Үндэсний аудитын газраас 2016 оны Улсын Их хурлын сонгуульд өрсөлдсөн намуудын мөрийн хөтөлбөрийн биелэлтэд аудит оруулахаар болжээ. Сонгуульд өрсөлдсөн намууд мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт өгч Үндсэн хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу хийгдсэн эсэхийг хянуулдаг. Мөн хэрэгжих санхүү эдийн засгийн үндэслэлтэй эсэхийг баталгаажуулдаг. Үүний дагуу 2016 оны Улсын Их хурлын сонгуульд өрсөлдсөн МАН, АН, МАХН-ууд мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагаар хянуулсан учраас амлалтаа биелүүлэхийг төрийн аудитын байгууллагаас шаардаж байгаа аж.
Үндэсний аудитын газраас мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтийн явцын мэдээлэл тайланг нэгдүгээр улиралд багтаан ирүүлэх албан бичгийг намын дарга нарт хүргүүлжээ. Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын биелэлтэд аудит хийсний дараа сонгогчдод тайлагнах юм байна. Өмнө нь намуудын мөрийн хөтөлбөрийн биелэлтэд аудит хийж байгаагүй бөгөөд үүнээс хойш жил болгоны нэгдүгээр улиралд багтаан мөрийн хөтөлбөрийн биелэлтэд аудит оруулж байхаар болжээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
С.УЯНГА