|

АН-ын "дотор халуун"

-Фракцуудын зөрчил дахин сэргэлээ-

АН-ын дотоод зөрчил ил харагдаж байгаагаасаа илүү гүнзгийрч ирлээ. Энэ нь мөнөөх л фракцуудын эрх мэдлийн төлөөх тэмцлээс үүдэлтэй. Үнэнийг хэлэхэд, АН-ын дарга З.Энхболд битүү айдастай байна. Энэ нь Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулж чадалгүй хойшлуулснаар илэрсэн. Өдгөө энэхүү айдас нь хаван болж, АН-ын дотоодод фракцуудын өрсөлдөөн эрчимжиж эхэллээ.

Уг нь З.Энхболд "АН өнөөдрөөс эхлэн фракцгүй нам боллоо" гэж зарлаж байсан нь бараг л жилийн өмнөх үйл явдал. Цаад санаа нь тухайн үеийн "Алтангадас” фракцын хоншоорыг тас цохих зорилгоор хэлж байсан үг хэдий ч намын даргын хувьд дэвшүүлсэн бараг хамгийн анхны том тунхаг нь болсон. Гэтэл намын дотоод дахь фракцууд амь бөхтэй оршсоор байгаад зогсохгүй ноён даргын багалзуур дээр хутга шиг биш гэхэд тээг шиг тулж, амьсгалыг нь давчдуулж байна.

Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулж чадаагүй нэг шалтгаан нь 228 гишүүний дийлэнх олонхийг "Алтангадас” болон бусад фракц бүрдүүлдэг учраас  нам дотор хөдөлгөөн орохоос болгоомжилсон байх талтай. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг албан тушаалаасаа бууснаас хойш тус фракцын голлох нөлөө буурсан ч дахин чиг зааж эхлэх найдвар тээсэн хүчтэй дэмжлэг энэ фракцид байсан хэвээр. "Алтангадас”-аас гадна МоАХ, МҮДН, "Шонхор”, "Нэг ардчилал”, "Хөх тэнгэр”, "Кроун” гээд олон фракц энэ намд төрсөн. "Соёмбо” гэх фракцийн нэр ч дуулдаж байв.

Гэтэл энэ өдрүүдэд "Монголын ардчилсан нэгдэл” гэх фракц шинээр мэндэлж байгаагаа зарлалаа. Намынх нь дарга фракцгүй нам байх ёстой гэж зарласаар байхад түүнийг нь зориуд үгүйсгэж, тэрсэлдэж буй мэт шинээр фракц байгуулж байгаа нь АН-ын дотоод халууныг ил гаргасан хэрэг болж байна. Энэ фракцын үүсч бий болсон нөхцөл нь тодорхой. Ихэнх тохиолдолд нам дахь эрх мэдлийн хуваарилалтад оролцох гэсэн бүлэг улстөрчдийн сонирхлоос үүдэлтэйгээр фракц бий болдог. Тиймээс энэ фракцын бий болсон зорилго, шалтгаан, цаад санаархлыг тайлах хэцүү биш. Одоо АН-д эрх мэдлийн дахин хуваарилалт явагдахгүй. Засгийн газар огцорч, дахин сайд томилох хэрэгцээ шаардлага байхгүй нөхцөлд эрх мэдэл, албан тушаалын хуваарилалтад оролцох, нөлөөлөх зорилго одоогоор байхгүй ээ гэсэн үг.

Tэгвэл энэ удаагийн фракцуудын өндийх шалтгаан нь сонгуульд нэр дэвшүүлэх квот, мандатын хуваарилалт байж таарна. Яг 2012 он шиг. Тэр үед АН-ын хэсэг залуус нийлж "Мөнх Тэнгэр” фракц байгуулснаа зарлаж, Ардчилсан хүчний холбоо "Шонхор” фракцаа тунхаглаж байв. Өөрөөр хэлбэл, өөрийн хүмүүсээ намын жагсаалтад багтаах, эсвэл тойрогт намын өмнөөс нэр дэвших эрх олж авах өрсөлдөөн, шахалт, болзол, тулгалтуудыг фракцуудын зүгээс намын даргадаа үзүүлэх улс төрийн тоглолт ийн эхэлж байгаа хэрэг. Нам ялбал энэ нэгдэл албан тушаалын хуваарилалтад орох түшиц, нам дотроо наймаа ярих хэрэгсэл болно.

МоАН фракцын тухайд УИХ-ын гишүүн "АПУ”-гийн Г.Батхүү санаачилж, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Ерөнхий сайдын зөвлөх Б.Батбаатар тэргүүтэн хамтарч байгуулжээ. Г.Батхүүгийн хувьд УИХ-ын гишүүний эрхээ шүүхийн шийдвэрээр гардахаас өмнө УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөхөөр ажиллаж байсан. Тэгвэл фракц байгуулсан явдал нь энэ хоёрын харилцаа асар хүйтэрсний шинж тэмдэг болов. Г.Батхүү юуны учир намын даргынхаа эсрэг сөрөх болов?

Г.Батхүү ирэх сонгуульд намын жагсаалтаар оролцох хүсэлтээ З.Энхболдод илэрхийлсэн гэх мэдээлэл байна. Тэгэхдээ бүр жагсаалтын эхний тавд багтахыг хүссэн бололтой. Харин намын дарга нь түүний хүсэлтийг хүлээн авсангүй бололтой юм. Ингээд Г.Батхүүд фракц байгуулан, даргынхаа өөдөөс турхирах нөхөд, хань хамсаатантай болж авах хэрэгцээ шаардлага бий болсон хэрэг л дээ. Түүний фракцид хэн хэн очиж нийлэх вэ. Намдаа гомдсон, эсвэл тойрог, жагсаалт горилсон ч найдвар муу байгаа АН-ын гишүүд очиж нийлж таарна. Тус фракцид хамгийн сүүлд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт нэгдсэн тухай мэдээлэл байна. Хэрвээ тэр үнэн бол тун удахгүй Ч.Сайханбилэг ч С.Баярцогтыгоо дагаад тус фракцид дагаар орж магадгүй. Гэхдээ түүнийг нам дотроо хөдөлгөөн хийлгэхгүй байх нэг нөлөө байгаа нь УИХ-д хэдийнэ тогтчихсон нам дамжсан сонирхлын бүлгүүдийн хуваагдал юм. Энэ өнцгөөс харвал Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын зам анх удаа салж ч мэдэх юм.

Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар "Алтангадас” фракцид харьяалагддаг хэдий ч Н.Алтанхуягийг унагахад гар бие оролцоогүй юм гэхэд  эсэргүүцээгүй учраас ёс зүйн үүднээс орон зай, оролцоо, нэр нөлөө нь илэрхий хумигдсан. Дээр нь Ч.Сайханбилэг намын даргын тамгагүй Ерөнхий сайд учраас З.Энхболдтой хүссэн ч, эс хүссэн ч ойлголцох шаардлагатай. Иймээс шинэ фракц дагаж намирах цаг биш.

Энүүхэндээ гэж хэлэхэд, "Алтангадас” ҮЗХ дотроо төлөөлөл олонтой боловч УИХ дотор нөлөөгөө нэлээдгүй алдчихаад байгаа. Р.Гончигдорж төвийг сахиж, С.Баярцогт, Г.Батхүү нар нь шинэ фракц үүсгэж, Я.Санжмятав л Н.Алтанхуягийнхаа дэргэд буурь сахиж буй. А.Бакей л гэхэд МоАН руу орлоо. Тэгэхээр МоАН гэх фракц явж явж "Алтангадас”-аас тасарсан шинэ үр хөврөл байх магадлал өндөр. Тус фракцыг бүрдүүлж буй Г.Батхүү, А.Бакей, Л.Болд, Ц.Оюунгэрэл нар өмнө нь "Чандмань” гэх фракц байгуулах гээд бүтээгүй. Харин тэрхүү "Чандмань” нь "Алтангадас” фракцын төрмөл хүүхдүүд.  Өөрөөр хэлбэл, "Алтангадас”-ын хуваагдал одоо МоАН нэртэйгээр ил гарч ирж байна.

Тэдний эсрэг талд З.Энхболдын тэргүүлсэн Ардчилсан хүчний холбоо, "Шонхор” фракц нүүдэл хийж байна. З.Энхболд хэдийгээр "Шонхор” фракцаас татгалзсан, Ардчилсан хүчний холбоо бүлгэмийнхээ тамгыг С.Эрдэнэд хүлээлгэн өгсөн хэдий ч хэзээ ч фракцуудын өрсөлдөөний гадна байгаагүй юм. Тэрээр ҮЗХ-ны бүрэлдэхүүн болоод намын чухал аппаратад өөрийн бодлогын хүнийг шургуулахыг үргэлж санаархаж байв. Нам доторх фракц улс төрийн хүрээнд чухам ямархан нөлөө үзүүлж болдгийг өөрийн биеэр үлгэрлэн үзүүлж, "Шонхор” фракцыг гаргаж ирсэн хүн бол тэр өөрөө. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал энэ талаар "Фракцууд шийдэл биш. Дандаа асуудал үүсгэж байна. Үүнээс татгалзана гэдэг зөв санаа. Яг цагаа тулахаар татгалзаж чадахгүй байна. Хэдийгээр албан ёсоор зарлаад байгаа ч татгалзаж чадахгүй л байна. Өнөөдөр З.Энхболд өөрөө дунд нь орчихсон, наймааны гол эзэн болоод явж байна” хэмээн ярьсан.

Сонгуулиас өмнө АН доторхи хэрүүл тэмцэл улам гаарахын эхний дохио болсон МоАН фракцын чимээнээс хамгийн их цочиж, эмээж буй хүн бол бас л З.Энхболд. Тэрээр ҮЗХ-ны хурлыг энэ хавартаа хуралдуулж таарна. Тэр үед ҮЗХ-ны гишүүдийн сүүлийн нөхөн томилгоо явагдана. Фракцуудын ашиг сонирхлыг зөв зохистой хангахгүй бол улс төрийн хохирол амсч мэднэ. Хамгийн наад зах нь намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяраа сонгуулийн кампанит ажил эхлэхээс өмнө алдах ч аюул үүснэ. АН-ын гол фракцууд болох "Алтангадас”, МоАХ хоёрын хүч нэлээд суларсан. Гэхдээ л улс төрийн тоглолтууд тэдэнгүйгээр хийг­­дэхгүйг санах хэрэгтэй. Хүч­ний хуваарилалт МоАХ аль талд гарч зогсохоос илүү их хамаарах болов уу.

Юутай ч АН-ын дотоод улс төр халуухан өрнөх төлөвтэй байгаагийн зэрэгцээ бие организмын хувьд аль хэдийнэ халуураад эхэлчихлээ. АН-д фракцууд нь дандаа зовлон болж байснаас шийдэл, давуу тал болж байсан удаагүй. Тиймээс тэдний хуваагдал, эрх ашгийн нэгдмэл биш байдал нь юунд хүргэхийг ирэх өдрүүдийн үйл явдлууд харуулах биз...

Д.Дамдинжав

Эх сурвалж: "Ардын эрх" сонин