5 дугаар сарын сүүлчээр Ракка хотын өмнөд хэсэгт Оросын цэргийн нисэх хүчин цохилт өгөх үеэр "Лалын улс” бүлэглэлийн толгойлогч Ибрагим Абу Бакра аль-Багдади амиа алдсан гэх мэдээллийг ОХУ-ын Батлан хамгаалах яам шалгаж байгаа аж.
Тус яамны мэдээлснээр, 5 дугаар сарын 28-ны шөнө "Лалын улс" бүлэглэлийн толгойлогчдын зөвлөгөөн болж байсан командын байр руу чиглүүлэн цохилт өгсөн байна. Зөвлөгөөний үеэр Ракка хотоос зэвсэгт этгээдүүдийг өмнөд коридороор дамжуулан гаргах талаар ярилцаж байжээ.
"Уг зөвлөгөөнд "Лалын улс" бүлэглэлийн толгойлогч Ибрагим Абу Бакра аль-Багдади оролцож байсан бөгөөд янз бүрийн сувгаар шалгасан мэдээллээс үзвэл, тэрбээр агаарын цохилтонд өртөн амиа алдсан” гэж Оросын Батлан хамгаалах яамны мэдээлэлд дурдсан байна.
Үүнээс өмнө "Лалын улс” бүлэглэлийн толгойлогч амь үрэгдсэн тухай АНУ-ын Зэвсэгт хүчний төлөөлөгчид нэг бус удаа мэдээлж байсан боловч хожим нь аль Багдади өөрийн талынхандаа хандан уриалга гаргаж буйг харуулсан дүрс бичлэг гарснаар ташаа мэдээлэл байсан нь тогтоогджээ.