Монгол төрийн хямрал ёстой эцэс, төгсгөл, туйлдаа хүрээд байна. Төрийн ажил албаны нэр хүнд хэрхэн шалдаа бууж, хэрхэн яаж завхарч байгааг бид өдөр болгон л харж, сонсч байна. Тэнд ч нэг газрын дарга тавин сая төгрөгтэй баригдаад л, энд ч нэг хурган даргын хуурай дүү цагдаагийн ам руу салаавч чихэж сагсалзаад л, өөр нэг даргын төрсөн дүү сэлэм эргүүлж түйвээгээд л, ТЕГ-ын дарга нь УИХ-ын гишүүдийг айлган сүрдүүлээд л…
Монголын улс төрийн хямрал бүр чинээндээ тулаад байна. Монголын төр хэзээнээс ийм болчихов хэмээн ард түмэн гайхаж байна. Монголын төрийн том жижиг албад аль нэг намыг дагаж хөдөлдөг, намаас ганц тушаал өгвөл тэр чигээрээ зогсдог, хурган дарга нар нь хувийн ах ахуйгаа өргөжүүлж хөгжүүлэхээс өөр сонирхолгүй ийм хачин тогтолцоо яагаад тогтчихов оо, ийм бусармаг байдлыг хэн анх бий болгов хэмээн бие биенээсээ асууж бухимдаж байна. Монголын төрийн завхрал, хямрал ямархуу шатандаа очсоныг бид 2016 оны сонгуулийн үед анзаарсан ч тоогоогүй нь алдаа болжээ.
Өөрөөр хэлбэл НИТХ-ын дарга асан Ц.Сандуй төрийн албан тушаалуудыг бүгдийг нь мөнгөөр үнэлэн пирамид хэлбэрээр ханш тогтоож, тэр ханшаараа дамлан худалдах төлөвлөгөө зохиочихоод даргадаа танилцуулж байгаа нууц бичлэг ил болоход та бид "эвлүүлэг” хэмээн итгээд өнгөрсөн шүү дээ. Тэгвэл өнөөдөр болж байгаа үйл явдлууд энэ "эвлүүлэг” биш бодит үнэн байсныг нотолж байна.
Төрийн томоохон албан тушаалыг мөнгөтэй хүмүүс эзэгнэж, мөнгөтэй хүн ард түмний толгой дээр гарч туйлдаг болчихоор төр хүчгүй болдог юм байна, үнэ цэнэгүй болж хувирдаг юм байна. Монголын төрийг ийм эмгэнэлтэй байдалд оруулсан Ц.Сандуй мэтийн хүмүүс харин ажиг ч үгүй хорлон сүйтгэх ажлаа хийсээр байна гэж хэлж болох. Ц.Сандуй НИТХ-ын даргаас огцорсоноос хойш янз бүрийн арга саам хэрэглэн НИТХ-ыг удаа дараа хуралдуулахгүй, хэдэн гишүүнийг нь тийш нь харуулж суулгачихаад хэсэг удлаа. Өвлийн хүйтэн жавар хацар нүүр хайран тачигнаж, Улаанбаатар хотын гудамж талбай цас мөсөндөө дарагдчихаад, утаа униар нь нүүгэлтэн энэ өвөл эсэн мэнд онд орох уу үгүй юу гэсэн тулгамдсан асуудал босч ирчихээд байдаг. Гэтэл үүнийг өчүүхэн төдий ч тоохгүй, эрх мэдлээ алдчихгүйн төлөө хамаг чадлаараа зууран тэмцэж байна. Хэрвээ шударга ёс үйлчилдэг бол Монголын төрийг завхруулж төрийн албан тушаалуудыг хувийнхаа дэлгүүрийн эд бараа шиг үнэлж зарсан Ц.Сандуй мэтийн хүмүүс аль эрт ял шийтгэл хүлээх ёстой.
Гэвч Монгол улсад маань тийм сайхан үйл явдал тохиохгүй байгаа нь харамсалтай. Ц.Сандуй ял шийтгэл амсах нь байтугай урьдын адил төрийн албыг завхруулж, төрийн ажлыг санаатай цалгардуулж, өөрийнхөө бохир системийг хэвээр нь хадгалах гэж улангасан оролдсоор байгаа гэж хардаж болохоор.
Ц.Сандуй тэргүүтэй төрийн албыг мөнгөөр үнэлж зардаг, өөрийн танил тал, төрөл төрөгсөд, найз нөхдөд төрийн албыг бэлэглэдэг, тэдэнтэйгээ үгсэн хуйвалдаж төрийн өмч хөрөнгийг завшдаг, төрийн эрх мэдлээр түрий барин хууль зөрчдөг үл бүтэх этгээдүүдийг Монголын төрөөс нэгмөсөн үлдэн хөөж, авах ёстой ялыг нь өгч ахин төрийн алба руу ойртохгүй болтол хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Үүний тулд л эрх баригч намынг удирдаад аваад явах шинэлэг, эрчимтэй дайчин бодлогыг хэрэгжүүлэх дарга хэрэгтэй гэдгийг олон хүн хүсэн хүлээж байгаа.
Ц.Бат