Цагаан сар буюу Сар шинийн баяр болоход цөөхөн хоног үлдээд байгаа. Бид энэхүү баярынхаа идээ будааг засах, шүүс махаа хэрхэн таваглах, битүүний өдөр юу хийдэг зэрэг ёс жаягаа зөв мэдэж, зөв хийж байна уу гэсэн бодол төрсөн юм.
Тиймээс та бүхэндээ энэхүү ёс жаягийн хэсгээс танилцуулж байна.
Битүүлэх ёсон
Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг. Идээ будаагаа засаж, хаалганыхаа баруун тотгоны дээр цагаан чулуу, цэвэр тунгалаг цас мөс тавьж сайн зүгийн эзэд сахиус орохын үүдийг нээхийн хамт, зүүн тотгоны дээр өргөс харгана, шарилж тавих нь муу зүгийн ад чөтгөрийн хорлолыг хаадаг учиртай. Битүүний орой цэвэр цэмцгэр хувцаслаж, өтгөс бууралдаа өнгөтэй өөдтэй олбог дэвсгэрээ дэвсэн, ширээгээ засаж дээр нь битүүлгээ тавьж, идээ ундааныхаа дээжийг зүүнээс баруун тийш өрж, галдаа өргөж, бурхандаа дээжилсний дараа гэрийн эзэгтэй цайныхаа дээжийг гэрийн эзэндээ эхэлж барьдаг ёстой. Гурван марал одонд идээ өргөж битүүлгээ хөндөнө. Цагаан сарын идээг онцгой хүндэтгэлтэйд тооцдог. Битүүний зоогт эрүүг нь заагаагүй хонины битүү толгой юм уу, өвчүү байдаг. Хонины бүтэн махыг гэрийн эзэн эхэлж есөн хөндлөнг (толгой, хошуу, хоёр эрүү, хоёр чих, ууцны хоёр тал) хөндөж эхлээд галдаа, дараа нь бурхандаа өргөөд, гэрт байгаа хүмүүст тараана. Тавиас дээш настанд архи хүртээдэг учиртай.
Цагаан сарын идээ засах тухай
Цагаан сардаа монголчууд бор болон цагаан гэсэн хоёр янзын идээ бэлдэнэ. Бор идээнд: бүхэл мах, битүү бууз банш, шимийн архи. Цагаан идээнд: бүх төрлийн цагаан идээ, ул боов, боорцог, айраг ордог байна. Анх Монголын буддын шашины тэргүүн өндөр гэгээн Занабазар санаачлан ул боовны хэв урлаж хийснээр хэвийн боов үүссэн түүхтэй. Нутаг нутгийн онцлогоор ул боов буюу хэвийн боов, зарим нь ч хавсай хийж, таваг засахдаа ахмадыг хүндэтгэн гурав буюу түүнээс дээш боов давхарлан тавган дээр өрж, дунд нь боорцог хийн дүүргэж дээд тал нь 81 ширхэг ул боовоор засдаг.
Тавгийн боовыг гурваар өрдөг нь тулгын гурван чулуу болон жаргал зовлон жаргал, таваар өрдөг нь таван бие махбодь, үе үеэр давхарладаг нь айл гэрийн хэдэн үетэй золгосны шинж буюу билэг тэмдэг. Тухайн өрхийн тэргүүлэгч хүн, хэдэн нас зооглож байгаа болон хэдэн үр ач, хэдэн зээ, хэдэн гуч дөч үзсэн гэх мэтээс хамаараад "Тэдэн улыг элээжээ” гэж хүндэтгэн, юм үзэж нүд тайлснаар нь дахин ул элээх билэгдэл болгон нас нэмж, ул боовоороо таваг засдаг байна. Монголчууд тавгийн идээ засахгүй бол тухайн жилдээ хиймор лундаа гутаж идээ ундаагаар хомс байна гэж цээрлэдэг.
Ууц, шүүс тавих тухай
Ууц шүүс тавих ёс Монголын Буддын шашины тэргүүн Өндөр гэгээн Занабазарын үеэс уламжилсан. Учир юу вэ гэвэл Өндөр гэгээн Занабазарыг таалал төгсөхийн өмнөхөн шавь нар нь "Таны хөргийг бид хэрхэн бүтээвэл зохих вэ?” гэж асуухад "Намайг өмнөө монгол хонины ууц тавиад, таллаж байгаагаар зурж дүрслээрэй. Монголын заяа их амны хишигтэй байх ёстой. Монгол хүн өлсөх ёсгүй. Үүнийг бэлгэдэж би энэ хөргийг зуруулж байгаа юм аа” гэж хариулсан гэдэг.
Тэгэхээр ууц идээ гэдэг маань өөрөө монголчуудын маань аман хишгийн бэлгэдэл юм. Ууц нь зургаан хавирга, ууц сүүлийн хамт үргэлжилж байгаа хэсгийг нэрлэх бөгөөд ууцан дээр сээр, эсвэл хүзүү, дал, дөрвөн өндөр, хавирга, хонготой шагайт чөмөг дагуулан тавьдаг. Гийчний өмнө ууц тавихдаа баруун гарт нь дөрвөн өндөр хавиргыг тавих бөгөөд сээрний нарийн үзүүр, шаантыг борви, далны мах, хавирганы буруу талыг ууцны харцага өөд харуулан тавина. Хэрэв сээрний оронд хүзүү тавих бол аман хүзүү талыг харцага тийш нь, харцагыг зочны зүг харуулан тавина.
Ууцыг хөндөхөд зүүн гараараа харцаганаас түшин барьж, баруун гар дахь хутгаар ууц, сүүл хоёрын уулзвар орчинд голд нь нэг, дараа нь олон яс уулзах орчмоос эхлэн өөрийн тийш харцаганы хоёр зураа дагуу цувуулан гурав гурав эсгэнэ. Түүний дагуу сүүлний бөгтрөг орчмын хоёр толионоос дугараг хэлбэртэй хоёр хэсэг өөх хөрслөн халимлаж авна. Дараа нь харцага талын ирмэгийн мах өөхний нийлэлт орчмын хоёр талаас хоёр хэсэг халимлан аваад толгой сүүлнээс авсан хоёр дээжтэй нийлүүлэн гал голомтын хувь гэж тусгай тавьдаг байна.
Ийнхүү хөндөж гүйцсэний дараа ууцаа таллана. Хоёр талаас таллаж авснаа гурав гурав хувааж нэгийг нь галын хувь дээр нэмнэ. Харин гурвыг нь дээж болгож тусгай тавина. үлдсэн хоёрыг хувь болгон үлдээж амсана. Дараа нь ууцныхаа хоёр талаас нэжгээд таллан авч хишиг хэмээн тараадаг ёстой ажээ.