Эдийн засаг хямарч, наашаа харсан бүхнээс зээл тусламж гуйн бадар барьж байгаа энэ цаг үед Монгол Улсын ээлжит сонгуулийг бага зардлаар зохион байгуулж яагаад болохгүй гэж. Хэдхэн сарын өмнө Сангийн сайд данс нь улайсан улс орон хүлээж авлаа, Монгол Улсын гадаад өр 2016 оны есдүгээр сарын байдлаар 21 тэрбум ам.доллар. 2017 оны гуравдугаар сараас Хөгжлийн банкны 600 сая ам. долларын өрийг төлж эхэлнэ хэмээн мэдэгдэл хийж ард түмнийхээ үнхэлцгийг хагалах шахаж байсан биш билүү. Гэтэл одоо тэрбум, тэрбум төгрөгөөр сонгууль хийхээр болчихсон давхилдаж явах юм.
Ерөнхийлөгчийн ээлжит сонгуультай холбогдуулан Ерөнхий аудит Д.Хүрэлбаатарын гаргасан тушаалд дурдсанаар улс төрийн нам, эвслээс гарах зардлын дээд хэмжээг 6.8 тэрбум төгрөг, нэр дэвшигчээс гарах зардлын дээд хэмжээг 3.9 тэрбум төгрөг гэж тогтоожээ. Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд улс төрийн гурван намаас тус бүр нэг хүн нэр дэвшиж буй.
Эдгээр гурван намын хоёр нь эдийн засгийн хувьд түүртээд байхааргүй. Эрх барьж байгаагийн хувьд МАН энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд айхгүй нь ойлгомжтой. УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчид хийгээд албан тушаал горилогсдоосоо хандив цуглуулсан гэдгийг нь ч ард түмэн мэдэж байгаа. Одоо түүнийгээ гаргах биз. Үнэн хэрэгтээ 6.8 тэрбум төгрөг гэдэг бага мөнгө биш. Гурван намын мөнгө нийлээд 20.4 тэрбум төгрөг. Ийм хэмжээний мөнгийг улсын төсөвт нийлүүлэх гэж зарим аймгийн Засаг дарга нар үсээ зулгааж буй. Бас үүнээс ч бага мөнгөөр жилийн турш ажиллаж амьдардаг аймаг Монголд нэлээд хэд бий.
...Бэл бэнчинтэй зарим нь нэг багийн сонгогчдын саналыг худалдаж авах зардлыг тань даая гээд харайлгаж яваа ч байж мэднэ. Тэгэхээр нэг нэр дэвшигчээс гарах зардал арван тэрбумаас хол давах нь дамжиггүй. Сүүлийн жилүүдэд бүхий л сонгууль мөнгөнийх болж хувирсан. Тэгэхээр монголчууд ийм их хэмжээний мөнгөөр тав дахь Ерөнхийлөгчийг сонгож таарах нь...
Дээр нь гурван нэр дэвшигчийн 11.7 тэрбум төгрөгийг нэмэхээр 32.1 тэр бум төгрөг болно. Аагаа багтааж ядсанд нь 3.9 бус 9.3 тэрбум төгрөг ч юу ч биш санагдаж байж мэднэ. Сонгуулийн өмнөх болоод сонгуулийн өдөр нэр дэвшигчийн саналыг дор хаяж шил архи 30 мянган төгрөгөөр худалдаж авч таарна. Өмнөх УИХ-ын сонгуульд ийм тохиолдол хэдэн арваараа илэрсэн.
Цаг тулахаар микро микроор нь хүнээ зөөж, зөөх замдаа мөнгөө тараадаг. Энэ бүх хууль бус үйлдэлд хэдэн арван сая төгрөгийг зарцуулна. Нэр дэвшигчид ч аль хэдийнэ тооцож, түүнд зориулсан мөнгийг цүнхний буландаа хийж л таараа. Бас нэр дэвшигчдэд тал засч, албан тушаал горилсон салбадай нар хандив өргөж, хэдэн цаас сарвайцгаах нь бий.
Бэл бэнчинтэй зарим нь нэг багийн сонгогчдын саналыг худалдаж авах зардлыг тань даая гээд харайлгаж яваа ч байж мэднэ. Тэгэхээр нэг нэр дэвшигчээс гарах зардал арван тэрбумаас хол давах нь дамжиггүй. Сүүлийн жилүүдэд бүхий л сонгууль мөнгөнийх болж хувирсан. Тэгэхээр монголчууд ийм их хэмжээний мөнгөөр тав дахь Ерөнхийлөгчийг сонгож таарах нь.
Хатуу хэлэхэд, сонгууль нэрээр салхинд хийсгэж орхих гээд байна. Харин сонгуульд зарцуулахаар төсөвлөсөн мөнгө хааш оддог вэ гэвэл мэдээж ихэнх нь сурталчилгаа болон тараах материалын хэвлэлт, шатахуунд урсч оддог. Тун бага хувь нь тойргийн хороо, хэсэгт ажилладаг ухуулагч нарын хөдөлмөрийн хөлст шингэдэг. Ялагдал хүлээсэн нэг нь мөнгөтэй хэрнээ, мөнгөгүй мурьсан тохиолдол сонгууль бүрт гардаг атлаа халаасалж амжсан мөнгөө сонгуульд зарцуулсан байдлаар тайланд тусгаж, төрийг хуурдаг. Тайлан бол цаас. Сүүхээтэйхэн нягтлан бодогч Ерөнхий аудитын тогтоосон үнийн дүнд тааруулсан тайланг гаргаж чадна.
Хүн ам цөөн, сонгогчдын бүхий л мэдээлэл цахимжсан, иргэд нь сонгууль өгөөд сурчихсан ийм нөхцөлд улс төрийн нам, нэр дэвшигч энэ тэр гэлгүйгээр нийт зардлын хэмжээг 6.8 тэрбум төгрөгт багтааж яагаад болохгүй гэж. Ингэж чадах аваас хорь гаруй тэрбум төгрөгөөр орон сууцны иж бүрэн хороолол хоёрыг, нялхаст зориулсан халдвартын эмнэлэг эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан ерөнхий боловсролын сургуулийг хэд хэдэн аймагт барьж ашиглалтад оруулж болно шүү дээ.
Ч.Чулуунцэцэг