Microsoft” корпорацийн үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн чинээлэг хүн, гурван хүүхдийн эцэг Билл Гейтс "The Mirror” сонин өгсөн ярилцлагынхаа үеэр хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг нууцаасаа хуваалцсан байна. Тэрбээр хүүхдэдээ 14 нас хүртэл нь ухаалаг утас хэрэглэхийг хориглодог байсан гэнэ. Энэ үед бүх хүүхдүүд бага наснаасаа эхлэн ухаалаг утас хэрэглэж байхад бид яагаад болдоггүй юм бэ хэмээн Билл Гейтсийн хүүхдүүд эцэгтээ гомдолдог байжээ. Одоо хүүхдүүдийн том нь 20, дундах нь 17 настай бол хамгийн бага нь 14 нас хүрчээ. Иймээс тэд бүгд нь ухаалаг утас хэрэглэх эрхтэй болов. Гэхдээ Билл Гейтс ухаалаг утас ашиглах эрхтэй боллоо гээд тэдэнд эрх чөлөө олгосонгүй. Тэрбээр хүүхдүүддээ өдөрт ухаалаг утас хэрэглэх хугацаанд нь хязгаар тавьж өгчээ. Тэдний гэр бүлд хүүхдүүд тогтсон хугацаагаар ухаалаг утас ашиглах дүрэм байдаг.
Билл Гейтс болон Стиб Жобс
Билл Гейтс болон Стиб Жобс
Билл Гейтсийн хүүхдүүдээ хүмүүжүүлэх энэ жишгийг АНУ-ын бусад IT-компанийн удирдлагууд ч гэсэн гэртээ хэрэгжүүлдэг ажээ. Тодруулбал, Стиб Жобс болон Крис Андерсон нар хүүхдүүдээ ухаалаг технологид дотносохоос сэргийлэх арга хэмжээ авдаг юм байна. Тэд хүүхдүүддээ уран зохиол, түүхийн тухай ярьж өгч, тэдэнтэй санал бодлоо уралдуулах жишгээр хүмүүжүүлдэг гэнэ. Учир нь, IT-компанийн удирдлагууд ухаалаг утасны хэрэглээ хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг хамгаас сайн мэддэг хүмүүс билээ.
Хүүхдүүдийн ухаалаг утасны хэрэглээг хязгаарлах нь тэд тогтсон цагтаа, тайван унтах боломж олгодог ашиг тустай гэж Билл Гейтс "The Mirror” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Билл Гейтсийн хүүхдүүд
Билл Гейтсийн хүүхдүүд
Билл Гейтсийн гэр бүл Вашингтон мужийн Сиэтл хотоос холгүй Медина нуурын эрэг дээр амьдардаг. Тэд хүүхдүүдээ энгийн хүмүүжлийг олгохыг хүсдэг гэжээ. Тухайлбал, Гейтсийн хүүхдүүд гэрээ цэвэрлэснийхээ төлөө эцэг эхээсээ халаасны мөнгө авах эрхтэй болдог юм байна.
Үүнээс гадна Билл Гейтс өөрийн хөрөнгө хүүхдүүддээ өв залгамжлуулахгүй гэдгээ мэдэгдсэн. Түүний хөрөнгийн ихэнх хувь нь хүмүүнлэг буяны үйл ажиллагаанд зарцуулагдана. Ингэх болсон шалтгаан нь хүүхэд хүмүүжүүлэх аргатай нь холбоотой ажээ. Учир нь, Гейтс хүүхдүүд нь бие дааж өөрт тулгамдсан асуудал тэр дундаа санхүүгийн асуудлаа өөрөө л шийдэж сурах хэрэгтэй гэж үздэг нэгэн юм байна. Үүний тулд олон жил шаргуу хөдөлмөрлөх ёстой. Хүн ажлыг голдоггүй. Ажил хүнийг голдог. Түргэн хоолны захиалга авч байсан ч та толгой эргэм амжилтад хүрэх боломжтой гэсэн зарчмаар хүүхдүүдээ хүмүүжүүлдэг юм байна.Юутай ч тэр бэлэнчлэх сэтгэлгээнээс үр удмаа хол байлгахыг илүүд үзжээ, шудрага дайчин өөрийнхөөрөө амьдарч бүтээ гэсэн дүрэмээр хүмүүжүүлдэг байна.