|

АХБ Үнэлгээ мэдээллийн төвийг дэмжиж ажиллахаар болжээ

Өнгөрсөн хоёрдугаар сард УИХ-аар нэмэлт өөрчлөлт оруулсан Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулиар мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт Үнэлгээ мэдээллийн төв гэсэн шинэ бүтцийг бий болгох үүргийг Хөдөлмөрийн яам хүлээж буй. Тус төв нь МСҮТ, Политехник коллежийн суралцагч, төгсөгчид, гадаадад ур чадвар эзэмшсэн иргэд, сургалтын байгууллагууд, багш нар болон сургалтын багц материалыг үнэлэх, салбарын судалгаа шинжилгээ хийх, үнэлгээний ажилтаныг бэлтгэхээс гадна үнэлгээтэй холбоотой бусад үйл ажиллагааг хариуцах юм. Шинээр байгуулагдаж буй төвийн үйл ажиллагааг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа "Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” төсөл дэмжиж ажиллахаар болжээ.

Энэ тухай Азийн хөгжлийн банкны Зүүн өмнөд Азийн газрын Хот байгуулалт, нийгмийн салбарын боловсролын мэргэжилтэн Асако Маруяама өнөөдөр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханд танилцууллаа.

Өнгөрсөн оны аравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн "Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” төсөл хөдөө аж ахуй, барилга, зам тээврийн салбарын мэргэжлийн боловсрол сургалтын тогтолцоог хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн 20-25 мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах, чадамжид суурилсан сургалтын стандарт, хөтөлбөрийг боловсруулан баталгаажуулах, багш, удирдах ажилтнуудыг чадавхжуулах тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж буй юм. Төслөөс Үнэлгээ, мэдээллийн төв болон Бүсийн арга зүйн төвүүдийн үйл ажиллагааг дэмжиж барилга байгууламжийн засвар үйлчилгээг гүйцэтгэх, үнэлгээний ажлыг зохион байгуулахтай холбоотой тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангахын хамт мэргэжлийн сурах бичиг цахим хэрэглэгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлэх, шинээр боловсруулах, үнэлгээний программ хангамжийг нийлүүлэхээс гадна мэдээллийн санг бүрдүүлэн ажиллахад дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн байна.