Хажууд буй хөрш "хар алт"-ны үнийг бараг л дангаараа тогтоож байна. Тэдний гарт дэлхийн эрдэс түүхий зах зээл бараг л төвлөрч. Тиймээс энэ зах зээлийг хумих, тэлэх нь урд хөршийн өөрийнх нь хөгжлийн бодлогоос үлэмж хамаардаг болчихлоо. Богино болон дунд хугацааны нүүрсний төлөв эерэг байна. Энэ нь манай уул уурхайгаас үлэмж хамааралтай болсон эдийн засагт чимэгтэй мэдээ боловч их хэмжээгээр тээвэрлэх боломжоо өөрсдөө "унагасан" Монголд төдийлэн ашигтай тусахгүй нь мэдээж.
Уг нь манай улсын экспортын орлогын 30 хувийг нүүрс дөмөгхөн бүрдүүлж байгаа. Гэвч дэд бүтцийн "хөгжлийн бэрхшээл" нүүрсний салбараа боомилсоор. Дотоодын хөрөнгө оруулалт давамгайлж ирсэн нүүрсний салбарын ашиг, орлого нь Монголдоо хөрөнгө оруулалт, цалин болж үлддэг. Өвөө, эмээгийн тэтгэвэр, хүүхдийн мөнгө, төрийн болон хувийн хэвшилд төсөвт нэмэр болж, амьдрал залгуулдаг. Тэрчлэн худалдаа, үйлчилгээг дэмждэг. Ингэснээр ДНБ-ий өсөлтөд жин дарахуйц хөшүүрэг болж ирсэн.
Нүүрсний үнийн өсөлтийн мөчлөг үе богинохон "нас"-тайг зарим судалгаанд маш тодорхой дурдсан нь бий. Тиймээс Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх төмөр замаа барихад Засгийн газар хамаг анхаарлаа одоо л хандуулах хэрэгтэй байна. Урьдын алдагдсан боломжоо нөхөхгүй юм гэхэд дараагийн боломжоо үрэхэд дэндүү хайран. Тиймээс Тавантолгойгоос Сайншанд руу бус, Тавантолгойгоос Гашуунсухайт руу төмөр зам тавихад ойртохгүй.
Хамгийн ашигтай, эдийн засгийн үр өгөөж нь хөрөнгө оруулагчдад тодорхой, ахархан хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөх, өгөөж нь төсөөлж байснаас хэд дахин өндөр байх төсөл бол Тавантолгойн төмөр зам. Эхнээсээ л "шуурга" сөрсөн төсөлд хөрөнгө оруулагчид удаа дараа хандаж байлаа. Хэлэлцээрийн ширээнд хэд хэдэн удаа ирээд буцсан "Тавантолгой" төслөө иж бүрэн ашиглалтад оруулах цаг, тэр "цонх" үе одоо бага ч гэсэн тохиож байна.
Хэрэв төслөө амьдруулж чадвал хүлээгдэж буй бондын эргэн төлөлт, төсвийн алдагдал, өрийн дарамт, ханшийн уналт цаг зуурын сорилт болов уу. Тиймээс хоёр өдөр үргэлжлэх "Coal Mongolia-2017" чуулга уулзалтын онцлох сэдэв бол төмөр зам. Дэд бүтэц гэсэн "малгай" дор төмөр замаа л ярихаас өөр аргагүй. Нүүрс трэнд болж байгаа цагт төмөр зам хуучрахгүй. Хил гаалийн хүчин чадлаа ч эргэж харах цаг бас болж. Нүүрсний худалдаа, тээвэр ложистик ч мөн адил долоо дахь удаагийн чуулганы халуун сэдэв. "Фокус"-аа тааруулах үр дүн хүлээж буй өнцөг нь энэ. Зорилтоо томгосон ээлжит чуулган "Discover Mongolia"-тай нэг өдөр болж буй. Монголын уул уурхай, тэр дундаа нүүрсний салбарыг сонирхох хөрөнгө оруулагчид энэ хоёр өдөр их л ажил хэрэгч байх хэрэгтэй болох нь.
Дэлхийн зах зээлд Монгол Улс нүүрсээ, тодруулбал Тавантолгойн коксжих нүүрсээ одоогоос 10 жилийн өмнө гаргачихсан. Одоо ч тэр зах зээлийн голомт руу нийлүүлж байна. Угтаа дэлхийн зах зээл гэж тодорхойлж буй талбар нь БНХАУ. Тэдний аж үйлдвэрийн эрэлт, хэрэгцээнээс дэлхийн нүүрсний боломж, бололцоо шалтгаалж буй. Нүүрсний холын зах зээл нь Япон, Энэтхэг байж болох юм, ирээдүйд. Харин өнөөдрийн нөхцөлд Хятадаас өөр нүүрснээ нийлүүлэх орон алга. Манай улс энэ оны эхний долоон сарын байдлаар 21 сая тонн нүүрс өмнөд хөршийн зах зээлд борлуулжээ. Оны эцэс гэхэд энэ хэмжээ даруй 25 сая тонныг элбэг давах хүлээлттэй байна.
https://www.facebook.com/bayartogtokh.batbayar/posts/1444065422376354