|

Улаан малгайтнуудын үлгэр


Улаан малгайтнуудын үлгэр
Нийслэлийн МАН-ын дэд дарга М.Ганбаатар улаан малгайтай хэсэг залуучууд дагуулан ирж, Тусгаар тогтнолынхоо ордны үүдэнд суулт зарлав. Тэдний шаардлага тун энгийн. Ерөнхийлөгчийн сонгуульд намаа удирдаж орсон МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг огцруулах шаардлага тавьж байгаад буцлаа. Үүнээс үүдэн улаан малгайтнуудын ард хэн байна гэдэг асуулт өөрийн эрхгүй урган гарч ирэв. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялагдсан. Энэ ялагдал мэдээж олон хүнд гэм шийтгэл болж байгаа бол түүнээс олон хүнд ашиг хонжоо болон харагдаж, харин зарим нь хариуцлагаас мултрах гэж хэр чадлаараа оролдож байна. Тэдний нэг нь Ц.Сандуй тэргүүтэй Нийслэлийн намын хорооны удирдлагууд.  Ерөнхийлөгчийн сонгуульд МАН хамгийн том ялагдлыг Нийслэлд амссан. Нийтдээ 100 гаруй мянган саналаар ялагдаж, М.Энхболдыг унах нүхийг гүнзгий малтаж өгсөн. Хэрвээ Нийслэлд МАН ялсан бол М.Энхболд ялах бүрэн боломж байв. Гэвч Нийслэлийг удирдаж чадаагүй, бас дээр нь "Газрын наймаа”, "60 тэрбумын албан тушаалын наймаа, "Аархал” гэх зэрэг АН-ын гол шүүмжлэлийн бай болсон Нийслэлийн намын хорооныхон хариуцлага хүлээхээс үхтлээ айж байна. Уг нь хамгийн их хариуцлага хүлээх ёстой хүмүүсийн нэг нь өнөөдөр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын суудалд заларч байгаа Ц.Сандуй...УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын хамгийн итгэлтэй хүний нэг гэгддэг энэ эр өнгөрсөн сонгуулийн үеэр 60 тэрбумын тухай ярьж, тэр бичлэгээ алдаж, намынхаа нэрийг шорооотой хутгасан. Тухайн үед тэр ямар ч хариуцлага хүлээгээгүй. Харин ч дарга болж дэвшсэн. Бас түүний нэр байнга газрын наймаатай холбоотой явдаг. Нийслэлийн Газрын албаны даргаар ажиллаж байсан Ц.Сандуй нийслэлийн Барилга хот, байгуулалтын газартай хамтран олгох нэрийдлээр олон тооны газрыг хууль бусаар аж ахуйн нэгжүүдэд өгсөн нь илэрч, түүнийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасагт шалгуулахаар болж байсан цаг саяхан. Энэ үеэр газрын дуудлага худалдааг явуулахдаа үнэ хаялцуулсан гэх боловч анхны үнэ нь огт өсдөггүй, дуудлага худалдааны төлбөр нь өнөөг хүртэл улсад тушаагдаагүй зэрэг олон ноцтой  үйлдэл илэрч байлаа.

Ганцхан жишээ дурьдахад л Ц.Сандуй Монгол Улсад ямар ч бүртгэлгүй байсан Солонгосын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Туул ривер контри сайд” гэх компанид газар олгосныг нь Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс хууль бус гэж тогтоосон байдаг. Мөн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо буюу нэгдүгээр хорооллын 19, 20 дугаар байрны дунд байрлах тоглоомын талбайг 2012 онд иргэн Т.Баасанжавт олгоход Ц.Сандуй, хотын ерөнхий архитектор асан Э.Хүрэлбаатар нар голлох нөлөө үзүүлсэн гэдгийг оршин суугчид бүгд баталдаг. Хүүхдийн тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн зам гээд хавтгай газар болгоныг хашиж, хувийнхаа өмч болгох боломжийг баячуудад олгосон Ц.Сандуй газрын наймаанаас гадна албан тушаалын наймаагаар гаршсан нэгэн гэдгээ нотолж байсан. Үүний горыг өнөөдөр МАН амсаж, Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээгээд байгаа. Тиймээс л тэр хариуцлагаас айж, өөрт нь ашиг их ашиг, эрх мэдэл авчирдаг Нийслэлийг гараасаа алдахыг хүсэхгүй байна. Тиймээс ч Нийслэлийн намын хорооны дэд дарга М.Ганбаатарыгаа улаан малгай өмсгөөд нам руугаа явуулжээ. "Эмээдээ хуушуур аваачиж өг” гээд охиноо чонотой ой руу явуулдаг үлгэрийн баатрын дүрд Ц.Сандуй ийнхүү хувирав.

Улаанмалгайт охины дүрд хувираад байгаа М.Ганбаатар угаасаа жагсаал цуглаан, хэрүүл тэмцлээр мэргэшсэн, ашиг хонжоонд дуртай гэсэн тодотголтой, намынхаа залуусын дунд нэр хүнд, байр суурь тун муутай нэгэн. Полдого гэгч хочтой энэ эрийг Ц.Сандуй өөрийнхөө гар хөл болгож ашиглахдаа зөвхөн хариуцлагыг Д.Амарбаясгаланд үүрүүлээд өөрсдөө бүрэн бүтэн үлдэх зорилго тавьж байгаа бололтой. Гэхдээ тэр өөртэй нь холбоотой  60 тэрбумын албан тушаалын наймаа, газрын наймаа зэрэг том асуудалд олон нийт хариуцлага шаардаж байгааг мартсан уу. Ийнхүү Ц.Сандуйгийн найруулсан "Улаан малгайт” жүжиг Тусгаар тогтнолын ордны үүдэнд нээлтээ хийсэн. Харин үзэгчид одоо Улаанмалгайт чононд идүүлэх үү, чоныг барьж идэх үү гэдгийг харах цаг л үлдэх шив.

 
 
Эх сурвалж: http://power.mn/?eid=4508