|

Франц цамхаг Гобер сар талбайд гарахгүй боллоо

Франц цамхаг Гобер сар талбайд гарахгүй боллоо

 

Юта Жазз багийн төдийгүй НБА-ын хамгийн шилдэг төвийн тоглогчдын нэг Рүди Гобер баруун хөлөндөө авсан гэмтлийн улмаас дараагийн сар гарны хугацааг талбайн гадна өнгөрүүлэхээр болж байна.

 

Шилдэг хамгаалан тоглогчийн шагналд жил бүр хүчтэй өрсөлддөг тэрбээр өчигдөр MRI шинжилгээнд орсоноор өвдөг, шилбэний ясандаа гэмтэл авсан гэдгээ мэджээ. Уг гэмтлийг АНУ-ын цагаар баасан гаригт болсон тоглолтын үеэр Дион Вэйтэрстэй эвгүй мөргөлдөх үеэрээ авсан байна. Хоёр тоглогч бөмбөгний төлөө тэмцэж байх үед Дион Вэйтэрс түүний хөлийг хөшиж унасан юм. Үүний дараа Франц эр бямба гаригийн тоглолтыг өнжсөн бөгөөд хамгийн багадаа 4 долоо хоногийн дараа дахин шинжилгээнд орох юм байна.

 

Өнгөрсөн жил бүх НБА-ын 2 дугаар багт нэрлэгдсэн төвийн тоглогч энэ улиралд 13.9 оноо, 10.5 самбар 2.5 хаалтыг дунджилж байгаа. Түүний гэмтлийн улмаас Дэррик Фэйворс төвийн байрлал дээр гарч 24 оноо 12 самбараас бөмбөг авалт гүйцэтгэлээ.

 

Б.Энх-Амгалан