Дандаа уруудсан, хасах утга заасан эдийн засагт бага боловч сэргэлт ажиглагдаж өссөн, нэмэгдсэн мэдээлэл түгэх нөхцөл бүрдэж эхлэв. Тухайлбал, ОУВС-ын өвөрт орсноор хөрөнгө оруулагчид Монголыг арай эерэг өнцгөөс харах болсон. Нөгөөтэйгүүр дэлхийн зах зээл дээр манай улсын экспортын гол гол түүхий эдийн үнэ өнгөрсөн сараас өсч эхлээд байна. Монгол Улсын экспорт хоёрдугаар сарын байдлаар өнгөрсөн жилийн мөн үеэс 212 сая ам.доллараар өссөн дүн гарав.
Монголбанкнаас гаргасан гадаад худалдааны тоймд дурдсанаар хоёрдугаар сард нийт экспортод уул уурхайн түүхий эдийн эзлэх жин 6.2 хувиар өсчээ. Харин аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний жин 5.4 нэгж хувиар буурлаа. Дэлхийн зах зээл дээр металын үнэ өсөх хандлага ажиглагдаж эхлэв. Жишээ нь нэг унц алтны дундаж үнэ хоёрдугаар сард 1235 ам.долларт болов. Энэ нь өнгөрсөн оныхоос 2.8 хувиар өссөн үзүүлэлт. Мөн нэг тонн цэвэр зэсийн үнэ 5941 ам.долларт хүрсэн нь 29 хувиар өссөн дүн юм. Бас төмрийн хүдрийн үнэ өсч байна. Нэг тонн төмрийн хүдэр 90 ам.доллар болжээ. Үүнийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал бараг хоёр дахин өссөн байгаа юм. Эдгээрээс гадна нүүрсний үнэ бас өсөх чиглэлээ хэвээр хадгалав. Манай улсын экспортолж буй нэг тонн нүүрс 72 ам.долларын үнэтэй. Өмнөх жилтэй харьцуулбал 105 хувиар нэмэгджээ. Зах зээлийн шинжээчдийн үзэж буйгаар түүхий эдийн үнийн энэ өсөлт зургадугаар сар хүртэл хадгалагдах шинжтэй аж. Тэгэхээр манай улсын гадаад валютын орлого нэмэгдэх боломж бүрджээ гэж ойлгож болох нь.
Харин гадаад валютын орлогоо дагаад хэрэглээ өсдөг жамтай. Монгол Улс хоёрдугаар сард худалдан авсан бүтээгдэхүүн өнгөрсөн жилийнхээс 138.9 сая ам.доллараар өсчээ. Импортыг дотор нь задлаад харвал хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн 16, шатахууных 14, өргөн хэрэглээний барааных 9 хувиар тус тус өссөн дүнтэй байна. Уул уурхайн салбар сүүлийн жилүүдэд зогсонги байдалд орсон. Иймд шатахууны хэрэглээ буурах хандлагатай байв. Харин одоо нефтийн бүтээгдэхүүний импорт нэмэгдсэн нь уул уурхайн салбар хөдөлгөөнд орж эхэлсэний дохио хэмээн хэлж болохоор байгаа юм.