|

“Цэвэр агаар” сангийн хэрэгт эрүү үүсгэжээ

“Цэвэр агаар” сангийн хэрэгт эрүү үүсгэжээ

 

Энэ долоо хоногт УИХ-ын хэлэлцэх асуудлын  анхаарал татсан сэдэв нь Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай байгаа. Өчигдрийн нэгдсэн хуралдаан энэ хуулийн төслийг хэлэлцсэн.

Уг хуулийн төслийн хүрээнд агаарын бохирдлыг бууруулах сан байгуулах, хуримтлууртай цахилгаан зуух хөнгөлттэй зээлээр олгох  зэрэг 114 нэр төрлийн ажил хийгдэхээр яригдаж байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд утааны асуудлыг арилгахаар улсын төсвөөс 119 тэрбум 779 сая төгрөг, олон улсын хөрөнгө оруулалтаар 87 тэрбум 185 сая төгрөг зарцуулагдсан байна. Гэвч үүний үр дүн гараагүй.

Түүнчлэн "Цэвэр агаар” сан байгуулж ажиллаж байсан боловч үүнийг татан буулгасан. Харин одоо энэ санг эргэн байгуулах асуудал яригдаж байгаа юм. Энэ сангийн үйл ажиллагаатай холбоотой олон эргэлзээ байдаг.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын мэдээлснээр бол  "Цэвэр агаар” санг татан буулгаж  тус яаманд өглөг, авлагатай нь хамт шилжүүлээд байгаа аж.  Тус сангийн өглөг гэхэд л  2 тэрбум төгрөг байсныг  БОАЖЯ барагдуулжээ.  Одоо 3,4 тэрбум төгрөгийн асуудал дээр эрүү үүсгээд явж байгаа гэдгийг сайд энэ үеэрээ онцолсон юм.

Энэ сангийн хөрөнгө хаашаа юунд зарцуулагдсан, үнэхээр утааг багасгахад уу, аль эсвэл хууль бусаар уу гэдэг нь удахгүй тодорхой болох аж.

М.Нэргүй