Монголын зохиолчдын эвлэл үүсэн байгуулагдсан өдөр буюу нийт зохиолч, яруу найрагчдын баярын өдөр болох гэж байна. Тэр тусмаа оны шилдэг бүтээл шалгаруулах "Алтан-Өд”, мөн шилдэг шүлэг шалгаруулах "Болор цом” наадмууд дөхөж буй.
Тийм ч утгаараа манай сонины редакцид ард олны хүсэн хүлээдэг энэ наадмууд хэзээ болох, хэрхэн яах тухай уншигчдын хүсэлт олноор ирсэн билээ. Тиймээс энэ тухайд Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал, "Болор цом”-ын эзэн яруу найрагч Г.Мөнхцэцэгээс тодруулсан юм.
-Олны хүсэн хүлээдэг "Алтан-Өд”, "Болор цом” наадмыг хэзээ хэрхэн болох тухай хүлээлт үүсээд байна. Энэ тухай тодруулахгүй юу?
-Сүүлийн хэдэн жил "Болор цом” наадам хөдөө орон нутагт зохион байгуулагдсан. Харин энэ удаад нийслэлд зохион байгуулахаар товоо гаргаад байна. Ер нь "Болор цом” наадмыг хөдөө орон нутагт зохион байгуулахын ашиг тус нь юу юм гэхээр хөдөөгийн уншигчид төдийлөн сошиал ертөнцөөр "Болор цом” наадмыг үзээд байж чаддаггүй. Нөгөө талаар ном сонин хүрэхдээ бага.
Хөдөөгийн малчдад бол сонгуулийн сэтгүүл сонин очихоос нэг их хэтрэхгүй, унших зүйл бага. Тиймээс уран зохиолыг түгээх дэлгэрүүлэх үүднээс бид хөдөө орон нутгийг нэлээд зорилоо. Хөдөө хийхдээ "Болор цом”-д шалгарч үлдсэн хэдхэн яруу найрагчдын бүтээлийг уншуулахдаа гол нь биш, давхар уран үгсийн чуулган гэж хуучин цагт хийж байсан уламжлалаа хадгалж ирсэн.
Үүнийхээ хүрээнд эхний өдөр Ардын уран зохиолчид, "Болор цом”-ын эздийг цуглуулж, уран үсгийн чуулган зохион байгуулж ирлээ. Эртнээс уламжлагдаж ирсэн "Уран үсгийн чуулган”-ыг таслалгүй авч ирлээ гэсэн үг.
Үүнийхээ дараа "Болор цом”-оо зохион байгуулдаг. Ийм л жишгээр уншигч уран бүтээлчдийг уулзуулж ирсэн. Харин энэ жилийн хувьд бол нийслэлдээ хоёрдугаар сарын 2-нд зохион байгуулахаар төлөвлөж байна.
-Энэ жилийн "Болор цом” наадмыг нийслэлд зохион байгуулах нэг шалтгаан нь олон том зохиолчдын насны ой тохиосонтой холбож ярих хүмүүс олон байна. Энэ талаар?
-Ер нь бол жил болгон манай зохиолчдын насны ой тохиодог. Тиймээс бид бичгийн мэргэдийнхээ насны ойд наадмуудаа зориулах зарчмаар тэднийг алдаршуулж ирсэн. Энэ жилийн хувьд ч манай бичгийн мэргэдийн ой тохиож байна.
Тухайлбал, Д.Сэнгээгийн 100, их зохиолч Д.Нацагдоржийн 110 ой тохиож байгаа. Энэ утгаараа "Болор цом”, "Алтан-Өд”, "Утгын чимэг” зэрэг наадмуудыг насны ой нь тохиож байгаа хүмүүсээ алдаршуулах, тэдний нэрэмжит болгох чиглэлээр зохион байгуулна.
-Оны шилдгүүдийг тодруулах наадмын товыг уншигч олон ихээхэн сонирхож байгаа. Энэ тухай тодорхой цаг хугацааг манай уншигчдад хүргэхгүй юу?
-"Алтан-Өд” наадам бол Монголын зохиолчдын гал голомтоо үүсгэн байгуулсан өдөр буюу хоёрдугаар сарын 9-нд болно. Оны шилдэг бүтээлийг долоон төрлөөр шалгаруулж байгаа. Энэ үеэр Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, Монголын зохиолчдын эвлэлийн шагнал, Г.Сэр-Одын нэрэмжит шагнал, "Утга зохиолын төлөө гээд Монголын зохиолчдын эвлэлээс тодруулдаг шагналын эздийг тодруулна.
Үүнээс гадна Монголын зохиолчдын эвлэлийн гишүүнээр хүмүүс элсүүлдэг. Тодорхой авьяастай, Зохиолчдын эвлэлийн гишүүн болоход шаардлага хангасан хүмүүст эвлэлийн батлах гардуулж өгнө гээд өөрөө ийм халуун дулаан баяр болдог. "Алтан-Өд” наадмын бүтээлийг нэлээд эртнээс авч эхэлсэн.
Өнөөдрийн байдлаар 100 гаруй уран бүтээлч бүтээлээ ирүүлсэн. Яруу найраг, жүжиг кино, өгүүлэг гэх зэрэг төрөл тус бүр дээр шалгаруулна. Тиймээс Үндэсний төвүүддээ ирсэн бүтээлийг өгсөн.
Тухайлбал, Яруу найргийн үндэсний төвд яруу найргийн бүтээлээ ирүүлсэн хүмүүсийн бүтээлийг, хүүхдийн зохиолоо ирүүлсэн хүмүүсийн бүтээлийг Хүүхдийн зохиолын үндэсний төвд хянуулж, шүүлгэхээр тус тусад нь өгсөн. Ингээд хоёрдугаар сарын 9-ний өдөр "Алтан-Өд”-ийн эзэд тодорно. "Болор цом” наадам бол хоёрдугаар сарын 2-нд болно. "Утгын чимэг” наадмыг гуравдугаар сард зохион байгуулахаар төлөвлөсөн.
-Удаан хугацаанд хөдөө орон нутагт зохион байгуулагдсан "Болор цом” наадам нийслэлд зохион байгуулагдах гэж байна. Тэгэхээр энэ жилийн наадмын онцлог юу байна?
-Жил жилийн "Болор цом” өөр өөрийн онцлогтой болж ирсэн. Энэ жилийн хувьд нийслэлд зохион байгуулагдах гэж байна. Нийслэлчүүд ч наадмаа санасан байж таарна. Зөвхөн яруу найрагчид шүлгээ уншаад, өөрийнхөө бүтээлийг танилцуулаад зогсохгүй уншигч сонсогчдын эмоциос эхлээд маш олон зүйлийг энэ наадмаас харж болдог.
Мэдээжийн хэрэг манай найрагчид бүтэн жил бэлдсэн, магадгүй урт удаан хугацаанд бэлдсэн шүлгээ уншина. Тэр ч бүү хэл манай нэртэй алдарт яруу найрагчид хүртэл энэ жилийн "Болор цом”-д уралдана гэж сонинд ярилцлага өгч байх жишээтэй.
"Болор цом” бол уралдаан тэмцээн гэхээсээ илүүтэй найрагчдыг уулзуулдаг, тэднийг уншигчтай уулзуулдаг, шинэ бүтээлээ хүргэдэг тийм онцлогтой зүйл.
-Энэ жилийн хувьд "Болор цом” наадам цаг хугацааны хувьд сар шинийн баяр тулж болох юм байна?
-Жилдээ ганц болдог энэ наадам Цагаан сарын баяр дөхүүлж болж байгаа нь бас их онцлогтой. Уншигч үзэгч олон маань хөдөө гадаагүй Цагаан сараар телевизээр боломжийн сайхан зүйл үзэж баярлахыг хүсдэг. Энэхүү хүслийн гол нэг зүйл нь "Болор цом” л байдаг. Тиймээс үүнд ч ач холбогдол өгсөн.
-Өнгөрөгч онд бас нэртэй уран бүтээлчдийн насны ой тохиосон төдийгүй "Утга зохиол, урлаг” сонины ойн баяр боллоо. Энэ бол бас л Зохиолчдын эвлэл өнгөрөгч 2015 онд хийсэн бүтээснээ он цагаар нь дүгнэх нэг шалтгаан болсон байх?
-Үе үеийн уншигчдын оюун санаанд хүндтэй байр суурь эзэлдэг "Утга зохиол урлаг” сонины ойн баяр тохиож энэ хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулагдаж, нийт уран бүтээлчид маань ойгоо халуун дулаан уур амьсгалд тэмдэглэн өнгөрүүллээ. Нөгөө талаар өнгөрөгч 2015 онд нэрт эрдэмтэн зохиолч Б.Ренчиний ой тохиолоо.
Насны ойн хүрээнд бүтээл талд нь түлхүү зүйл хийхийг зорьсон. Энэ хүн эрдэмтэн байхаас гадна зохиолч хүн, Зохиолчдын байгууллагыг удирдаж явсан хүн гэдгийг гаргаж харуулах зөв юм. Сонин хэвлэл гаргахаас эхлээд олон арга хэмжээг зохион байгуулсан. Утга зохиолын дээд сургууль нь Б.Ренчингийн зохиолуудад зориулан эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахын зэрэгцээ уралдаан зарласан.
УИХ-ын гишүүн Н.Батбаяр гурван мөрт шүлгийн уралдааныг гишүүдээс анх удаа зориг гарган хувиасаа зохион байгуулсан. Тус наадмын дүн энэ үеэр гарна. Энэ мэт олон утгаараа нэгдүгээр сарын 9 бол зохиолчдын баярын өдөр байдаг.
-Өнгөрөгч жилүүдэд манай олон уран бүтээлчид Ази бүр цаашлаад дэлхийн хэмжээний наадмаас шагнал хүртсэн. Тэр ч утгаараа Зохиолчдын байгууллага гадаад харилцаагаа өргөжүүлсэн ийм он жилүүд байлаа. Тэгэхээр энэ жилийн болох арга хэмжээнд гаднын зочид ирэх үү?
-Одоогийн байдлаар цаг тулчихлаа. Ер нь бол эдийн засгийн хямрал гэдэг зөвхөн манайд биш дэлхий даяараа л байх шиг. Харин бидний оюун санаа хямарсангүй. Ахуйн хямрал нүүрлэсэн тийм цаг үе байна. Бид нэгдүгээрт цаг хугацаа, хоёрдугаарт энэ бүгдийг харгалзан үзээд зочин урьсангүй, энэ удаад.
Биечлэн ирэхгүй гэсэн үг. Харин баярын цахилгаан мэндчилгээ гээд олон зүйл ирэх нь мэдээжийн хэрэг. Харин ӨвөрМонголын зохиолчид маань "Алтан-Өд” наадам болон Б.Ренчин гуайн нэрэмжит уралдаанд зохиол бүтээлээ олноор ирүүлсэн нь харагдана лээ.
Нэмж хэлэхэд үргэлжилсэн үгийн нэрт мастер С.Дашдооровын 80 насны ойг өнгөрөгч жил зохион байгуулж нэлээд ажлуудыг хийсэн. Энэ ажлын үр дүнг ч энэ үеэр танилцуулна.
С.Ууганбаяр