|

Бээжингийн бодлого ба металлын зах зээл

Бээжингийн бодлого ба металлын зах зээл

 

ХЯТАДЫН ХУДАЛДААНЫ ИЛҮҮДЭЛ

Худалдааны илүүдлээсээ болж маргалдсаар өдий хүргэсэн АНУ, Хятадын байдал өнгөрсөн долоо хоногийн зах зээлийн уур амьсгалыг тодорхойлов.

Хятадын эскпорт өнгөрсөн сард жилийн эхнээс тооцвол 7.2 хувьд хүрч саарсан байлаа. Энэ нь луунуудын хувьд өнгөрсөн хоёрдугаар сарын 11.3 хувийн үзүүлэлтээс хойшх хамгийн удаан хурд гэж хэлж болохоор байна. Харин худалдааны илүүдэл 46.74 тэрбум ам.долларт хүрсэн нь нэгдүгээр сараас хойшх хамгийн өндөр дүн аж. Өнгөрсөн зургадугаар сарын 42.77 тэрбум "ногоон”-той харьцуулснаар тухайн сард 46.08 тэрбум ам.долларын илүүдэлтэй байна гэж урьдчилан төлөвлөж байжээ.

Зэрэглэл тогтоогч Fitch агентлагаас дэлхийн эдийн засгийн энэ жил болоод ирэх жилийн урьдчилсан төлвийг ахиулсны дараах өдөр нь ийнхүү Хятадын сайнгүй мэдээг зарласнаар Азийн хөрөнгийн зах зээл нам жим байдалд эргэн орсон юм. "Хоёрдугаар улирлын төгсгөлд Хятадын худалдааны өсөлт уруудах төлөвтэй болчихлоо. Ялангуяа жил эхэлснээс хойш импортын өсөлт гэнэт буурсан нь дотоодын эрэлт суларч байгаатай холбоотой” гэж Capital Economics-ийн тайланд дурдаж байжээ.

Хятадын АНУ-тай хийсэн худалдааны илүүдэл өнгөрсөн сард 25.2 тэрбум "ногоон”-д хүрсэн нь өнгөрсөн зургадугаар сарын 25.4 тэрбум ам.долларын дүнгээс бараг өөрчлөгдөөгүй тоо билээ. Гэвч энэ нь 2015 оны аравдугаар сараас хойшхи хамгийн өндөр тоонд тооцогдож байна. Ийм шударга бус худалдааны урсгалыг сааруулахаар америкууд оролддог ч чухам юу хийхээ тодорхой зааг ялгаатай гаргаж чадаагүй өдийг хүргэсэн нь үнэн. 

 

ТӨМРИЙН ХҮДРИЙН ҮНЭ ОГЦОМ ӨСӨВ

Энэ зуур Хятадад төмрийн хүдрийн үнэ дахин хамгийн өндөр үнэд хүрсэн талаар "Mining.com” мэдээллээ.

The Steel Index-ийн тооцооллоор өнгөрсөн пүрэв гаригт хойд Хятадад импортын 62 хувийн төмрийн агууламж бүхий хүдрийн үнэ 1.6 хувиар өсч нэг тонн нь 76.10 ам.доллар болсон байна. Энэ бол өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойшхи хамгийн өндөр үнэ юм. Гангийн түүхий эдийн худалдаа биржүүдэд далайцтай өсч байгаа аж.

Гэвч гангийн худалдаачдыг зовоож буй нэг зүйл нь Бээжин агаарын бохирдолд нөлөөлж буй станцуудын үйл ажиллагааг зогсоох тухай зохицуулалтууд болоод байна. Иймд тус улс өвлийн саруудад энэхүү бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ 50 хувиар бууруулдаг билээ.

Бээжингийн зүгээс дотоодын гангийн үйлдвэрүүдээ нэгтгэх бодлого барьж байгаа юм. Ингэснээр төмрийн хүдрийн зах зээлд ч тодорхой нөлөөллөө үзүүлэх нь дамжиггүй.

Засаг захиргааны удирдагчид нь агаарын бохидлоо бууруулахын тулд хайлуулах станцуудын үйл ажиллагааг хумих чиглэл баримталж байна. Улмаар Хятадын үйлдвэрлэлийн томоохон хэсгийг эзэлдэг энэ салбарын үйлдвэрлэгчид болгоомжлонгуй хандаж байна. Ийнхүү урд хөршид гангийн үйлдвэрлэлийг тойрсон саад цөөнгүй байна.

 

"НОГООН ЗЭС” ҮЙЛДВЭРЛЭНЭ

Тэгвэл зэсийн үйлдвэрлэлийн хувьд илүү байгальд ээлтэй, нийгмийн хариуцлагатай байдлаар хандах хэрэгтэй гэж Чили үзэж байна хэмээн "Mining.сom” өнгөрсөн пүрэв гаригт мэдээлсэн юм. Дэлхийн зэсийн хамгийн том үйлдвэрлэгчдийн нэг болох төрийн өмчит Коделко компанийн ерөнхийлөгч Нелсон Пиззаро өнгөрсөн баасан гаригт зэсийн катод боловсруулан гаргана хэмээн мэдэгдлээ. "Ройтерс”-т өгсөн ярилцлагадаа тэрээр энэхүү үйл ажиллагаа нь байгаль орчны болоод нийгмийн хариуцлагатай байдлаа хангахад нөлөөлөх гэнэ. Энэ нь хэрэгжвэл үр дүнд нь илүү үнэтэй зэс гарч ирэх бололтой. Албаны мэдээллээр Антофагаста муж дахь Коделко-гийн Габриела Мистрал уурхайд энэхүү төсөл хэрэгжих юм. "Гэби” хэмээн алдаршсан энэ орд нь зэсийн өндөр агууламж бүхий нөөцөөрөө дэлхийд алдаршсан билээ. "Бидэнд байгаль болоод нийгмийнхээ тусын тулд үйлдвэрлэлээ чиглүүлэх таатай завшаан тохиолоо. Ингэснээр үнэ цэнийг бүтээх боломж юм” гэж Пиззаро хэлжээ.

 

АЛТНЫ ҮНЭ НЭГ УНЦИ НЬ 1293.80 БОЛЛОО

Өнгөрсөн хоёр сарын турш алтны үнэ тасралтгүй өссөөр байгаа билээ. Тэгвэл Нью-Йоркт алтны арванхоёрдугаар сард биетээр хүргэх үнэ нэг унци нь 1293.80 ам.доллар болжээ. Энэ онд шар металлын үнэ бара 12.3 хувиар өсөөд байна.

 

Ж.ЦОГЗОЛМАА

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин