|

60 тэрбумын “Улаан хамгаалагчид”

60 тэрбумын “Улаан хамгаалагчид”

Коммунист улс төрийн дэглэмтэй улс орнуудад хувьсгалын улаан өнгийг өмнөө барьж, төрийн бодлогыг хэрэгжүүлж байгаа нэрээр бусармаг үйлдэл гаргахдаа гаршсан "улаан хамгаалагчид” гэж байдаг байсан гэдэг.

Тэд хувьсгалын үйл хэргийн төлөө нэрийн дор юу ч хийж мэдэх "этгээдүүд” байдаг ажээ. Тэгвэл өнөө цагт ардчилсан Монгол Улсад албан тушаалтан, эрх мэдэлтнийг хамгаалсан ийм "улаан хамгаалагчид төрсөн” тухай мэдээллийн хэрэгслүүд бичих болов.

Төрийн албан тушаалыг арилжаа наймаа шиг худалдахаар тохирч, энэхүү яриа нь олон нийтэд цацагдан, эцэстээ МАН-аа Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдахад хүргэсэн Нийслэлийн МАН-ын дарга, НИТХ-ын дарга Ц.Сандуй гэдэг хүнтэй хариуцлага ярьж эхэлсэн. Гэтэл түүнийг цээжээрээ хамгаалахад бэлэн "улаан хамгаалагчид” төржээ. "Төржээ” ч юу байх вэ, тэд Ц.Сандуй даргаа дайралтаас хамгаалахаар сэтгэл шулууджээ.

Тэдний хувьд Ц.Сандуй дарга нь улс төрийн хариуцлага хүлээж, албан тушаалаасаа огцорно гэдэг нь байж болшгүй зүйл ажээ. Даргаа дагаж, эрх мэдлийн үзүүрээс атгасан тэдний хувьд ямар ч үнээр болов даргаа хамгаалж, албан тушаалд нь үлдээх нь чухал бололтой.

Ийнхүү "60 тэрбумын хэрэг”-ийг санаачилж намаа шороотой хутгасан Ц.Сандуйг хаацайлагч, түүнтэй эрх ашиг нэгтэй НИТХ-ын төлөөлөгчид хэн бэ?

Тэд бол НИТХ-ын төлөөлөгч Ж.Батсайхан, П.Баярхүү, Ц.Сандаг-Очир, Ц.Төрхүү нар гэнэ.

НИТХ-ын эдгээр төлөөлөгчдөд Ц.Сандуй даргын өдөөсөн 60 тэрбумын хэргээс болж эгэл жирийн 300 гаруй төрийн албан хаагчид өдөр бүр АТГ-ын үүдийг сахиж байцаалт өгч байгаа нь огт хамаагүй. Гагцхүү даргыгаа л албан тушаалд нь хэвээр үлдээх нь л чухал болоод байгаа юм.

Гэвч ардчилсан нийгэмд улаан хамгаалагчдын үүрэг ролиос үл хамааран улс төрийн хариуцлага алдсан хэн хүнд хариуцлагыг нь үүрүүлдэг гэдгийг тэд ор тас мартсан бололтой.