|

Дархан сумын 56 иргэн “Хүүхэд харах үйлчилгээ” эрхлэх хүсэлтээ гарган бүртгүүлжээ

Энэ сарын нэгнээс хүүхэд харах үйлчилгээний тухай болон НӨАТ-ын тухай хуулиуд хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой хуулийг сурталчилах ажил зохион байгуулагдаж байна. Үүний хүрээнд Дархан сумын ЗДТГ-ын бүх ажилтан албан хаагчид дээрх хуулиудын талаар холбогдох албаныхнаас мэдээлэл сонслоо.

Still0114 00003

Аймгийн хэмжээнд хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтэй 156 хүн бүртгүүлсэнээс 56 нь Дархан сумын иргэд байжээ."Иргэдээс холбогдох материалуудын бүрдүүлэлтийг хүлээн авч тодорхой нөхцлийг хангасан 70 хүнд эхний ээлжийн 5 өдрийн сургалтыг явуулахаар бэлтгэл ажлыг хангасан” гэж хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Ж.Цэцэгмаа хэлэв.

Still0114 00005

Дархан-Уул аймагт өнөөдрийн байдлаар цэцэрлэгт хамрагдаагүй 2-5 насны 1755, хөгжлийн бэрхшээлтэй 16 хүртэлх насны 149 хүүхэд байна. Хүүхэд харах үйлчилгээг бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтанд хамрагдаж гэрчилгээ авсан, бага насны хүүхэдтэй харилцах арга зүй эзэмшсэн, халдварт болон сэтгэцийн өвчингүй, эрүүл, гэмт хэрэгт холбогдож байгаагүй 18-аас 65 насны Монгол Улсын иргэн эрхэлнэ гэж хуульчилсан байна.

Still0114 00002

Түүнчлэн хүүхэд харагч дээд тал нь 5 хүүхэд харах бөгөөд 3 хүн нийлээд 15 хүүхдийг харж болох юм байна. Улсаас нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг 116900 төгрөг байхаар тогтоосон бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй нэг хүүхдэд хувьсах зардлын хэмжээг 2 дахин илүү олгохоор болсон байна. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг хуулинд заасан шаардлагыг хангасан байдлыг харгалзан баг, хорооны Засаг даргын санал, дүгнэлтийг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга олгох юм байна.

Still0114 00001

Энэ хуультай холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээллийг http://www.legalinfo.mn/вэб сайтаас авах боломжтой.