|

Уламжлалыг мартах ёсгүй

 
Монгол түмэн Хүннүгийн үеэс мал сүрэг тарга тэвээрэг авч, сүү цагаан идээ дэлгэрч, модод найгасан намрын сард Сүүн сар буюу шинэ оны баяраа тэмдэглэж ирсэн уламжлалтай.

Эзэн богд Чингис хаан Монголын олон аймгийг нэгтгэн Их Монгол Улсыг байгуулсан тэр цагт Цагаан сарыг хаврын тэргүүн сарын шинийн нзгэнд төр ёсны их баяр болгон тэмдэглэж байх зарлиг буулгасан гэдэг. Ийнхүү хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө эзэн Чингис хаан хулгана цагт дээшилж, шинэ дээл хувцсаа өмсөн мөнх хөх тэнгэр монгол эх газартаа мөргөн залбирч, Өэлүн эхдээ золгох ёсыг үйлджээ. Дараа нь их ордондоо морилон сайд, түшмэд, цэрэг болон ард иргэд их дуу хөгжим үүсгэн угтахад "Дээл ихэдвэл өмссөн хүний биед ачаа болно, эмээл хүндэдвэл унасан моринд дарамт болно. Эрхэм хэтэрбэл хүний сэтгэлд осолтой болно, янз хэтэрбэл эл улсын дордост зүдгүүр болно” хэмээгээд  эдгээр зүйлийн ёслол хөгжмийн дүрэм хэмжээ ба өнгөн байдал сүрдэж, цочоох төлөвтэй тул манай...газар хэрэглэхгүй гэж сайд, түшмэл зөвшөөрч "Энэ зарлиг түмэн үеийн... сургаал болтугай” гэсэн учир тэр цагаас даган мөрдсөн гэдэг. Их эзэн Чингис хаан IV жарны улаан хулгана жил буюу 1216 оны Цагаан сарын шинийн нэгэнд "Миний харьяат 692 хот балгадын сав хөмрөгөөс шар алт мянган лан, цагаан мөнгө түмэн лан, даавуу арван нэгэн хэсгийг гаргаж харьяат улсын жаран наснаас дээшихэд хоёр хувь, наян наснаас дээшихэд гурван хувь, ерэн наснаас дээшихэд дөрвөн хувь, зуун наснаас дээшихэд таван хувь шагнахаас гадна нэг зуун арван наснаас дээш настанг надад бараадуул. Нэгэн зуун хорин наснаас дээш настанд "Улсын их өтгөс” цол шагнаж таяг тулуулан надад бараадуул. Үүнээс өндөр настан байвал сүйхэд суулган дамнан бараадуул. Эдгээрт цөм тусгай өргөмжпөл олгоно” гэсэн зарлиг гаргаж байжээ.

Мөн таван их харгисаас бусад ялтанг хэлтрүүлж, өршөөл үзүүлэх зарлиг гарган хэрэгжүүлж байжээ. Эзэн Чингисийн үеэс Цагаан сарын баярыг ёслол төгөлдөр тэмдэглэж ирсэн дээрх уламжлал өмнөх тогтолцооны үед сар шинийн баярыг хориглож цагдлан зөвхөн нэгдэлч малчдын баяр болгон тэмдэглэж байсан он жилүүдийг эс тооцвол цаг үедээ тохирон хэрэгжсээр өдий хүрч иржээ гэж үзэлтэй. Эдүгээ жил бүрийн билгийн улирлын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн "Цагаан сар”-аар албан байгууллага, аж ахуйн нэгж бүхэн тэтгэвэрт гарсан ахмад настнуудаа урин хүндэтгэл үзүүлдэг жаяг тогтсоны дээр зарим жил төрийн дээд одон, медаль, алдар цолоор ч шагнаж урамшуулдаг нь үүний нэгэн жишээ биз ээ.
 
Ю.САНЖААГОНЧИГ /Ахмад настан/