|

Г.Батбаяр мэтийн худал хуурмаг хүмүүсээс болоод өмгөөлөгч нарт итгэх иргэдийн итгэл алдарч байна

Г.Батбаяр мэтийн худал хуурмаг хүмүүсээс болоод өмгөөлөгч нарт итгэх иргэдийн итгэл алдарч байна

 

Сүүлийн жилүүдэд шүүхийн шинэчлэл овоо эрчимтэй явагдаж, хууль хяналтын байгууллагынхны ажилдаа хандах хандлага урьдынхаасаа арай өөр болж буй хэдий ч өмгөөлөгч нарын дунд  ёс суртахууны гажуудал гарсаар байна. Өмгөөлөл уг нь үнэний төлөөх тэмцэл. Хүний хууль ёсны эрхийг ашгийг эрүүгийн болон иргэний, захиргааны хэргийг хянан шийдвэрлэх явцад төлөөллийн эрхтэйгээр хамгаалах үүргийг өмгөөлөгч өөртөө үүрдэг. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгч нь иргэдэд хууль эрх зүйн бүх талын туслалцаа үзүүлэн шүүх хуралд оролцогч аль нэг талын эрх ашигт үйлчилдэг мэргэжлийн хуульчийнхаа хувьд тухайн хэрэг маргааныг үнэн зөв, шударгаар шийдвэрлүүлэхэд хуулийн аргаар тэмцдэг хүмүүс юм. Гэвч тэдний зарим нь янз бүрийн болчимгүй асуудалд хутгалдан хуульчийн нэр хүндийг сэвтүүлж байна.     

Хуульчдын холбоо болон өмгөөлөгчдийн холбоонд бүртгэлтэй 1600 орчим өмгөөлөгч бий. Тэдний дотор урьд нь шүүгч, прокуророор ажиллаж байсан хүмүүс цөөнгүй. Мөн нэлээд хэсэг нь өмгөөллийн нөхөрлөл, хуулийн фирм байгуулаад дотооддоо төдийгүй Олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай болсон хэмээн  магтаж сайрхах боловч хууль бус үйлдлүүд нь илэрч "аав”-ын хаалга татахад хүрсэн хүн ч байж л байна.  Тухайлбал 2013 оноос дарга нар нь их хэмжээний мөнгө угааж, завшсан МИАТ-ын дуулиант хэрэгт нэр холбогдож байснаа сүүлдээ  энэ хэрэгт яллагдсан Хоролсүрэнгийнх нь хоёр сая ам.долларыг залилан мэхэлж авсан хэмээн сэжигдэн шалгагдах болсон "Ананд энд Батзаяа” хуулийн фирмийн захирал Б.Батзаяа билээ. Түүнийг шалгах үеэр бас Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг дэвсгэрт хөвчид  хууль бусаар ан гөрөө хийж, хоёр буга, нэг зэрлэг гахай, гурван чоно буудаж алсан хэрэг нь ч сөхөгджээ. Хүнийг  хазгай гишгэж алдаж эндсэн үед нь баахан муу хэлцгээдэг Монгол зангаараа ойр орчмынх нь хүмүүс Б.Батзаяаг "Хуулийн аргаар яаж хулгай хийх, ийм гэмт хэргээс өөрийгөө хэрхэн цэвэр авч гарах  талаар томоохон албан тушаалтнуудад зөвлөлгөө өгдөг” байсан гэдэг. Энэ нь ортой болов уу.      

Өмгөөлөгчөөр ажиллаж байгаа хуульчдын иймэрхүү гэмт хэргийн сэдэлтэй үйлдлүүд одоо ихээхэн нуугдмал шинжтэй болоод байгаа аж. Гадаад, дотоодод хуулийн мэргэжлээр тун чамбай сайн суралцаж төгссөн хуульчдыг нь томоохон компаниуд мөнгөөр цохиод авчихдаг бөгөөд  зарим нь  улс төрийн намуудад үйлчилж явсаар Засгийн газар юм уу, эсвэл аль нэг яам руу шингэж, хамгийн муучууд нь өмгөөллийн ажилд тунаж үлддэг гэсэн ерөнхий тооцоо бий. Тэдгээр өмгөөлөгчид нь эрүүгийн болон захиргаа, иргэний хэргүүд дээр ажиллахдаа маргалдагч талуудын аль их мөнгөтэйд нь үйлчлэхийг хичээнэ. Ялангуяа эрүүгийн гэмт хэрэгт  сэжигтэн яллагдагчаар татагдсан хүмүүс хэргээс өөрийгөө ямар ч аргаар хамаагүй мулталж авч гарахыг боддог тул өмгөөлөгчийн төлбөрөөс хэр барагтайд хулчийхгүй, хэлснийг нь цөмийг гүйцээж өгөх гэж зүтгэнэ. Арга зальтай өмгөөлөгч нар нь бас хэргийн хохирогч нартай тулж ажиллаад сэмхэн мэдээлэл дамжуулах, хохирлоо яаж барагдуулах талаар зөвлөх маягаар мөнгө тонших нь энүүхэнд. Тэдний иймэрхүү арга барил сүүлийн үед нэлээд түгээмэл болоод байна. Үүнээс гадна бараг өдөр алгасахгүй шахуу  телевизээр гардаг өмгөөлөгч Г.Батбаярын худал хуурмаг мэдээлэл, бусдад сайн дураараа ял тулгах гээд байгаа ч юм шиг, учир тоймгүй мэдэмхийрсэн, эрээ цээргүй мэдэгдлүүд нь хүмүүсийг ихээхэн бухимдуулдаг болжээ. Тэрбээр анх УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжинтэй нэр ус, ор хөнжлийн явдлаар холбогддог хэмээн олныг шуугиулсан Г.Сарангэрэл охины хар тамхины хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх далимаараа түүний хувийн нууцыг мэдэж аваад  бяцхан шантааж тавьж дарамтлан ичгүүр сонжуургүйгээр дэлгэж тавьсан байв. Уг нь Г.Сарангэрэлийн аав нь Г.Батбаяраар өмгөөлүүлэх дургүй байсан юм билээ. Гэлээ ч гэсэн нэгэнт хэргийн сэжигтэн, улмаар яллагдагч болчихоод байсан Г.Сарангэрэл охин түүнийг урьдчилсан хорих байранд нь хүрч очоод нүүр тулж уулзахад татгалзаж чадаагүй юм. Тэгээд сүүлдээ ухамсар муутай хүмүүст "янхан эм” хэмээн  дуудуулж,  нүүр хийх газаргүй болсон байлаа. Шүүх хурлынхаа  үеэр ч тэр Г.Батбаяраас өмгөөллийн өөдтэй тус дэмжлэг авч чадалгүй ял сонссон гэдэг.

Ер нь хүмүүсийн анхаарлыг татахуйц  адармаатай хэрэгт холбогдсон, ялангуяа төр засгийн томоохон албан тушаалтнуудын оролцоотой хэрэг дээр ажиллаад хэвлэлийн бага хурал зарлан болсон болоогүй мэдээлэл хийж телевизээр цацуулах нь улс төрийн тогоо руу өнгийх гэж оролдож яваа энэ мэтийн зарим хуульчдад илүү дөхөмтэй санагддаг юм  шиг байна. Өмгөөлөгч Г.Батбаяр өнөөх Г.Сарангэрлийнхээ хэргээс салаад дараа нь Дорнод аймгийн Халх гол сумын нутагт мянга гаруй га газрыг хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглах УИХ-ын жаахан будлиантай тогтоол гармагц түүнийг нь дөрөөлөн тийшээ давхиж очоод "Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа эндээс хятадуудад газар худалдсан” гэсэн утгатай мэдэгдэл хийгээд удалгүй хоёулаа шүүхдэлцэж,  мань эр ялагдал хүлээж, шүүхийн шийдвэрээр буруутан болж салсан билээ.  Хуульч хүн байж хамар дор хагархай гэгчээр  баримт нотолгоогүй юм энд тэнд очиж хамаагүй бурж болохгүй л дээ. Тэгээд ч өнөөх Халх гол руу дөрөөлж мордсон УИХ-ын тогтоол нь өөрчлөгдөж одоо тус сумын иргэд өөрсдөө голцуу газар шороогоо ашиглаж байна. Харин телевизээр тийнхүү баахан худлаа ярьж шоуддаг мань эрийн тарыг таньсан Чингэлтэй дүүргийн сонгогчид 2016 оны УИХ-ын сонгуульд түүнийг тус дүүрэгт бие даан нэр дэвшихэд огт дэмжээгүй юм. Өөрөөр хэлбэл, мундаг шударга хүн болж харагдах гээд бүр алийгаа алдан амьтан хүний нэр төрд халдаж, үйлчлүүлэгчээ гомдоон хөгөө хөлдөө чирсэн өмгөөлөгч Г.Батбаярт итгэл хүлээлгэх сонгогч олдоогүй юм билээ. Хуульч хүн хамгийн хүнлэг байх ёстой гэсэн үнэлэмжээр бол үнэндээ мань эрийг тоох хүн ховор болжээ.

Өмгөөлөгч Г.Батбаярын үүсгэн байгуулсан гэх "нийтийн эрхийг хамгаалах холбоо”  нэртэй төрийн бус байгууллага нь үйлчлүүлэгчдээсээ зохих хэмжээний төлбөр авч олон нийтэд мэдээлэл түгээдэг бөгөөд энэ нь татварт чухам яаж хамрагдаж байгаа нь тун бүрхэг байна. Харин эрхээ хамгаалуулахаар хандсан иргэдийн хэлж ярьсан баримт нотолгоо муутай, бүрэн шалгагдаж шийдэгдээгүй зүйлүүдээс хаа хамаагүй цацаж буй нь эрүү, иргэний аль ч хэргийг шалгахад зарим талаар төвөгтэй байдал үүсгэж байгаа аж. Харамсалтай нь өмгөөлөгч Г.Батбаяр үүнийг ер тоосон шинжгүй явна.

 

Саяхан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцдаг 29 дүгээр сургуулийн сурагчид Монголд анх удаа хичээл хаялт зохион байгуулж бөөн дуулиан тарьсан. Тус сургуулийн сурагчдад багш нар нь дохионы хэлээр хичээлээ заадаггүй байсныг энэ үеэр л хүмүүс бүрэн ойлгож авсан юм. Мөн тэдгээр сурагчдад багш нар нь заримдаа бэлгийн дарамт учруулахыг оролддог тухай мэдээлэл ихээхэн анхаарал татаж байлаа. Гэвч уг хэргийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаас өрсөөд өмгөөлөгч Г.Батбаяр нь тус сургуулийн багш нарт өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ телевизээр "Энэ сургуулийн багш нар сурагчдаа бэлгийн замаар огт дарамталж байгаагүй. Худал мэдээлэл түгээсэн байна” гэж байв. Ингэж тэр багш нарын өмнөөс уг маргаантай асуудлыг нь нүдээрээ хараад зогсож байсан мэт мэдэмхийрч хаалт тавьсан нь эхнээсээ хэргийг шалгах ажиллагаанд саад учруулах зорилготой байсан гэж үзэхээр байгаа юм. 

Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийнх доргино гэгчээр Монголын олон зуун өмгөөлөгчид Г.Батбаяр мэтийн хуулиа үл тоодог болчимгүй, үл бүтэх хүмүүсийнхээ өмнөөс нүүрээ улалзуулан ичих шиг хэзүү юм үгүй болов уу. Гэхдээ өнгөрсөн онд Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс олон нийтийн дунд явуулсан санал асуулгад оролцогчдын 43 хувь нь өмгөөллийн байгууллага болон өмгөөлөгчийн үйл ажиллагаанд сэтгэл ханамжгүй явдаг гэсэн байв. Энэхүү санал асуулгын дүн нь өмгөөлөгч нарын сахилга хариуцлага хэтэрхий сул, үйлчлүүлэгч нарынхаа эрх ашгийг хамгаалах талаар хуулийн дагуу шударгаар ажилладаггүй, ур чадвар муутай Г.Батбаяр мэтийн худал хуурмаг  хүмүүс улам олширсныг харуулж буй хэрэг биз ээ. 

Эх сурвалж: Bolod.mn