|

Аймгийн төвийн айл өрхийн шөнийн цахилгааны хэрэглээг 50 хувь хөнгөлнө


Аймгийн төвийн айл өрхийн шөнийн цахилгааны хэрэглээг 50 хувь хөнгөлнө

Засгийн газрын хуралдаан 2017.07.04-ний өдөр болж агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 'Гэр хорооллын айл өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг хэлэлцэж, шинэчлэн баталлаа.

Шинэчлэгдэн батлагдсан журмын дагуу халаалтын улиралд Нийслэлийн гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь, аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхийн орой, шөнө хэрэглэсэн цахилгааныг 50 хувь хөнгөлөхөөр боллоо.

Өмнө нь зөвхөн Нийслэл болон төвийн бүсийн айл өрхүүд цахилгааны хөнгөлөлтөд хамрагддаг байсан бол энэ журам хэрэгжиж эхэлснээр Улаанбаатар хот, 21 аймгийн төв, Сэлэнгэ аймгийн Мандал /Зүүнхараа/, Ховд аймгийн Булган, Өвөрхангай аймгийн Хархорин, Дорноговь аймгийн Замын–Үүд, Налайх, Багануур зэрэг 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрууд хамрагдах боломжтой болж байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд гэр хорооллын 140 гаруй мянган айл өрх халаалтын улиралд шөнө хэрэглэсэн цахилгааны төлбөрөө 100-50 хувь хүртэл хөнгөлүүлэх урьдчилсан тооцоо гарчээ. Засгийн газраас шинээр баталсан журмын дагуу 2017-2018 онд гэр хорооллын айл өрхийн цахилгааны орой, шөнийн тарифын хөнгөлөлтийг мөрдөх хугацаа, хөнгөлөлтөд хамрагдах цахилгааны хэрэглээний дээд хязгаарыг цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний хүчин чадал, техникийн боломжоос хамааруулж Эрчим хүчний зохицуулах хороо тогтоосон байна.

Эрчим хүчний сайд П.Ганхүү "Засгийн газраас 'Гэр хорооллын айл өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг шинэчлэн батласнаар Нийслэлээс гадна бүх аймгийн төв, томоохон сум, суурин газрын хэрэглэгчид шөнийн тарифын хөнгөлөлт эдлэх боломж бүрдэж байна. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллын айл өрхийн шөнийн тарифыг хөнгөлөх шийдвэрийг анх удаа долдугаар сард гаргалаа. Ингэснээр хэрэглэгчид өвлийн бэлтгэлээ базаах, цахилгаанаар халаалтын асуудлаа эртнээс шийдэх бүрэн боломж бүрдэж байгаа юм” гэжээ.