|

Өвөр монголчууд бол “хужаа” биш

Өвөр монголчууд бол “хужаа” биш

 

Социализмын он жилүүдийн алдас ба амжилт

Монгол улс ардчилалд шилжээд 27 жилийн нүүрийг үзэж байна. Ардчилал бидэнд олон боломж өгсний нэг нь түүх соёл, өв уламжлалаа үнэн зөвөөр  харах, хадгалан авч үлдэх тэр боломж юм. Социализмын бүтээн байгуулалт нэрийн дор ЗХУ (хуучнаар)-ын материал, техникийн бааз мэтээр 70 жил оршин тогтносон он жилүүдэд бид олон эерэг сөрөг зүйлтэй тулгарсан. Хэлмэгдүүлэлт болсон, ЗХУ-ын бодлого заавраар улс орны төрийн бодлого явж байсан, үндэсний түүхийг социалист, коммунист өнцгөөс бичих болсон зэрэг сөрөг үр дагавруудыг дурдаж болох ч 20-р зууны эхэнд нүүдэлчин соёлоос ангижраагүй байсан Монголчууд социализмын бүтээн байгуулалтын 70 орчим жил суурин соёл иргэншлийн нөлөөг хүртэж чадсаны зэрэгцээ хамгийн чухал нь  тусгаар тогтносон Монгол улсыг дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлсэн зэрэг олон эерэг үйл явдлыг дурдаж болно.

Та бидний өнөөгийн түүхээс  100 жилийг  урагшлуулахад Монголчууд бид Ар, Өвөр, Урианхайн хязгаарыг багтаасан хил хязгаар, түүх  соёл хувьд нэг цул улс байсан. Гэвч түүхийн нугачаа давааг туулах явцад 20 зууны эхнээс ар өвөр монгол, урианхайн хязгаар тусгаарлагдан өөр өөр улс орнуудад  газар нутгийн хувьд харьяалагдах болсон. Энэ талаар түүхэн олон баримт дурдаж дэлгэрэнгүй ярьж болох ч энэ бидний ярих сэдэв биш тул ингэсгээд орхиё.

"Хужаа” гэдэг үгийн тухайд

Сүүлийн үед монголчууд бид Өвөр монголчуудыг "хужаа” гэж нэрлэж, дуудах болсон нь түүхээ мэдэхгүйн хар гай юу гэлтэй. "Хуацяо”  буюу манайхны хэлдэг "хужаа” гэдэг үг нь  Манж Чин улсын эрхшээлийн сүүлийн цаг үед  урд зүгээс  хэсэг  Хятад  цагаач иргэд ар монголд худалдаа арилжаа, газар тариалан эрхлэхээр ирсэнтэй холбоотойгоор тэднийг Монголчууд нэрлэхдээ  "хуацяо – цагаач” гэдэг хятад үгийг эх хэлнээ өөриймшүүлэн "хужаа” гэж дуудах болжээ. Тэгэхлээр юуны өмнө энэ үг бол эх орноосоо холдсон "цагаач” хятадуудыг  нэрлэж байсан нэршил юм. Я.Цэвэл абугайн "Монгол хэлний тайлбар толь”-д "Цагаач” гэдэг үгийг  "хэрэн хэсч амьдардаг хүн” гэж тайлбарлажээ.

Тэгвэл өвөр монголчууд хэзээ ч ар Монголд цагаачлаагүй. Учир нь түүхэнд тэдний болон бидний нутаг бол монгол газар. Өвөр, ар гэж ялгаж нэрлэж байсан болохоос биш бүхэлдээ нүүдэлчин монголчуудын оршин амьдарч байсан нутаг газар. Өнөө цагт ч гэсэн өвөр монголчууд  хил хязгаарын хувьд хятад улсад хамаарч байгаа боловч эртнээс нааш өвөг дээдэс нь амьдарч ирсэн эх нутагтаа амьдарч байгаа хүмүүс. Тийм атал бид тэднийг "хужаа” буюу "эх нутаггүй, цагаач” мэтээр дуудах нь ямар учир вэ? Өвөр монголчуудын хувьд одоо ч гэсэн хятад иргэдтэй гэрлэх, ураг барилдахад таагүй ханддаг бөгөөд аль болох монгол хүнтэй гэрлэхийг чухалчилдаг нь тэдний өнөөдрийг хүртэл хэл соёлоо хадгалж ирсний нэг илэрхийлэл биз. Бид тэдний монгол бичигт суурилсан хэлний аялгыг нь сонсоод дооглонгуй ханддаг. Гэвч үнэндээ өвөр монголчууд  эх хэл, бичиг соёлоо хадгалж үлдэхийн тулд тэд гадаад үгийг ямар нэг байдлаар эх хэлнээ орчуулан хэлэхийг илүүд үзэж байгааг Монголчууд бид ч гэсэн анхаарах ёстой бизээ.

 

Түүхийн нугачаа

Түүх түүхээрээ л байх сайхан. Түүхийн баримтыг улс төр, үзэл суртал, ашиг хонжооны зүгээс тайлбарлан бичих нь түүхийг гуйвуулснаас өөрцгүй хэрэг. Социализмын үед хувьсгалч, ангич нийгмийн үүднээс түүхийг тайлбарлан бичих явдал түгээмэл байв. Дарлагч, дарлагдагч ангитай байсан, дарлагдсан анги өөрийн эрх ашгийн төлөө тэмцэл өрнүүлж, хувьсгал хийн эрх чөлөө, зол жаргалд хүрдэг тухай түүх бол социалист улс орнуудын түүхэнд хандаж ирсэн ерөнхий чиг хандлага. Түүх бичлэгийн ийм байдлаас улбаалан бичигдсэн, мөн утга зохиол болон тайз дэлгэцийн урлагт тусгалаа олсон бүтээлүүд 1990-ээд оноос өмнөх Монгол улсын хувьд түүх, утга зохиол, урлагийн гол сэдэв байв. Тухайлбал, Монголчууд Манжийн дарлалд 210 жил амьдарсан, феодализмаас социализмд шилжсэн, ардын дайснуудыг устгасан, хар шар феодалууд бол ардын дайсан мөн, ардын хувьсгалын их удирдагч гэх мэт сэдвүүдийг 40-өөс дээш насныхан андахгүй мэднэ.

Гэвч…, Монгол улс ардчилалд шилжээд 27 жил болчхоод байхад өдгөө Ерөнхий боловсролын сургуулийн дунд ахлах ангийн  сурагчдад зааж байгаа "Монголын түүх” хичээлийн агуулгад одоо ч өөрчлөлт гараагүй хэвээр. Манжийн дарлалд 210 гаруй жил дарлагдсан гэж хэлдэг байсан Социализмын түүхэн замнал амь бөхтэй оршсоор байна.

Үнэндээ түүхэн үйл явдлыг сөхөж үзвэл 1691 оны Долон нуурын чуулганаар халхын Занабазар тэргүүтэй тэргүүлэх ноёд Манж улсад дагаар орсон нь үнэн боловч тэд өнөөгийн өвөр, ар Монголын хэл соёлын дархлааг хадгалж үлдэх боломжит нөхцөлийг Чин гүрний хаантай "гэрээ”-ээр тохиролцож чадсан байдаг. Хятад гүрнийг  эзэрхийлсэн нүүдэлчин Зүржидийн Манжууд өөрсдөө 200 жилийн дараа Хятад улсад уусан шингэж, хэл соёл, уламжлал, хүн амаа алдсан бол ар, өвөр монголчууд дээрх "гэрээний ачаар” хүн ам, хэл соёлын хувьд тусгаар үлдэж чадсан юм. Тэгээд ч манжийн дарлалд 200 гаруй жил дарлагдсан гэх социалист түүх бичлэгийг эргэн харах хэд хэдэн нөхцөл шалтгаан байдгийг түүхчид өгүүлэх болсон.

Юуны өмнө төв халхчууд 1691 оны Долон нуурын чуулганаар Чин гүрэнд дагаар орсон бол Галдан бошигтоор удирдуулсан Зүүн гарын улс буюу Ойрадууд /одоогийнхоор Монголын баруун аймгийн нутагт амьдарч байсан хүмүүс/ Манжийн бодлогын эсрэг 60 гаруй жил тэмцсээр 1755 онд  Манжид хүчээр эзлэгдсэн түүхтэй. Тийм атал Монголчуудыг бүхэлд нь 210 гаруй жил Манжийн эрхшээлд байсан гэж үзэх нь учир дутагдалтай.

Үүний дараа яригдах нэг зүйл бол хэдийгээр Манж гүрэнд Монголчууд дагаар орсон ч халхын ноёдын  алсын хараатай дээр дурдсан "гэрээний үр дүнд” хэдийгээр Ар, өвөр Монголчууд Чин гүрний "вассал” улс байсан ч харьцангуй бие даасан бодлогыг орон нутагтаа явуулж, Манжаас  "харьцангуй хараат бусаар” амьдарч байсан бололтой байдаг. Түүнчлэн Монгол хүн, хятад манж хүнтэй гэрлэхгүй байх, Монголын газар нутаг руу хятад хятад, манж хүн одоогийнх шиг "виз” авч ордог байсан зэрэг бодлогын цаана цөөхөн монголчууд бид 200 гаруй жилд хэл соёлоо авч үлдэж чадсаны нууц оршиж байгаа юм.

Манжийн эрхшээлд байсан он жилүүдийн эхний 100 гаруй жилд Монголд буддизмийн мэдлэг соёл өндөр хөгжиж, Жагар, төвдийн мэргэдийг Монголын мэргэд мэдлэг чадварын хувьд давж гарсан гэдэг. Үүнийг түүхчид Манжийн бодлогоор монгол эрчүүдийг хүлцэнгүй байлгахын тулд Буддын шашинд оруулсан гэж үздэгч гэлээ үнэндээ ар гэр, аав ээж нь зовж зүдэрч, өлсөж цангаж байхад хөвгүүд нь нүдээ аниад, чихээ бөглөөд бурханы номдоо шамдан лам болъё гээд зүтгээд байсан гэдэг нь нэг л үнэмшилгүй байдаг. Харин ч эсрэгээрээ, тухайн цаг үед эгэл монголчуудын амьдрал ахуй тогтуун, аз жаргалтай биш юмаа гэхэд амар амгалан, ноёд нь ноёд шиг, түшмэд нь түшмэд шиг шударгуу зарчимч байсан болохоор айл өрхийн хөвүүд ар гэртээ санаа зовохгүй амар тайван эрдэм номдоо шамдан суралцдаг байсан боловуу гэж бодохоор.  Гэвч 19-р зууны эхээр Чин гүрэнд гарсан хар тамхины дайны уршиг, өлсгөлөн ядуурал дундадын нутагт газар авсны улмаас өвөр, ар монгол руу хятад тариачид, доншуур наймаачдыг илгээх болсноос эхлэн өнгө мөнгө, эрх мэдэлд шунасан монгол ноёдын иргэдээ  бодоогүй шийдвэр,  алба татвараа нэмсэн бодлого нь эгэл олны амьдрал ахуйд хүнд дарамт болж  энэ цагаас Монголчууд "Манжийн дарлалд жинхэнээсээ нэрвэгдэж” эхэлсэн гэж хэлж боломоор санагддаг.  Үүний үр дүнд 19 зууны дунд үеэс Монголчууд манжийн эсрэг ил далд тэмцэж эхлэсэн байдаг. Түүхэн эдгээр үйл явцыг түүхчид үнэн мөнөөр нь, баримт бичигтэй нь судлан гаргаж олны хүртээл болгох нь юу юунаас чухал байна.

Тусгаар тогтносон Монголын түүхэнд өвөр монголчуудын оруулсан гавьяа

Монголчууд бид азтай ард түмэн. Магадгүй тэнгэр биднийг ивээдэг байх гэж хэлж болмоор. 20 зууны эхэнд Манж чин гүрэн задран унаж байгаа цаг үе, чөлөө учрал, завшааныг ашиглан, та бидний өвөг дээдэс тухайн цаг үеийнхээ тэргүүлэх сэхээтнүүдийн сийрэг  ухааны ачаар 1911 онд Манжийн дарлалаас гарч Богд хаант Монгол улсыг байгуулсан тухай дэлхий нийтэд тунхагласан зарласан нь өнөөгийн тусгаар тогтносон монгол улсын эхлэл болсон юм. Ховдын хязгаарыг  чөлөөлөхөд  Богд хааны зарлигаар Өвөр Монголын Жирэм хошууны Горлосын Тогтох тайж, Зостын чуулганы харчин гүн Хайсан нар өөрийн цэргүүдийн хамт оролцож байсан түүхтэй. Тэд ийнхүү монголын тусгаар тогтнолын төлөө зүтгэж явахдаа эх орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлж байна гэж итгэж явсан биз.

20 зууны 10-20 онуудад  их гүрнүүдийн дунд Монголчуудын талаар олон "нарийн бодлого” явагдсан ч бид яван явсаар 1945 оны намар их гүрнүүдийн "шахаанд орсон” Дундад улсын зүгээс Ар монголчууд  өөрсдөө тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрвөл бид татгалзахгүй гэсэн байдаг. Дундад улс ийм шийдвэр гаргах болсны цаад шалтгаан нь нэг талаас  ЗХУ болон Англи, Америк тэргүүтэй их гүрнүүдийн өмнө Монгол улсыг тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс өөр гарцгүй болсон, нөгөө талаас Дундад улсын ард иргэддээ гадаад ар  Монголын иргэд өөрсдөө Хятадын харьяанаас гарах хүсэлтэй байсан учраас түүнийг нь зөвшөөрсөн төдий гэж тайлбарлан ойлгуулахын тулд ийм саналыг манай улсад тавьж байсан гэдэг.

Ингэж ар монгол тусгаар тогтносон улс болж, өвөр монгол дундад улсын харьяанд үүрд үлдсэн юм. Товчхондоо бол Дундад улс өвөр монголыг авч үлдэж чадсан учраас ар Монголыг "зөнд нь орхисон” гэсэн үг. Үүгээр бид юуг хэлэх гэсэн вэ гэвэл Гадаад монгол улсын Хятад улс хүлээн зөвшөөрөх болсны нэг шалтгаан бол тэд өвөр Монголыг өөртөө авч үлдсэнд оршиж байгаа гэсэн санаа юм.Газар нутаг, хэл соёл, ёс заншил, үндэс угсаан нэгтэй  өвөр Монголчууд ийнхүү Ар монголын тусгаар тогтнолын "золиос” болж үлдсэнийг бид өнөөг хүртэл анхаарах, ухаарах сэхээгүй яваагаар зогсохгүй, хэдийгээр хятадын газар нутагт байгаа хэдий ч эртнээс улбаатай эх нутагтаа амьдарч, хятадаас биднийг тусгаарлах "жийргэвч” болж,  өв уламжлал, зан зашил, бичиг соёлоо өнөөг хүртэл "тэмцэн” хадгалж ирсэн өвөр монгол ахан дүүсээ бид "хужаа буюу цагаач” хэмээн дуудах нь хир зохимжтой вэ?  Үүх түүхээ бодсон ч, өв соёлоо судласан ч тэд "хужаа буюу цагаач” нар биш юм.

Харин ч өвөр Монголчуудаар бид бахархах ёстой гэж боддог. Учир нь 1.4 тэрбум хүн амтай хятадуудын дунд амьдарч байгаа атлаа түүх соёл, ёс заншил, өв уламжлал, босоо монгол бичгээ хадгалан үлдэж чадаж байгаад нь өвөр монголчуудаар харин ч бид бахархах ёстой гэж  ойлгодог.

Төгсгөлийн оронд

Монгол-Хятад улсын харилцааны түүхээс харахад дэлхийн улс орнуудын хандлага, өмнөд хойд хөршийн бодлого, нийгэм улс төрийн үзэл суртал, түүхэн үйл явдал, улс орнуудын төрийн тэргүүлэгчдийн байр суурь гээд олон нөхцөл шалтгаанаас  хамаараад өөрчлөгдөж байсан байна.  1990 оны ардчиллаас хойших он жилүүдэд өрнөж байгаа  Монгол-Хятад улсын  найрсаг харилцаа, интернетийн хязгааргүй боломж нь ар, өвөр монголчуудыг бүх талаар ойртон дотносох, соёлын солилцоогоо ахиулах, түүх уламжлалаа харилцан судлах, бичиг соёлоо сэргээх боломжийг бидэнд урьд урдаас илүүтэй олгож байна.

Эцэст нь хэлэхэд эх түүхээ судлаад үзсэн ч, хэл соёл уламжлалаа бодсон өвөр монголчууд бол хар элгийн хятад биш буюу "хужаа” биш гэдгийг ойлгоцгооё. Тиймээс Өвөр монголчуудтай ярилцахдаа,  Өвөр Монголоор зочлохдоо тэднийг битгий "хужаа” гэж  хэлээрэй. Тэд хужаа биш, та бидний нэг адил Монгол хүн гэдгийг үргэлж санацгаая.

Ц.Мөнхбаатар