Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Бат-Эрдэнийн ахалсан ажлын хэсэг энэ сарын 25-29-ны хооронд Дархан хот дахь шашны сүм хийдийн ажилтай танилцаж тэдгээрийг хуулийн хүрээнд ажиллаж байгаа эсэхэд шалгалт хийж байна.
Шалгалтын ажлын хэсэгт аймгийн Тагнуулын хэлтэс, Татварын хэлтэс, Цагдаагийн газар, НДХ, Санхүү хяналт, Аудит, Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар, Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний газар зэрэг байгууллагуудын төлөөлөл багтжээ. Тус аймагт одоогоор Будда, Христ, Лал, Католик шашны нийт 33 сүм хийд ажилладаг.
Ажлын хэсэг эхлээд "Дархан Балтист”, "Вайвем Дархан”, "Мария Акцилиум” католик сүм, Есүс Христийн "Хожмын үеийн гэгээнтнүүд”, Буддын шашны "Хараагийн Дарь-Эхийн ламын Гэцог Даржаалин хийд” зэрэг сүм хийдүүдийн ажиллах зөвшөөрөл, татвар төлөлт, санхүүгийн тайлан болон Хөдөлмөр, Нийгмийн даатгал, Татварын тухай хуулиудын хэрэгжилтийг шалгасан. Уг шалгалтаар "Дархан Балтист”, "Вайвем Дархан” сүмүүд нь үл хөдлөх хөрөнгийнхөө үнэлгээг нуун дарагдуулсан, орлогын эх үүсвэр нь тодорхойгүй, гадаадаас ирсэн номлогчид нь бичиг баримтын зөрчилтэй зэрэг дутагдал илэрчээ. Ажлын хэсэг үлдсэн хугацаанд бусад сүм хийдүүдийг шалгаж дуусаад үнэлт дүгнэлт өгч цаашид ажиллах зөвшөөрлийг нь сунгах эсэх талаар дүгнэлт гаргаж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулах аж.
Б.Норовсамбуу