|

“Цасны хүн” буюу Алмас нь үнэндээ баавгай болохыг баталжээ

“Цасны хүн” буюу Алмас нь үнэндээ баавгай болохыг баталжээ

 

Хималайн уулсаар үзэгддэг гэдэг "Цасны хүн” буюу алмас нь үнэн хэрэгтээ нэгэн төрлийн баавгай болохыг эрдэмтэд тогтоожээ.

Судалгааны тайлан "Proceedings of the Royal Society B” сэтгүүлийн сүүлийн дугаарт нийтлэгдсэн байна. Тодруулбал "цасны хүн” нь Хималайд амьдардаг баавгайны гурван дэд төрөл болох Азийн хар, Төвдийн хүрэн, Хималайн хүрэн баавгайнууд ажээ.

Дэлхийн дээврийн өөр өөр хэсэгт амьдардаг эдгээр баавгайнуудыг олон жилийн турш хүмүүс алмастай андуурч ирсэн гэж эрдэмтэд дүгнэсэн байна.

Судалгааг удирдсан Буффалогийн Урлаг, Шинжлэх Ухааны их сургуулийн дэд профессор Шарлот Линдквист "Алмасны гэгдэх биологийн ул мөрүүд нь нутгийн баавгайны төрөл зүйлүүдийнх болохыг бид баталлаа” гэж мэдэгджээ.

Тэд алмасны шүд, яс, арьс үс, ялгадас зэрэг олон тооны олдворуудад генийн шинжилгээ хийсэн байна. Мөн дэлхийн олон оронд хадгалагдаж байгаа цасны хүний гэгдэх олдворуудын дээжийг шинжилгээндээ хамруулжээ.

Энэ ажлын хүрээнд мөн Хималайд амьдардаг баавгайн төрөл зүйлүүдийн 23 ширхэг олдворыг шинжилж, сайн судлагдаагүй эдгээр амьтдын тухай мэдээллийг шинээр олж тогтоосон байна. "Төвдийн өндөрлөгт амьдардаг хүрэн баавгай болон Хималайн баруун хэсэгт амьдардаг хүрэн баавгай нь хоёр өөр төрөл болохыг тогтоолоо” гэж Линдквист ярьсан байна. Тэд нэг төрөл байгаад 650,000 жилийн өмнө буюу мөстлөгийн үеэр салж, тэр цагаас хойш бүрэн тусгаарлагдсан гэж үзжээ.

Өнөөдөр Хималайн хүрэн баавгайн төрөл зүйлийг мөхлийн ирмэгт байгаа амьтдын жагсаалтад оруулж, Улаан номонд бүртгэсэн байдаг. Өрнө дахинд 20 дугаар зууны турш "цасны хүн” байдаг тухай домог яригдаж байсан юм.

Анх 1921 онд Хималайд аялсан Британий хурандаа Чарльз Ховард Бюри хүний нүцгэн хөлнийхтэй адил мөр цасан дээрээс олсноо бичиж байжээ.

Дараа нь 1925 онд Royal Geographical Society буюу Хатан хааны Газарзүйн Нийгэмлэгийн гишүүн хүн дүрстэй амьтныг уулын мөнх цасан дунд алхаж явааг харснаа мэдээлсэн нь уг домгийг улам өргөжүүлсэн байна.

1950-аад оны үед хоёр ч экспедиц алмасны мөрөөр аялж, хөлийн мөр, үс зэргийг олж ирж байжээ.

Гэхдээ Линдквистийн ахалсан баг "цасны хүн” огт байхгүй гэж хэлэхээс татгалзаж байгаа гэнэ. "Бидний судалгааны ажил алмасны тухай домгийг судлахад цаашид тус болох байх. Хэдийгээр ийм амьтан байдаг гэх ямар ч баталгаа олоогүй ч бид бүхэлд нь үгүйсгэх боломжгүй юм. Хүмүүс нууцлаг зүйлд дуртай шүү дээ” гэж Линдквист профессор ярьжээ.

Эх сурвалж: AFP

Э.СЭМҮҮН, IKON.MN