|

С.Зоригийг хөнөөсөн хэргийг задлах уу?

С.Зоригийг хөнөөсөн хэргийг задлах уу?

 

Төр, нийгмийн зүт­гэл­тэн С.Зоригийг хөнөө­сөн хэргийг хууль хянал­тынхан 19 жилийн дараа илрүүлж, шүүх байгууллага эцэслэв. Гэвч хаалттай хаалганы цаана өрнөсөн энэ хэрэгт олон нийт нэхэл шаардсан олон асуулттай эргэлзэж үлдлээ.

С.Зоригийг хөнөөсөн хэргээр Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нар 25 жил, Т.Чимгээ 20 жилийн ял сонссон. Хамгийн сүүлд Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсоныг Дээд шүүх хүчингүй болгож шийдвэрлэснээр энэ хэрэг бараг замхраад байсан юм. Хэргийн явцад С.Зориг агсны ар гэрийнхэн шүүх хурлыг нээлттэй явуулж, захиалагчийг зарлахыг удаа дараа хүссэн ч төрийн нууцад хамаарах нэрээр хав дараад өнгөрсөн юм.

Тэгвэл Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж захиалагчийг зарлах, хэргийг улсын нууцаас гаргах саналыг Засгийн газарт оруулахаа мэдэгдлээ. Тэрээр энэ үгээ чуулганы индэр дээр ч хэлж байсан удаатай. Салбарын сайд нь ажлаа авангуутаа анхаарал хан­дуулж, хуулийн байгууллагынхныг шахаж эхэлсэнээр С.Зоригийг хөнөөсөн хэргийн нууцыг задлах нь гэсэн хүлээлт нийгэмд үүслээ.

Ц.Нямдорж сайд өнгөрсөн баасан гаригт ЦЕГ-ын удирдлагуудтай уулзахдаа "Захиалагчийг нь зарлахгүй юугаа хүлээгээд байгаа юм. Найм, есөн хүний амь нас хохироосон гэж худлаа ярьж байсан хүний мэдүүлгээр л энэ бүх зүйл явлаа. Булганыг яагаад шүүх хуралд оролцуулдаггүй юм. Захиалсан юм бол төлбөртэй байж таараа. Баримтгүй шийтгэчихсэн юм бол хилсээр шийтгэсэн хүмүүсийг цагаатга. Хуулийн хүрээнд хэргийг нууцаас гаргах санал танилцуул. Түүнийг нь би Засгийн газарт оруулна” гэж хатуухан хэлжээ.

Бид энэ асуудлаар С.Зориг агсны дүү С.Оюуны байр суурийг сонсоход "Захиалагчийг нь зарлах талаар манай гэр бүлийн мэдэгдэл дээр ч бий. Энэ талаар аль арванхоёрдугаар сараас хойш яриад дийлэхгүй байна. Захиалагчийг олоогүй учраас энэ хэргийг шийдэгдсэн гэж үзэхгүй байгаа. Ер нь итгэл үнэмшил төрөхгүй, эргэлзээтэй байгаа гэдгээ хэд хэдэн удаа хэлсэн. Шүүх хуралдааныг нээлттэй явуулахыг шаардсан ч төрийн нууц гээд хүлээж аваагүй. Хэргийг ч мөн нээлттэй болгохыг хүссэн. Олон улсын парламентын холбооны хүний эрхийн төлөөлөгчидтэй уулзсан.  Хэргийг нээлттэй болгож захиалагчийг зарлах талаар ганц би, манай гэр бүл гэлтгүй олон түмний хүлээлт бий. Тиймээс ард түмэнд хариултыг нь өгөх ёстой” гэлээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

С.УЯНГА