Монголын улс төрийн талбай МАНАН-г хамгаалах, түүнийг унагах гэсэн хоёр эсрэг хүчний өрсөлдөөнөөр тодорхойлогдох болов. Нэг нь хуучинсаг, нөгөө нь шинэлэг учраас энэ бол шинэ хуучны тэмцэл юм. Гэтэл сүүлийн үед үйл явцын өрнөл олон салаат, олон утгат болов. Энэ тухай өгүүлсү…
"Суртал нэвтрүүлэг”
У.Хүрэлсүх "урвагч” болж гэнэ. Үүний баталгаа нь Херо Баатартай ярьсан яриа гэнэ. Тэр ярианд нь шинжилгээ хийж үзэхэд бие биенээсээ болгоомжилж, цэнэсэн хоёр хүн харилцаагаа эвтэй болгох гэсэн агуулга илт харагдана. Энэ яриаг "үндсэн фаакт” болгоод "урвалт” гээд нэрлэчихэж.
Хэрэв иймэрхүү яриаг "урвалт” гэх юм бол халаас нэгтэй, түрийвч нэгтэй, эрх ашиг нэгтэй АН, МАН-ынхны ярьсан яриа болгон урвалт, шарвалт болж таарна. Иймээс МАНАН-гийнхан бүгдээрээ урвагч. Харин урвагчид одоо болохоор Ерөнхий сайд, МАН-ын дарга болох хамгийн өндөр магадлалтай У.Хүрэлсүхийг "урвагчаар” нь цоллож байна.
Тэгвэл яах гэж У.Хүрэлсүхийг бүр 2014-2015 оны үеэс мөрдөж дагаж, хөл гарыг нь аалз мэт тасдана гэж ярьж төлөвлөсөн юм ?! Ийм хүнд байдалд орсон хүн түүнийг нь илчилж, дургүйцэж, эсэргүүцэх нь мэдээж хэрэг. Үүнийг "урвалт” хэмээн нэрлэж суртал нэвтрүүлэг хийх нь хуучинсаг МАНАН-гийн жирийн л нэг гүтгэлгээс өөр зүйл биш.
Үйл явдлын агуулга
Саяхан болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар "МАНАН-г үүсгэн байгуулагч Н.Энхбаяр, түүний дараагийн С.Баяр, түүний дараагийн Сү.Батболд, түүний дараагийн Ц.Элбэгдорж, тэднийг халааг залгамжлан авахаар санаархсан М.Энхболд нар бүгдээрээ нэгэн зэрэг жагсаалаас гарсан ба энэ бол Монголын нэн шинэ түүхэнд гарч байгаагүй, зарчмын хувьд цоо шинэ үзэгдэл мөн” гэдгийг өмнөх өгүүлэлд тодорхой дурдсан. ("Ан цаваас цууралт хүртэл” 2017.08.04.)
Мөн МАНАН толгойгүй болсон бөгөөд одоо түүний удирдлагын төлөө дайн болно гэдгийг ч дурдсан. МАНАН-гийн эсрэг тулалдаан МАН дотор голлон өрнөх нь анхнаасаа тов тодорхой байсан. Онолын хувьд ч, практикийн хувьд ч ийм "таатай боломж” нэн ховор тохиодог. Нэг. Засгийн Газар руу, Хоёр. Нийслэлийн удирдлага руу, Гурав, УИХ, түүний дарга руу, Дөрөв. МАН-ын дарга болон удирдах байгууллага руу зэрэг дайрах, чингэхдээ тэр болгондоо хөдөлшгүй баттай үндэслэл гаргаж дэвшүүлэх өргөн боломж дандаа олддог "шар тос” биш…
Хамгийн гол нь олон түмэн, ялангуяа намын олон түмний дэмжлэг бэлэн байгаа юм. Ердөө л түүнийг ашиглах, өдөөх л үлдэж байна.
Чухам энд агуулга болон хэлбэр, үзэгдэл болон мөн чанарын ялгаа гарч ирдэг. Мөн чанартаа өнөөгийн тэмцэл өрсөлдөөний гол агуулга, мөн чанар бол МАНАН-гийн эсрэг тэмцэл юм. Харин Засгийн Газар, Нийслэл, УИХ, МАН-ын удирдлага руу хийх дайралт зэрэг нь МАНАН-гийн эсрэг тэмцэл амжилт олох эхлэл нөхцөл төдий юм. Гэвч олон хүн үүнийг дэндүү эндүү, огт урвуугаар ойлгож байгаа нь дэндүү харамсалтай.
МАН-ын нэлээд олон залуу "жаахан тэмцэж” байгаад МАН болон МАНАН-гийн толгойд гараад суучихна гэж дэндүү гэнэн сэтгэж байна. Гэтэл МАНАН-гийн "хуучин толгойнууд” энэ хандлагыг ашиглаад эрх мэдлээ хадгалан үлдэх далд санаа агуулж байгаа нь тодорхой байна. Гаднаасаа чиглэл нь адил, зорилго нь адил мэт харагдавч агуулга, мөн чанар нь огт өөр, эсрэг тэсрэг юм. Чухам үүнд л гол аюул оршдог. Дэлхийн болон манай түүхэнд ийм жишээ нэн олон, гэхдээ цаг ямагт шинэ, дэвшилтэт хүчнийг ялагдалд хүргэж, түүнийг гутаан бузарладаг юм.
Өнөөгийн тэмцлийн гол агуулга, мөн чанар нь МАНАН-г эвдэн устгах явдал болохоос түүнийг аль нэг хэлбэрээр дахин сэргээн тогтоох явдал огт биш. Үүнийг ойлгохгүй бол тэмцэхийн хэрэг байхгүй…
Эсэргүүцэл
"Ямар хөөрхөн залуус вэ ? Май, энэ намын болон төрийн эрх мэдэл. Та нарт бэлэглэж байна” гэж хэлдэг улс төрийн хүчин дэлхийд байгаагүй, цаашид ч гарахгүй. Ямар ч улс төрийн хүчин эрх мэдлийн төлөө, байр сууриа хэвээр хадгалахын төлөө үхэн хатан тэмцэхийн хамт зүсэн бүрийн хорон арга мэх хэрэглэдэг. Миний ойлгож байгаагаар МАН-ын залуучуудын алдаа эндэгдэл энд л буй, чухам энд л гарах магадлалтай. Зарим нь хялбархан ялалт мөрөөддөг байх. Үнэндээ бол нийгмийн практикт ийм гэнэн, тэнэг зүйл хэзээ ч байдаггүй.
Хуучин хүчинд эрх мэдлийн төлөө тэмцлийн хоёр арга буй. Нэгдэх нь бүхий л хүч, нөөцөө ашиглан шууд дайтах. Гэвч энэ аргыг өнөөгийнх шиг хүч сульдсан үедээ хэрэглэх боломж бага.Хоёр дахь нь шинэ хүчний бүхий л уриа лоозонг ашиглан шинэ дүрд хувилж, эрх мэдлийг далдуур булаан авах, эсвэл хуваалцах замаар түүнийг саармагжуулах, үндсэн зорилгоос холдуулах арга байдаг ба энэ нь манай нөхцөлд хамгийн бодитой бөгөөд аюултай. Иймээс чухамхүү энэ хоёр дахь аргыг МАН-ын хууччуул ашиглана, хэрэглэнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй. Энэхүү хоёр дахь аргын мөн чанарыг мэдэж, хуучин хүчин шинэ дүрд орж, МАНАН-г дахин бэхжүүлж болохуйц бүхий л нүх сүвийг бөглөх нь шинэ хүчний хамгийн гол зорилт болно.
Хуучин толгойнууд бие хайхуй
МАНАН-гийн эсрэг тэмцэлд хамгийн гол аюул нь "хуучин толгойнууд” ахин сэргэх явдал болно. Нам төрийн "их биед” ойртох л юм бол тэд хар аяндаа өөрөө амилна. Үүн шиг аюул гэж үгүй…
Ухаандаа маш олон хүн Ц.Элбэгдоржийг ард түмэнд хэрэгтэй ажил хий гэж "загнаад”, "зүгээр суулгахгүй” байгаа бөгөөд үүний эхний шат нь АН-ын гишүүнчлэлээ сэргээх явдал гэнэ. Ц.Элбэгдорж АН-д ахин орвол юу болохыг, яаж үймүүлэхийг төсөөлөхөд бэрх. "Хэрэв Ц.Элбэгдорж өөрийнхөө АН-ыг задлан бутаргаагүй бол, бусад лидерүүдээ ээлж дараагаар устган сөнөөгөөгүй бол, залгамж залуу үеэ бэлтгэж байсан бол орь ганцаараа үлдэж муугаа үзэхгүй байхсан” (Монголын сүүлчийн "ардчилагч”. 2017.03.21.) АН эрхбиш Ц.Элбэгдоржийн хөнөөлт явдлыг ойлгож ухаарсан гэж санана.
С.Баярыг өргөдлөө өгч ирэх сургаар МАН-ын зарим нөхөд ухаан алдталаа айж байгаа нь инээд хүрэм. Хэрэв "дугаар хорооны иргэн”-ээс айж байгаа бол улс төрөөр оролдохын хэрэг юусан билээ ?! Хэрэв түүний "найруулах хор”-оос айж байгаа бол өөрсдөө шударга ёсоор, зарчмын дагуу ажиллаж сурах хэрэгтэй. Яг мөн чанартаа бол шударга ёсоор, зарчим ёсоор ажиллах л хүнд хэцүү байдаг болохоос "хор найруулах” шиг амархан юм гэж үгүй.
М.Энхболдын бүлгийн хүчирхэг хүчин саарч саармагжиж байгаа нь хэн бүхэнд илт. Түүнд Засгийн Газар болон Нийслэлийн гэсэн хоёр тулгуур бий. Энэ хоёр тулгуур нуран унах нь цаг хугацааны л асуудал юм.
Дүгнэж хэлэхэд МАНАН-гийн халаагүй удирдагч С.Баяр, Ц.Элбэгдорж, М.Энхболд нар бүслэлтэд ороод байна. Энэ бүслэлт ухаантай тоглолт гэхээсээ илүүтэй аз завшааны хэрэг байсан. Тэднийг бүслэлтэд оруулахад монголын ард түмэн зүйрлэшгүй гавъяа байгуулсан.
Одоо нэгэнт бүслэлтэд орсон бүлэглэлийг буюу хэдхэн толгойлогчийг нь алдахгүй байж, "бүрэн устгах” нь МАН-ын шинэчлэгчдийн үүрэг мөн. Хэрэв үүнийг хийж чадахгүй алдвал улс төрөөс үүрд зайлах гэсэн ганцхан зам шинэчлэгчдийг хүлээж буй.
Ямар ч гэсэн С.Баяр, Ц.Элбэгдорж хоёрт бодит эрх мэдэл гэж байхгүй, М.Энхболдод хэлбэрийн төдий эрх мэдэл буй. Яахав эрх мэдэлд олон жил удаан суусан хүмүүст тодорхой хэмжээний нөөц, боломж байгаа л байх. Гэвч энэ нь шинээр түрэн гарч ирж буй шинэчлэгч хүчний дэргэд ялихгүй юм.
Удаашрал хийгээд саармагжилт
Гэтэл сүүлийн үед МАНАН-гийн эсрэг тэмцлийн эрч хүч, хурд саармагжив. Энэ нь хуучин хүчний эсэргүүцэл гэхээсээ шинэ хүчний замбараагүйдэлттэй холбоотой.
Нэг. Ц.Сандуй болон Нийслэлийн удирдлагыг ялах шиг амархан зүйл гэж үгүй. Улаанбаатар бол М.Энхболдын үүр уурхай, гол тулгуур учраас нийслэлд нэн хүчтэй байна гэдэг үндэслэл харьцангуй үнэн боловч явцгүй. Учир нь бүх төрлийн хөдөлшгүй үндэслэл шинэ хүчний мэдэлд байгаа. Оросоор "железобетонный” буюу монголоор "төмөр бетон” үндэслэл зөвхөн шинэ хүчинд л буй. Бүх ард түмэн мэддэг, чингэхдээ бүр үзэн ядаж буй энэ үндэслэлийг ашиглаж чадахгүй бол хохь нь болдог юм.
Түүнчлэн Нийслэлийн зарим төлөөлөгч гарын үсгээ зурахгүй зугтаж давхиад олдож өгөхгүй байна гэдэг бол өөрсдийнхөө арчаагүйг өмөөрөх гэсэн явиургүй тайлбар болно. Үнэний эсрэг, шударга ёсны эсрэг явж, угаасаа нуран унах тавилантай, явцгүй тэнэг зүйлийн төлөө өөрийгөө хорлох хүн тун цөөн. Тийм хүмүүс байлаа ч гэсэн ямар нэг барьцаанд байна гэсэн хэрэг.
Хэрэв шинэ хүчнийхэн өөрсдөө зоригтой, эрч хүчтэй, шийдэмгий, хурдтай байвал ямар ч эргэлзсэн хүн тэднийг дэмжих нь лавтай. Огт болж өгөхгүй, гэдрэг уллан чангаагсад байх аваас тэднийг олон түмний өмнө ил гарган илчилж, тэдний улс төрийн каръерыг дуусгана гэдгээ шууд хэлэхэд л асуудлыг хялбархан шийдэх боломжтой. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн өргөн боломж шинэ хүчнийхэнд нээлттэй байгаа.
Ер нь бол Ц.Сандуйг дийлэхгүй юм бол Засгийн Газар мазар гэж том том бүлтрэх хэрэггүй. Ийм арчаагүй байдлыг хажуугаас нь харахаар уур хүрэх…
Хоёр. Миний мэдэж байгаагаар Засгийн Газрыг огцруулах асуудал нууц байдалдаа байгаа биш, харин эрч хүч, далайцдаа, олон утгат явцдаа, олон салаа зөрчилдөө байна. Одоо ард түмнээсээ нуугаад байх ямар ч шаардлага байхгүй. Нууц байх тусмаа элдэв төрлийн цуурхал тархаж байна. Энэ нь дайсанд л тус болохоос өөр шидгүй.
Засгийн Газрын эсрэг үндэслэл бас л дэндүү хангалттайгаас гадна хөдөлшгүй, бас гарцаагүй юм. Гэвч нэгдсэн үндэслэлийг одоо болтол хэн ч сонсоогүй байгаа. Яагаад гэвэл улс төрийн нэгдсэн дүгнэлт энэ хэр алга. Улс төрийн асуудлыг улс төрийн аргаар шийддэг ба үүний нэг бөгөөд хамгийн сонгодог арга нь улс төрийн үндэслэл юм.
Засгийн Газрыг огцруулах амархан асуудал, харин дараагийн Засгийн Газар байгуулж, ажил хийх хамгийн хүнд асуудал. Хэрэв би эндүүрээгүй бол шинэ хүчний дотоодод шинээр байгуулах Засгийн Газартай холбоотой далд зөрчилдөөн явагдаж буй нь үйл явдал удаашрах, далд явагдах нэгэн нөхцөл болж буйг дурдах нь шударга хэрэг болно.
У.Хүрэлсүх болон түүний баг гарцаагүй амжилт олох боломж, магадлал нэмэгдэх хэрээр шинэчлэгч нэртэй хуучинсагуудыг хэд хэдэн бүлгүүд үүсч, үйл явдлын өрнөлийн явцад "дундуур нь гүйж” амжилтыг нь булаан авах олох буюу амжилтаас нь хуваалцахыг санаархаж буйг би тодорхой харж байна. Ингэвэл МАНАН-г эвдэн халах үндсэн зорилт өөх ч биш, булчирхай ч биш болж, тун удахгүй саармагжин бүдэгрэнэ. Одоо У.Хүрэлсүхэд "дундуураа гүйлгэж” амжилтаа алдах ганц л аюул буй.
"Хуучин толгойнууд” чадвал өөрөө, чадахгүй бол угсаа залгамжлагч нараа шинэчлэл нэрээр гарган ирж, У.Хүрэлсүхийн чармайлтыг саармагжуулж, самууруулж эрх мэдлээ хадгалан үлдэх талаар бодохгүй байна гэж номонд хазгай.
Гурав. МАН-ын шинэ хүчнийхэн дадсан сурсан ёсоороо удирдагчдаа найдаж, түүнд бүх зүйлээ даатгаж байна. У.Хүрэлсүхэд бүх юмаа даатгаж болох нь болно, гэхдээ түүнд дэмжлэг хэрэгтэй.
У.Хүрэлсүх Удирдах Зөвлөлийн Хурал дээр зоригтой шүүмжлэл хэлж, Шадар сайдын албан тушаалаасаа огцрох өргөдөл өгөх зэргээр хувь хүний талаасаа боломжтой бүхнийг хийж байна. Гэвч түүнд бүлгийн дэмжлэг дутаад байна. Н.Багабанди дэмжлээ, Ц.Нямдорж дэмжлээ, үүнээс илүү юу хэрэгтэй юм ?! Үнэндээ бүлгийн дэмжлэг дутаад байна.
МАН-ын залуучуудад нэн аюултай нэг өвчин байдаг ба энэ нь өөрийгөө лут сэхээтэн гэж бодчихсон баагийнууд эцэс төгсгөлгүй ярьж, цэцэрхдэг явдал мөн. Үнэн хэрэгтээ бол энэ нь ямар ч хохирол үзэлгүй, ямар ч аюул байхгүй зам олж, дандаа давшсаар байгаад амжилтад хүрэх горьдлого тээсэн, амьдралд үл нийцэх далд айдсын өвөрмөц илэрхийлэл болно.
Энэ бол аюулыг үл харгалз гэсэн хэрэг огт биш, харин болоогүй, учраагүй аюулаас урьдчилан айх нь тэнэглэл гэдгийг л хэлж байна. Хориглолтын байдалд хэн байгаа юм ?, давшилтын байдалд хэн байгаа юм ? гэсэн ганц шалгуур тавихад л энэ бүхэн ойлгомжтой болно. Яаж ч тооцсон бүх давуу тал шинэ хүчинд байгаа.
Нөгөө талаас МАН-ын залуучууд бие даан сэтгэж, үйлдэж, шийдвэр гаргаж сураагүй учраас бие даан шийдвэр гаргахаас голдуу айдаг ба энэ нь үхээнц байдлыг нэмэгдүүлэхээс өөр шидгүй. Хувьсгалт буюу эргэлтийн үед шийдвэр гаргахад ардчилал, ялангуяа "зөвлөлдөх” ардчилал огт хэрэггүй.
Эдүгээ МАНАН-гийн эсрэг тэмцэл амжилт олохын өмнөхөн байгаа боловч хамгийн эмзэг, хамгийн аюултай үедээ ороод байна. Энэ үеийг амжилттай давах гол нөхцөл нь нэгэнт тодрон гарсан удирдагч У.Хүрэлсүхийгээ эргэж хургалгүй дэмжиж, хамтын ялалт олох явдал юм.
МАН-ын шинэчлэгчдийн үндсэн зорилт бол МАНАН-г халан устгах явдал мөн. Үүний анхдагч нөхцөл нь "хуучин толгойнууд”-ыг дахин амилуулахгүй, тэдний аль нэг хэлбэрээр угсаа залгамжлах боломжийг хааж, "дундуураа гүйлгэхгүй” байх явдал болно.
Энэ бүхнийг би сайн санааны үүднээс ил тод хэлж болох "дээд хязгаарт” тулган хэлж сануулж байна. Хэрэв үүнийг анхаарахгүй бол, харгалзахгүй бол шинэчлэгчдийн өмнө асар олон саад тотгор, бэрхшээл зовлон үүснэ гэдгийг баталгаатай хэлж чадна.
МАНАН-г ялах, халан устгах бол тийм ч амархан босон суун хийчихдэг ажил биш л дээ…
Судлаач Х.Д.Ганхуяг.
Эх сурвалж: ganaa.mn блог
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn– ээс уншина уу?