Дархан-Уул аймгийн Монгол Ардын Намын хорооноос 2016 оны орон нутгийн сонгуульд "Дарханы хөгжил - Бидний ирээдүй” уриатай 9 эрдэнийн мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж, иргэд, олон нийтийн санал бодлыг сонсож Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлж ажилласнаар 300 хоногийг үджээ. Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, аймгийн ЗДТГ хамтран, "Иргэний танхим сонсож байна” явуулын хэлэлцүүлгийг 6 дугаар сарын 02-16-ны өдрүүдэд Дархан сумын багуудад хэсэгчлэн зохион байгуулж байна. Дархан сумын 6, 7, 8 дугаар багийн иргэдийн дунд зохион байгуулсан өнөөдрийн /2017.06.07 хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга С.Насанбат оролцож, өнгөрсөн 300 хоногт аймгийн хэмжээнд хийж хэрэгжүүлсэн ажлуудаа танилцуулж, иргэдийн санал бодол, тулгамдаж буй асуудлуудыг сонссон юм. Иргэдийн зүгээс Дархан сумын 1, 2, 3, 7, 8 дугаар багуудын нутаг дэвсгэрт хийгдсэн авто замын ажлууд, шинэ хуучин Дарханыг холбосон 2.4 км автозамыг ашиглалтад оруулсан, алслагдсан гэр хорооллуудад хүүхдийн автобусны үйлчилгээ нэвтрүүлсэн зэрэгт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа. Харин цаашид архи согтууруулах ундаагаар үйлчилдэг цэгийн тоог цөөрүүлэх, архидалтыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, гэр хороололд хог ачилтыг сайжруулах, халуун усны газар байгуулахад түлхүү анхаарлаа хандуулж ажиллахыг хүсэж байлаа. Хэдийгээр улс орон эдийн засгийн хүндрэлтэй байгаа ч орон нутагт иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг сайжруулахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлогыг баримталж, эрүүл мэнд, боловсрол, дэд бүтцийн салбарт томоохон хөрөнгө оруулалтыг хийснээ аймгийн Засаг дарга С.Насанбат тайлбарлан ярилаа. Ийнхүү хийж хэрэгжүүлсэн ажлуудын талаар иргэдээс өгч буй үнэлгээ дүгнэлтийг сонсож, тэдний зүгээс тавьсан санал хүсэлт, тулгамдаж буй асуудлуудад аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлагийн удирдлагууд, газар дээр нь хариулт өгч, тодорхой саналуудыг ажил хэрэгтээ тусган ажиллахаар боллоо. Мөн тухайн багуудаас сонгогдсон аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид иргэдээ сонсож оролцлоо.
М.ГҮНЖИЛХАМ