Бие, биенийхээ нэр төрд халдаж байна
Сонгуулийн үйл явц ингэж бохирдож байгаагийн шалтгаан мэдээж цахим ертөнц буюу нийгмийн сүлжээ. Төлбөртэй жиргээчид, комментчид иргэдийн тархийг угаахын тулд аль байдаг жигшин зэвүүцдэг сэдвүүдийг нэр дэвшигчидтэй холбож, түүгээр ч барахгүй өөрийн нэр төр, гэр бүлийн аюулгүй байдалд заналхийлж байна. Уг нь хэн нэгний нэр төрд санаатай халдах зорилгоор зарын болон бусад төрлийн вэб сайтуудад худал мэдээлэл тарааж хүний эрх, эрх чөлөө, алдар хүнд, нэр төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн бол Монгол улсын Эрүүгийн хуулийн 110 дугаар зүйл "Доромжлох" 110.1.Бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. Хэрэв гүтгэсэн бол: 111 дүгээр зүйл "Гүтгэх" 111.1.Хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэдэг хуультай. Гэвч хууль ёсыг ч үл огоорон гүтгэх, бусдын нэр төрд халдах явдал гарсаар байгаа нь албан тушаалын төлөөх дайн хэр хурцдаж, амиа өгөхөөс ч буцахгүй байгааг итгэх шиг. Уг нь энэ чинь зөвхөн сонгууль, сонголт хийх эрх шүүдээ.
Нэр дэвшигчид "хужаа”
Энэ төрлийн ухуулга бараг л сонгууль болгоноор гардаг. Улиг болсон энэ явуулга хамгийн харамсалтай нь Ерөнхийлөгчийн сонгуулиар улам идэвхждэг гэж болно. Учир нь өнөөгийн нийгмийн байдал, техник, текнологийн дэвшилд нэг, хоёр хүнийг хятад, эрлийз, хурлийз болгох шиг амархан зүйл үгүй. Хамгийн наад зах нь гарал үүслийн нэг бичгийг л гаргацтай нь аргагүй хятад руу "хөрвүүлчихэд” л болоод явчихна. Ямар сайндаа л "Та хэдэн хувийн цэвэр цустай вэ, Таны найз нарын хэд нь цэвэр цустай Монгол вэ”, "Миний хужаа нэр” гэх хошин ч гэмээр юм уу хоржоонтой "зугаанууд” цахимд олшрохов. Зарим нэг нь иймэрхүү "зугаанд” итгэчихсэн "Бүгд худлаа байна, миний найзуудын 50 хувь хужаа биш, сайн мэдэж байна” гэх сэтгэгдэл үлдээчихсэн байхыг харахад өнөөдөр Монгол Улсад монгол хүн байхгүй болжээ. Эгээтээ л хар багийн найзаа хужаа эрлийзээр нь дуудах нь холгүй байна. Үнэндээ Монгол Улсыг удирдах хүмүүн нь монгол хүн байх ёстой ч энэ мэтийн бүдүүлэг туйшралаар иргэдийг залхаах хэнд ашигтай гэж. Цаашлаад хужаа гэж гүтгээд тусыг эс олбол хятад талын хүн, хятадад элэгтэй, хятад найзуудтай гэж нэг гүрдэнэ. Бид хэзээ хятад үндэстнээр айлгахгүйгээр сонгуулиа явуулж сурах вэ. манай улс ардчилсан нийгэмд шилжээд 20 гаруй жилийг ардаа үдэж байна. Хүнээр бол эрийн цээнд хүрсэн. Гэтэл наад захын сонгуулиараа ч зөв, шударга өрсөлдөж чадахгүй байсаар дөрөв дөрвөн жилийг ард үдсээр байх уу. Хужаа гэх гүтгэлэг хүмүүсийн тэвчээрийг барж байна.