Дархан-Уул амгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхимын ээлжит нээлттэй хэлэлцүүлэг Хонгор сумын Салхит багт болов. Аймгийн ИТХ болон Засаг даргын шийдвэрт иргэдийн гаргасан саналыг тусгахын зэрэгцээ төр захиргааны байгууллагаас хэрэгжүүлж буй бодлого, шинээр гарсан хууль тогтоомжийн тухай мэдээ мэдээллийг хүргэх зорилгоор нээлттэй хэлэлцүүлгийг хийж иржээ.
Хонгор сум нь засаг захиргааны нэгжийн хувьд гурван багтай. 5796 хүн амтай, аймгийн газар нутгийн 77 хувийг эзэлдэг, 31,2 мянган га тариалангийн эргэлтийн талбайтай, 103,9 мянган толгой малтай, Улаанбаатар, Сэлэнгийн авто зам, Замын-Үүд Сүхбаатар хотыг холбосон төмөр замын зангилаанд оршдог байршлын хувьд өвөрмөц онцлогтой эдийн засгийн хөгжлийн дэд бүтэц сайтай сум юм. Тус суманд зохион байгуулагдсан хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Засаг дарга А.Энхболд болон аймгийн ЗДТГ-ын харьяа хэлтэс, агентлагийн удирдлагууд, тус сумаас сонгогдсон иргэдийн төлөөлөгч Н.Мөнхдаш нар оролцов.
Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхимын нээлттэй хэлэлцүүлгийг энэ удаа аймгийн төвөөс алслагдсан суманд газар дээр ирж байгаад Хонгор сумын иргэд талархаж тулгамдсан асуудлаа аймгийн удирдлагуудад танилцууллаа. Тухайлбал: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын удирдлагуудтай уулзаж хилийн цэсийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарах, Хонгор сумын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх үүнд: сумын Цагдаагийн хэсгийн байрны засвар, төвийн төвлөрсөн цэвэр ус, бохирын хос шугамын өргөтгөл, Соёлын төвийн дээврийн засвар, техник хэрэгслийн шинэчлэл. Мөн сумын ойн ангийн төсөв болон ажилчдын цалингийн асуудлыг шийдвэрлэх, ахуйн хог хаягдлыг зөөж тээвэрлэхгүйгээр шууд шатааж байгааг зогсоох зэрэг олон асуудлыг хөндөж ярилаа.
Мөн Хонгор сумын 14 дүгээр сургуулийн захирал Б.Төгсжавхлант сумын болон аймгийн удирдлагуудад хандаж сурагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс "Сургууль орчмын аюулгүй бүс” байгуулах санал гаргав. Хонгор-Дархан сумын хооронд зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг компани зорчигч тээврийн үнийг нэмэгдүүлсэн нь Хонгор сумын иргэдэд ихээхэн хүндрэл учруулж байгаа талаар тус сумын иргэдээс удаа дараа гомдол хүсэлт тавьж байжээ. Аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, аймгийн Авто Тээврийн газрын дарга О.Цолмон нар уг хүсэлтийг судлаж зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг "Бидний эрч хүч” нөхөрлөлд хандаж үнэ тарифыг нь хямдруулах шаардлагыг хүргүүлснээр энэ сарын 21-нээсс эхлэж Хонгор сумын "Соёлын төв”-өөс Дархан сумын "Шинэ зах” хүртэл 2000 төгрөгөөр үйлчлэхээр болж асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн нь иргэдийн талархалыг хүлээлээ. Ийнхүү "Иргэний танхим сонсож байна” нээлттэй хэлэлцүүлэг бусад сумдад үргэлжлэн явагдах бөгөөд энэ сарын 23-нд Орхон суманд болно гэж аймгийн Иргэний Танхимын мэдээллийн ажилтан Ц.Болорцэцэг ярилаа.
Б.Норовсамбуу