туяацэцэг "С.Баярцогтын оффшор данстай болох нь нотлогдсон есөн баримт илэрсэн. Одоогоор нягталж байна. Сайтар шалгасныхаа дараа бид дахин мэдээлэх болно. УИХ-ын Тамгын газар С.Баярцогтод ёс зүйн хариуцлага тооцсон тул дахин хариуцлага хүлээлгэх боломжгүй” гэсэн хариу өгсөн. Тиймээс өнгөрсөн онд Швейцарийн прокурорын байгууллагад хандаж, энэ оны зургадугаар сарын 27-ноос С.Баярцогтыг мөнгө угаасан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн” гэж хэвлэлийнхэнд дуулгасан нь бүр нэрмээс болсон доо. Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газар (ЗГХЭГ)-ын дарга асан С.Баярцогт Швейцарийн "Кредит Суис” банканд 9.2 сая ам.доллар хадгалуулсан баримт ирсэн байна. 2009 оны аравдугаар сарын 27-ны өдөр 9.2 сая ам.доллар түүний дансанд оржээ. Тодруулбал,"Таны хадгаламжийн дансанд 9.2 сая ам.доллар орсон. Швейцарийн банкны хуулийн дагуу бид өөрийн үйлчлүүлэгчийн бизнесийн үйл ажиллагааны талаар мэдээлэл авах ёстой. Тиймээс та энэхүү 9.2 сая ам.долларын мэдүүлэг, гэрээ, хэлэлцээрийн хуулбар, нэхэмжлэл зэргийг бидэнд ирүүлнэ үү. Таны мэдээллийн нууцыг бид хадгалах болно” гэсэн албан бичиг илгээсэн нь илэрсэн гэхчлэн мэдээллүүд хэвлэлээр гарсан.
С.Баярцогт өөрийгөө бүр ёс зүйн хариуцлага хүлээгээд албан тушаалаа өгөөд, гишүүнээр үлдсэн шүү гэх нь холгүй үгсийг телевизээр унагаж байсан. Яахав, бүрдүүлсэн бичиг баримт сэлтийг нь харахад тэр хууль журам зөрчөөгүй мэт харагдаж, ойлгогдож, мань эр ч өөрийгөө тэгж ярьж байгаа ч, Монголын төрд олон жилийг хариуцлагатай алба хашиж өнгөрөөсөн хүний амнаас гармааргүй дэндүү үл тоомсорлосон, ёсзүйн тураалтай үгсийг, хандлагыг тэр илэрхийлж байсан.Уг нь С.Баярцогт ардчиллын ноён нурууд юу болохыг сайн л мэддэг хүн баймаар. Тэр ч утгаараа эрх зүйт төртэй хамгийн сайн засаглалтай орон байхыг хүсвэл улс орны иргэн бүр ёс суртахууны хэм хэмжээний талаар тодорхой ойлголттой байх ёстойг тэр сонссон л баймаар. Гэтэл үг үйлдлийг нь харахаар түүнд тэр талын ойлголт ер байхгүй юу гэлтэй. Тэгвэл С.Баярцогтод хандаж хэлэхэд Л.Цэвэлийн "Монгол хэлний тайлбар тольд "Ёс зүй гэдэг ойлголтыг "юмны зайлшгүй зүй тогтол жам тавилан” гэж тайлбарласан байдаг юм билээ. Тэгэхээр ёсзүйн хувьд зөрчилтэй алдаа дутагдалтай үйл хийсэн гэдэг бол зохисгүй зүйл хийсэн л гэсэн утга дагуулах юм. Гэтэл С.Баярцогт ёс зүйн л хувьд тиймхэн юм хийсэн болохоос хууль зөрчөөгүй гээд байгаа нь үнэхээр харамсалтай өнцөг юм. Тэгэхээр ийм хандлагатай хүнээс бусад нь нүүр буруулж харагдахаас өөр яалтай вэ. С.Баярцогтод бүр баяртай гэж хэлье.
Эх сурвалж: Шуурхай.мн