Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо, "Багшийн цалинг нэмүүлэх түр хороо”-оос багшийн цалинг нэмэгдүүлэх шаардлагыг Монгол Улсын Засгийн газарт хоёр дахь удаагаа хүргүүлээд байгаа билээ.
Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэх, багш ажилтны цалин хөлсийг боловсронгуй болгох талаар санал боловсруулах үүрэг бүхий гурван яамны төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан тушаалаар байгуулаад байна.
Тус яамнаас багшийн цалин, хөлсний шинэ бодлогыг боловсруулж байгаатай холбогдуулан багшийн цалин хөлс, урамшууллын эрх зүйн зохицуулалтыг хянах, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын нийт багш, боловсролын хамт олныг хамарсан нээлттэй хэлэлцүүлгийг улс орон даяар зохион байгуулах ажлыг эхлүүлж байна.
Энэ хүрээнд БСШУС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар Нийслэлийн боловсролын газар, Аймгийн боловсрол, соёл урлагийн газрын дарга нарт үүрэг өглөө. "Багшийн цалин хөлсний шинэчлэлийн бодлогын үзэл баримтлал”-төсөл болон сайдын холбогдох албаныханд өгсөн үүрэг даалгаврыг бүрэн эхээр нь хүргэж байна.
НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР,
АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗРЫН ДАРГА НАРТ
Багшийн цалин хөлсний
шинэчлэлийн тухай
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.11 дэх зорилт, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 14.13 дахь зорилт, арга хэмжээнд "багш, эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын ачаалал, ур чадвар, мэргэшил, ажлын үр дүн, ажилласан жил зэргээс хамаарсан цалин хөлс, урамшууллын тогтолцоог бий болгоно” гэж заасан. Мөн Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо, "Багшийн цалинг нэмүүлэх түр хороо”-оос багшийн цалинг нэмэгдүүлэх шаардлагыг Монгол Улсын Засгийн газарт хоёр дахь удаагаа хүргүүлээд байгаа билээ.
Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэх, багш ажилтны цалин хөлсийг боловсронгуй болгох талаар санал боловсруулах үүрэг бүхий гурван яамны төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан тушаалаар байгуулаад байна.
Тус яамнаас багшийн цалин, хөлсний шинэ бодлогыг боловсруулж байгаатай холбогдуулан багшийн цалин хөлс, урамшууллын эрх зүйн зохицуулалтыг хянах, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын нийт багш, боловсролын хамт олныг хамарсан нээлттэй хэлэлцүүлгийг улс орон даяар зохион байгуулах ажлыг эхлүүлж байна.
Иймд Та бүхэнд дараахь арга хэмжээг зохион байгуулахыг үүрэг болгож байна. Үүнд:
- Энэхүү албан захидлаар хавсарган хүргүүлж буй "Багшийн цалин хөлсний шинэчлэлийн бодлогын үзэл баримтлал”-ын төслийг цэцэрлэг, сургууль бүрт хүргэх;
- Цалин хөлсний шинэчлэлийн нээлттэй хэлэлцүүлгийг цэцэрлэг, сургууль тус бүр дээр зохион байгуулах;
- Нээлттэй хэлэлцүүлгийн санал, дүгнэлтийг нэгтгэн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дотор тус яаманд цахим хэлбэрээр болон бичгээр ирүүлэх.
Энэхүү захидлаар хүргүүлж буй үүргийн хэрэгжилтийн эхний тайланг 2017 оны 9 дүгээр сарын 20-ны дотор тус яаманд цахим хэлбэрээр ирүүлнэ үү.
БАГШИЙН ЦАЛИН ХӨЛСНИЙ ШИНЭЧЛЭЛИЙН БОДЛОГЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
Нэг. Баримтлах зарчим
Багшийн цалин, хөлсний шинэчлэл нь дараах зарчимд тулгуурлана. Үүнд:
- Багш хөдөлмөрийн үнэлэмж, үнэ цэнийг бодитой өргөх;
- Багшийн цалин хөлс нь амьдрал, ахуйн зайлшгүй хэрэгцээг хангадаг байх;
- Багшийн үндсэн цалин нь хөдөлмөрийн онцлог, нөхцөл, ачаалалтай уялдсан, ялгаатай байх;
- Багшийн цалин хөлс нь ажлын үр дүнтэй шууд хамааралтай байх;
- Багшийн ажлын чиг үүрэг, үнэлгээ нь тодорхой байх;
- Багшийн ажлын үнэлгээний зорилго, үнэлэх шалгуур, үзүүлэлт нь хөдөлмөрийн чиг үүрэгт нь нийцтэй байх;
- Багшийн ажлын үнэлгээ нь үнэн, шударга, ил тод, нээлттэй байх.
Хоёр. Шийдэх асуудал
Багшийн цалин хөлсний шинэчлэл нь дараах асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдэнэ. Үүнд :
- Багшийн хөдөлмөрийн үнэлэмж, ачааллыг хянан судалж, багшийн ажлын чиг үүргийг шинжлэх ухааны үндэстэй тогтоож, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэх;
- Багшийн ажлын байрны үнэлгээг хийж, үндсэн цалинг нэмэгдүүлэх, албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэх асуудлыг шийдвэрлүүлэх;
- Багшийн ажлын норм, нормативуудыг хянаж, шинэчлэх;
- Цэцэрлэгийн багш, бага ангийн багшийн үндсэн цалинг хөдөлмөрийн онцлог, нөхцөл, ачаалалтай нь уялдуулж ялгаатай тогтоож, үндсэн цалинг нэмэгдүүлэх;
- Нормативаас хэтэрсэн бүлэг дүүргэлтийг ажлын нэмэлт ачаалалд тооцож, үнэлгээтэй болгох;
- Хүүхдийн хөгжлийн ахиц өөрчлөлт, сургалтын үр дүнд суурилсан багшийн ажлын үнэлгээний тогтолцоог бий болгох;
- Багшийн мэргэжлийн зэрэгт тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг багшлах үйл ажиллагаа, сургалтын чанар, үр дүнтэй шууд хамааралтай болгон шинэчлэх;
- Мэргэжлийн зэрэгт тавигдах шаардлагыг ажилласан жилийн хугацаанаас илүүтэй ажлын үр дүн, чанараас шууд хамааралтай болгох /багш үр дүнтэй, амжилттай ажиллаж байгаа тохиолдолд цалингийн 10 хувийн нэмэгдэлтэй арга зүйч мэргэжлийн зэргийг авах гэж 5 жил, 15 хувийн нэмэгдэлтэй тэргүүлэх мэргэжлийн зэргийг авах гэж 10 жил, 20 хувийн нэмэгдэлтэй зөвлөх мэргэжлийн зэргийг авах гэж 15 жил хүлээх шаардлагагүй болно/;
- Мэргэжлийн зөвлөх, тэргүүлэх зэрэг олгох, цуцлах эрхийг сургууль, хамт олны мэдэлд шилжүүлэх;
- Кабинет, лаборатори нээн ажиллуулах эрхийг сургуульд шилжүүлэх;
- Багшид сар бүр үр дүнгийн урамшууллын 10 хувийн нэмэгдлийг тогтмол олгож, ажлын гүйцэтгэл, үр дүнгээс хамаарч 5 хувиар нэмэгдүүлэн авах боломжийг бий болгох;
- Багшийн цалин хөлсийг мэргэжлийн ур чадвартай нь уялдуулан ялгаатай тогтоох, багшийг мэргэжлээ тасралтгүй дээшлүүлэх нөхцөлийг хангасан мэргэжил дээшлүүлэх үндэсний тогтолцоог бий болгох;
- Бага ангийн багшийн дэвтэр засах ажлыг үнэлэмжтэй болгох;
- Хүүхдийн хөгжил, төлөвшлийг дэмжихэд чиглэгдсэн секц, дугуйлан хичээллүүлэх ажлыг санхүүжилттэй болгох;
- Хичээлийн жилийн улирлын амралт болон бусад давагдашгүй хүчин зүйлээр сургууль хичээллээгүй боловч багш нар үндсэн ажлаа гүйцэтгэж байгаа тохиолдолд үндсэн цалингаас тооцон олгогддог зарим нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг олгодог болгох;
- Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, сургалтын менежер, цэцэрлэгийн арга зүйчийн цалин хөлсийг ажлын чиг үүрэг, ачаалалтай нь уялдуулан шинэчлэх;
- Нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын норматив, хичээл практикийн зардлыг хянаж, сургалтын хэвийн үйл ажиллагаа явуулах санхүүгийн нөхцөлийг бүрдүүлэх;
- Сурагчийг үнэлэх үнэлгээний зорилт, шалгуур, үзүүлэлтийг шинэчлэх;
- Багшийн дүн, шалгалтын дүн үнэн, бодитой байдаг өөрийн үнэлгээний тогтолцоог бий болгох;
- Багш, сургуулийн сургалтын чанар, үр дүнг хөндлөнгөөс бодитойгоор хянадаг үнэлгээний тогтолцоо, шалгалтын системийг бий болгох;
- Багш, сургуулийн сургалтын чанар, үр дүнг ил тод, нээлттэй болгох;
- Боловсролын байгууллага хуулиар хориглогоогүй үйл ажиллагаа явуулж орлого олох, зарцуулах санхүүгийн нээлттэй нөхцөл бололцоог бүрдүүлж, байгууллагын түвшинд багш, ажилтны цалин орлого нэмэгдүүлэх боломжийг өргөжүүлэх;
- Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн цалингийн сан бүрдүүлэлт, хуваарилалтын санхүүгийн механизмыг хянаж, багшийн цалингийн санг нэмэгдүүлэх бололцоог бий болгох;
- Боловсролын төсвийн бүтэц, хуваарилалтыг хянаж, цалингийн санг нэмэгдүүлэх бололцоог судалж, шийдвэрлэх;
- Бусад...
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ