Ч.ГАНТУЛГА
Монгол киноны түүх 1935 оноос эхтэй. "Монгол хүү”-ээр анхны шангаа татсан энэ салбарынхан он цагийн нугачаанд сөхөрч, сөгдөж, унаж, босч, тэмцсээр өдгөө XXI зуунтай золгосон билээ. Одоо ч тэдний эрэл хайгуул, үргэлжилж байна. Гэхдээ илүү том талбар луу тэмүүлж, гадны зах зээл рүү чиглэж байгаа нь олзуурхууштай. Олон улсын тэмцээнд ч манай бүтээлүүд өнгөлж, тэргүүн эгнээнд давхидаг болоод удлаа. Энэ бол дэлхийд Монголыг сурталчилж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм. Мөн дэлхийн томоохон наадмуудыг эх орондоо зохиож, улс бүрийн онцлогийг харуулсан тус орны кино өдрүүдийг уламжлал болгон зохиож байгаа нь дэлхийн зах зээлд ойртсон бас нэгэн алхам. Дэлхий кино урлагийг мөнгө гэсэн сэтгэлгээгээр харж байна. Олон улсын зах зээлд минут тутамд шинэ бүтээл нээлтээ хийж, асар их мөнгөний урсгалыг дотоодын зах зээл рүү татаж байна. Газар нутгаа сэндийчиж, зарж мөнгө олохын оронд оюунаараа, соёл урлагаараа дэлхийд үнэлэгдэж чадвал асар их хөрөнгийг олж болдгийн сонгодог жишээ тэнд бий.
ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД КАНАД УЛС УДААЛЖ БАЙНА
Холливуд гэдэг утгаараа киноны зэх зээлд АНУ тэргүүлдэг. Тус улс 2017 оны байдлаар 8.7 тэр бум төгрөгийг дэлхийн зах зээлээс олжээ. Харин түүний араас энэ талбарт гэрлийн хурдаар тодорч буй улс нь Канад юм байна. Тус улс 2015 оны байдлаар зөвхөн киногоор 5.2 тэрбум ам.долларын орлогыг дотоодын зах зээлдээ татаж чаджээ. Харин өнгөрсөн онд энэ хөрөнгө хоёр дахин нэмэгдсэн мэдээлэл бий. Эдгээр улс кино хийхийн тулд хөрөнгө босгох гэж улайрдаггүй. Учир нь жил бүр Засгийн газар болон хариуцсан яамнаас нь зөвхөн шинэ кино хийхэд зориулах төсөв баталж өгдөг юм байна. Европын орнуудын хувьд дунджаар 76 сая ам.долларыг нэг кинонд зориулдаг гэсэн судалгаа гарчээ. Харин манай улсын хувьд одооноос л дэлхийн зах зээлд өрсөлдөх эхний алхмуудыг хийж байна. Гэхдээ дэлхийд нээлтээ хийгээд шуугиан тарьсан бүтээл алга. Харин өнгөрсөн онд Олон улсын тэмцээнд амжилттай оролцож, Азийн шилдэг таван киноны нэгээр шалгарсан "Ээж” уран сайхны кино тэсрэлт болж чадсан. Эх хүний үрээ гэх сэтгэл, тэвчээрийг харуулсан тус бүтээл Башкортостан улсын нийслэл Уфа хотод болсон "Мөнгөн Акбузет” олон улсын кино наадмын нээлтийг хийж, "Шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд тэргүүлсэн юм.
ЦАГ АГААРЫН ХҮНД НӨХЦӨЛД ЗУРАГ АВАЛТ ХИЙСЭН
Дэлхийн бүх ээж үрийнхээ төлөө цохилох зүрхтэй байдаг. Харин тэдний дундаас монгол ээжийн үрээ гэх сэтгэл, онцлогийг тодотгож өгснөөр энэ бүтээл дэлхийд үнэлэгдсэн. Киноны гол дүрийг Ардын жүжигчин Д.Мэндбаяр бүтээсэн юм. Тэрээр "Үрийнхээ төлөө залбирч, тэднийхээ сайн сайхны төлөө амьдардаг бүх ээжийн дундаас миний бор дээлтэй ээжийн дүр амилсан юм. Энэ хэрээр надад хүндлэл ч ирсэн. Дэлхийн нэр хүндтэй наадмуудад манай кино амжилттай өрсөлдөж байна. Энэ нь Монголын кино урлаг дэлхийд өрсөлдөхөд бэлэн болсныг харуулах тод жишээ гэж би бодож байна. Зураг авалтын үед даралт ихэссэн ч киноныхоо төлөө бэрхшээл бүхнийг давсан. Миний насанд ийм дүр өгсөн найруулагчдаа баярлалаа” гэсэн юм. Харин тус киноны найруулагч, жүжигчин Б.Эрдэнэцэцэг "Манай уран бүтээл тив дамжин олон улсын наадмуудад амжилттай оролцлоо. Энэ нь эх орноо, кино урлагаа дэлхийд таниулах том алхам боллоо гэж сэтгэл өег сууна. Бид зураг авалтаа Сэлэнгэ аймгийн Зүүнбаянд хийсэн. Тэнд элсээр их шуурдаг, цаг агаарын хувьд тогтворгүй байсан. Гэхдээ бид хамтын хүчинд зураг авалтаа амжилттай дуусгасан” гэв. Кино зохиолч Б.Мөнхтуяа "Би энэ зохиолоо өөрийн амьдралд тохиолдсон зүйлээс сэдэвлэн бичсэн юм. Эх хүний үрээ гэх сэтгэл ямар агуу вэ гэдгийг харуулахыг зорьсон. Тиймээс хүмүүст хүрсэн байх. Найруулагч болон гол дүрийн жүжигчин маань бүтээлийг амьдруулж чадлаа. Бидний гаргасан замаар олон уран бүтээлч түүчээлээсэй” гэсэн юм.
ЭНЭ ОНД 20 ГАРУЙ КИНО НЭЭЛТЭЭ ХИЙНЭ
Зөвхөн "Ээж” кино ч биш манай уран бүтээлчдийн хийсэн богино хэмжээний кинонууд амжилт дагуулсаар л байна. Саяхан гэхэд Австрид болсон олон улсын наадмаас "Овооны наадам” кино гранпри шагнал хүртсэн. Мөн "Хэнгэрэг”, "Домог” зэрэг кино олон улсад эх орныхоо нэрийг гаргаад ирснийг дурьдах нь зүйтэй. 2018 оны байдлаар "Яригдаагүй түүх”, "Баярлалаа Аав аа”, "Үүлэн хээтэй орчлон”, "Алтан өндөг”, зэрэг 20 гаруй монгол кино нээлтээ хийхээр хүлээлт үүсгээд байна. Эдгээрээс хэд нь дэлхийд үнэлэгдэх уран бүтээл болсныг бид таашгүй. Үүнээс харахад монгол кино экспортын бүтээгдэхүүн болоход ойрхон байна. Үзэгчид ч жинхэнэ бүтээлийг ойлгож, үнэлдэг болсон нь ажиглагдаж байна. Өнөөг хүртэл бор зүрхээрээ явж киноны салбарынханд жаахан дэмжлэг үзүүлэхэд бид дэлхийн кино театруудад "Монгол” гэсэн тамгатай бүтээлийг үзэхэд гайхах зүйлгүй болох нь.
Зургийн найруулагч Д.Ангараг:
ДЭЛХИЙД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДӨХӨД САЙН ПРОДЮССЕР ХЭРЭГТЭЙ
-Монголчууд кино хийхдээ эхлээд зохиолоо, зураг авах тухайгаа л боддог. Гэтэл дэлхийн жишгийг харахад эхнээс нь бүгдийг хийгээд явах ёстой юм байна. Америкийн кино компаниуд энэ зарчмаар ажиллаж байна. Яаж эхнээс нь зохистой зөв бүтээх вэ гэдэг нь чухал. Үүнийг зохицуулах сайн продюссер хэрэгтэй байна. Мөн зах зээлээ судлах хэрэгтэй. Хаана нээлтээ хийх вэ. Энэ киног ямар үзэгчид үзэх вэ. Маркетингийн нарийн төлөвлөгөө чухал. Учир нь кино бол бизнес.
Жүжигчин, продюссер Н.Оргил:
КИНО УРЛАГ ХӨГЖИХӨД ТӨРИЙН БОДЛОГО ХЭРЭГТЭЙ
Кино урлаг хөгжихөд төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй. АНУ гэхэд төрийн бодлогоо кино урлагаар дамжуулж явуулдаг. Кино бүрт нь америк хүнээс илүү ухаантай, сайхан сэтгэлтэн үгүй мэтээр тусгадаг шүү дээ. Кино хүний сэтгэл, үзэл бодолд шууд нөлөөлдөг онцлогтой салбар. Тиймээс Солонгос, Франц, Хятад, Орос, Энэтхэг гэсэн улс хамгийн эхэнд киноны салбараа анхаарч, хөгжүүлж байна. Бид үүнийг нэвтрүүлж, киноны салбарыг бодлогын хэмжээнд дэмжиж чадвал дэлхийн зах зээл ойрхон байна.
Найруулагч Д.Золбаяр:
ИХ МӨНГӨТЭЙ БАЙЖ САЙН КИНО ХИЙНЭ ГЭСЭН ЖИШИГ БАЙХГҮЙ
-Их мөнгөтэй байж сайн кино хийнэ гэсэн жишиг байхгүй. Хятадын Жан Мун гэж алдартай найруулагч "Баатар” киног хийхдээ 30 сая ам.доллар зарцуулсан байдаг. Бага төсвөөр сайн кино хийхийн тод жишээ энэ. Бидэнд хөрөнгө мөнгөнөөс гадна техник, технологийн дэвшил дутагдаж байна. Техник минут тутамд шинэчлэгдэж байна. Үүнийг бодолцох хэрэгтэй. Бид дотооддоо жижиг зах зээлд өрсөлддөг учир зардлаа нөхөх хэцүү. Тиймээс дэлхийн зах зээлд өрсөлдөхөөс өөр аргагүй.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин