|

Гарцаагүй ганц нь Х.Баттулга уу?!

Гарцаагүй ганц нь Х.Баттулга уу?!

 

-Хамгийн өндөр саналыг, авсан 2-3 хүнийг Их хурлаараа оруулж, нууц санал хураалтаар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулахаар тохиролцсон зарчмаар бол маргааш болох АН-ын VIII Их хурлаар хамгийн өндөр саналыг авсан Х.Баттулга, Р.Амаржаргал хоёрын дунд гол өрсөлдөөн өрнөх байв. Гэхдээ АН-ын дарга С.Эрдэнэ намын дүрмийн дагуу Х.Баттулгын нэрийг Их хуралдаа өргөн мэдүүлж, баталгаажуулахаар болсноо өчигдөр мэдэгдсэн юм-

Ардчилсан намыг төлөөлж Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийн нэр хоёр хоногийн өмнө тодорлоо. Ардчилсан зарчмыг баримталж нэр дэвшигчээ тодруулсан гэх тус намын дотоод сунгаа буюу намаа төлөөлж Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхийн төлөө Р.Амаржаргал, Н.Алтанхуяг, Х.Баттулга, Л.Болд, Д.Дорлигжав, Б.Жаргалсайхан гэсэн зургаан хүн нэр дэвшин өрсөлдсөнөөс "Женко" Х.Баттулга ялалт байгуулсан юм.

Харин түүний араас хэдхэн онооны зөрүүтэй Р.Амаржаргал удаалсан билээ. Өөрөөр хэлбэл,"Женко" Х.Баттулга нийт гишүүдийнхээ 29 хувь, харин Р.Амаржаргал 28 хувийн саналыг авчээ. Ганцхан хувийн саналаар өвдөг шороодсон Р.Амаржаргалын хувьд ялалт байгуулах магадлал өндөр хэмээн яригдаж байсан ч эцсийн мөчид ялагдал хүлээхэд "Женко" Х.Баттулгын гишүүдийнхээ саналыг мөнгөөр худалдаж авсан үйл явц нөлөөлсөн гэж үзэх олон хүн байна. Түүнчлэн бусад өрсөлдөгчид санал хуваах үндэслэл ч бодитой байв.

"Женко"-г намын гишүүдийнхээ саналыг мөнгөөр худалдаж авсан талаар журмын нөхөд нь ярьж байна. Энэ "бохир” арга "амжилттай” хэрэгжих нэг нөхцөл байсан. Юу гэхээр бүтэн 20 гаруй жил намдаа зүтгэсэн, өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй нөхдөө тоглоомоос шахаж гаргасантай холбоотой гэх. Учир нь, АН-ын шат, шатны дотоод сонгууль өнгөрсөн хугацаанд болж 21 аймаг, есөн дүүрэг, 338 сумын намын дарга, 152 хорооны үүрийн дарга, намын удирдах байгууллага, намын хорооны гишүүдээ сонгосон билээ.

Ингэхдээ тэнд өөрсдийн гэсэн итгэл үнэмшилтэй ч зарласан дэнчинг төлөх бэлгүй хуучин зүтгэлтнүүдээ шахан гаргаж, улс төрийг мөнгөөр хэмждэг намынхаа төлөө 20 жил байтугай хоёр жил ч зүтгэж үзээгүй нөхдийг сонгосон нь саналыг мөнгөөр худалдаж авахад хялбаршуулжээ. 

Харин АН-ын дарга С.Эрдэнэ энэ удаагийн дотоод сунгаандаа өөрийн фракц болох "шонхор"-ынхондоо Р.Амаржаргалыг дэмжиж ажиллахыг чиглэл болгосон гэх. Гэхдээ тэрбээр дотоод сунгаандаа хоёр ч хүнийг дэмжиж, хос морьтой оролцсон талаар эх сурвалж егүүлэв. Дотоод санал асуулгын дүн гарсны маргааш С.Эрдэнэ намын даргын хувиар сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ эргэлзэх юмгүйгээр "Х.Баттулга яллаа” гэж мэдэгдсэнээс үзвэл нөгөөх хос морь нь "Женко" байж таарна.

Уг нь, мань эр өнгөрсөн хугацаанд дээрх нэр дэвшигчидтэйгээ дотоод сунгаагаа ямар зарчмаар хэрхэн явуулахаа ярилцахдаа намын гишүүдээс хамгийн өндөр саналыг авсан 2-3 хүнийг VIII Их хурлаараа оруулж, нууц санал хураалтаар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулахаа тохиролцсон байдаг. Хэрэв энэ зарчмаар бол маргааш болох АН-ын VIII Их хурлаар хамгийн өндөр саналыг авсан Х.Баттулга, Р.Амаржаргал хоёрын дунд гол өрсөлдөөн өрнөх байв. Гэхдээ АН-ын дарга С.Эрдэнэ намын дүрмийн дагуу Х.Баттулгын нэрийг маргааш VIII Их хуралдаа өргөн мэдүүлж, баталгаажуулахаар болсноо өчигдөр мэдэгдсэн юм.

Тэрбээр энэ үеэрээ "Нийт 180 мянган бүртгэлтэй гишүүнээс саналын эрхтэй 132 мянган гишүүн оролцлоо. Ирц 60 гаруй хувьтай байсан. Зарим газарт байгаль, цаг уурын нөхцөл нөлөөлсөн. Гэхдээ ирц хангалттай байлаа. Санал асуулгын хувьд үндсэн дүрэм зөрчсөн маргаан бага гарсан" хэмээн санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэв. Эсрэгээрээ дотоод сунгаандаа өвдөг шороодсон нөхөд Х.Баттулгын ялалтыг хүлээн зөвшөөрөхгүй яваа сурагтай.

Учир нь, АН-ын дарга С.Эрдэнэ өчигдөр мэдээлэл хийхдээ бүх нэр дэвшигчээ хэвлэлийн хуралдаа хүрэлцэн ирэхийг урьсан ч тэдний нэг нь ч ирээгүй байна. Товчхондоо, "Женко"-гийн ялалтыг намын дарга нь хүлээн зөвшөөрсөн ч өрсөлдөгчид нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан гэхээр.

Хэрэв Х.Баттулга энэ чигээрээ Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдвөл намынх нь тэн хагас нь ирэх зургаадугаар сард болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд хүч нэмж ажиллахгүй байх магадлал өндөр аж. Энэ нь мань эрийг дотоод сунгаагаа мөнгөөр "зодож", намынхаа гишүүдийн саналыг худалдаж авсан гэх яриатай холбоотой байхыг үгүйсгэхгүй.

Тэгээд ч УИХ-ын гишүүн асан Х.Баттулгыг АТГ-аас сэжигтнээр татчихсан байгаа. Түүнийг хэд, хэдэн хэрэгт холбогдуулан өнгөрсөн хугацаанд байцаалт авч, яллагдагчаар тооцон шалгаж байгаа билээ.

Хууль, эрх зүйн талаасаа яллагдагчаар татагдсан хүн ирэх Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөх эрхтэй эсэх нь эргэлзээтэй. Гэвч олон нийтийн зүгээс ирээдүйн төрийн тэргүүнийг тулхтай, туршлагатай төрийн хар хүн байх шаардлагыг тавьж байгаа бөгөөд хамгийн гол нь нэр цэвэр нэгэн байх ёстой гэж үзэж буй.

Хуульд зааснаар парламентад суудалтай гурван том нам болох MAH, AH, МАХН-ынхан маргааш гэхэд нэр дэвшигчээ эцсийн байдлаар батламжлах ёстой. Яах вэ, дотоод сунгаанаасаа АН-аас "Женко" Х.Баттулга гараад ирдэг юм байж. Гэтэл яг цаг нь тулаад нэрийг нь батламжлах гэтэл СЕХ-ноос дээрх шалтгааны улмаас нэр дэвшүүлэхээс татгалзсан хариуг егвөл яах билээ