С.САРУУЛ
Хахир өвлийн хүйтэнд балчир үрсээрээ хурдан морь унуулдаг. Хүүхдүүд нь уралдааны үеэр унаж бэртэж, амь насаа алдсаар байхад тоодоггүй "зэрлэгшсэн” нийгэмтэй улс орон Монголоос өөр байдаг болов уу. Бүр НҮБ, олон улсын хүний эрхийн байгууллагуудаас анхааруулж, сануулсаар байтал өвлийн улиралд хурдан морь уралдуулахыг зөвшөөрөх тогтоол баталж суудаг Засгийн газрын газар, бодлого гаргагчид байгаа нь үнэхээр "гайхамшигтай”. Тэр дундаа уяачид, сайд дарга нарын хэсэгхэн хормын зугаа цэнгэлийн золиосонд амь насаа алдаж, насан туршдаа эрэмдэг болон үлдэж буй хүүхдүүдийн төлөө үнэн зөв, ээлтэй шийдвэр гаргах, шахаж шаардаж үгээ хэлэх эрх мэдэлтэн энэ цагт ховордсоныг өвлийн морин уралдаан гэрчилнэ. Гагцхүү морин уралдааныг харж баясч, нэгэндээ бардамнаж гайхуулж суухаас өөрөөр балчир хүүхдүүд хахир өвлийн хүйтэнд хурдан морины нуруун дээр ямархуу байдалтай байгаа, яагаад унаж амь нас, эрүүл мэндээрээ хохироод буйг бодох сөхөөтэй нь нэгээхэн ч алга.
У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар энэ оны нэгдүгээр сарын 19-нд хуралдаж өмнө нь жил бүрийн аравдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэл хориглодог байсан өвлийн морин уралдааныг зохион байгуулах хугацааг өөрчилж хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулах хурдан морины уралдаан, сунгаанд 12 хүртэлх насны хүүхдийг хурдан морь унуулахыг хориглосугай хэмээн өөрсдийгөө өмөөрсөн, хаацайлсан шийдвэр гаргав.
Хүүхдүүдээ "тамласаар” байгаа өвлийн уралдааныг зөвшөөрсөн Засгийн газрын энэхүү шийдвэрийг ихэнх аймгийн Засаг дарга нар мөрдөхийг чиглэл болгосон ч цөөн хэд нь өвлийн уралдаанд тэр дундаа хүүхдүүдийг эрсдэлд оруулах зүйлд "Үгүй” гэж хэллээ. Тодруулбал, Өвөрхангай, Ховд, Архангай аймгийн Засаг дарга нар аймгийнхаа нутаг дэвсгэрт өвлийн морин уралдаан зохион байгуулахыг хориглосоныг олон нийт сайшаан дэмжиж байгаа юм. Өвлийн морин уралдааныг тавдугаар сарын 1 хүртэл хориглосон шийдвэрийг Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд энэ сарын 6-нд гаргасан бол Архангай аймаг 2018.02.14-ний өдрийн А/58 захирамжаар Хурдан морины уралдаан зохион байгуулахыг хоригложээ. Мөн Ховд аймгийн Засаг дарга хүүхдэд ээлтэй шийдвэрийг гаргаад байгаа юм.
Эх сурвалж: www.polit.mn