|

Эрх баригчид Рио Тинтогийн өмнө ЭЭЛЖИТ БУУЛТ-аа хийх үү?

Эрх баригчид Рио Тинтогийн өмнө ЭЭЛЖИТ БУУЛТ-аа хийх үү?

 

Манай улс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах асуудал дахиад л хүлээлгийн өрөөндөө үлдлээ. Үндэс шалтгаан нь  манай улстөрчид Оюутолгой төслийн  гүйлгээг дотоодын банкнуудаар дамжуулах ёстой гэж үзсэнтэй холбоотой талаар манай хэвлэлүүд хэдэн өдрийн өмнөөс угтаж бичсэн гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Ямартай ч тэгээд сангийн хөтөлбөрүүдийг угтаж шийдвэрлэсэн зарим  татварын нэмэгдлүүд өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байгаа. Харин ОУВС  манай улсад Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэх байсан ч хойшлуулчихлаа. МАН-ын Удирдах зөвлөл шийдвэр дээрээ бат зогсож байгаа гэх. Тэгэхээр талууд цаашид хэрхэн ойлголцох вэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм.

Хөрөнгө оруулагчдад таатай бус заалт яваад байна гэдгийг ОУВС-гийн зүгээс өмнө нь анхааруулсан. Гэхдээ эрх баригчид өөрсдийнхөөрөө шийдвэрлэсэн. Ер нь бол Рио Тинтогийн зүгээс ОУВС-аар дамжуулан бидэнд шахалт үзүүлж байгаа хэрэг юм.

Үнэндээ Рио Тинто бидэнд эхнээсээ л шахаа үзүүлж ирсэн. Оюутолгойн менежмэнтийн эрхийг экс Айвенхоу Майнзаас тун нарийн төлөвлөгөөний дагуу авсан Рио Тинто хоёр дахь шатны төслөө санхүүжүүлэхийн тулд дэлхийн 15 санхүүгийн байгууллагатай зээлийн урьдчилсан гэрээг байгуулж байх үедээ  Монголын Засгийн газраар зээлийн баталгаа гаргуулах гэж санал тавьж байв. Энэ бол Рио Тинтогийн бодлоготой шахаа байсан юм. Тухайн үед Рио Тинто зөвхөн Оюутолгойгоор зогсохгүй бусад төслүүдээ урагшлуулахын тулд өмнө авсан зээлээ дахин санхүүжүүлэх шаардлага гараад байсан. Томоохон төслүүдийг босгох санхүүжилтийг зээлээр босгох нь бизнесийн хувьд эрүүл үзэгдэл ч, манайхтай хэт давуу байдлаар харьцаж ирсэн  Рио Тинто өөрсдөд нь тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэхийн тулд эхнээсээ л бидэнд шахаа үзүүлж ирсэн.

Одоо тэгээд төслийн гүйлгээ, мөнгөн урсгалыг дотоодын банкуудаар дамжуулах гэхээр буруу хараад бусдаар биднийг дарамтлуулаад байж байна.  Эргэн санахад,    "Оюутолгой” төслийн анхны хөрөнгө оруулалтын  зардлын үзүүлэлтүүдийн 80 орчим хувь нь төлөвлөснөөсөө хэтэрсэн байдаг. Манайхтай зоргоороо зөрөлддөг "Рио Тинто”-гийн захирлуудын нэг нь  "Танай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар чинь төслийг дэмжих байр сууриа ингэж өөрчилж байгаа бол цаашид "Рио Тинто” танайд нэг ч ам.доллар нэмж оруулахгүй. Өнөөг хүртэл оруулсан хөрөнгөө хамгаалах горимд шилжинэ. Би амьдралдаа найман жилийн өмнө хүүгээ алдахдаа л ингэж гутарч, итгэл алдарч байсан” хэмээн ярьж байж билээ. Тэгээд дараахан нь засгийн газар буугаад өгсөн түүх бидэнд бий.

Тэгвэл энэ удаа Рио Тинтогийн өмнө эрх баригчид ээлжит буултаа хийх үү гэдэг асуудал анхаарал татаж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн