Оросын Гадаад хэргийн яам мэдэгдэл гаргаж "ОХУ тун удахгүй Их Британид хариу арга хэмжээ авна" хэмээн тэмдэглэлээ.
Мэдэгдэлд "Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй Оросын тагнуулын ажилтан агсан иргэн Их Британид "хордсон” хэрэгт ОХУ оролцсон байж болзошгүй гэдгээр шалтаг болгож, Орост шийтгэл оноохоо мэдэгдсэн байна.
Энэ бол урьд өмнө байгаагүй өдөөн хатгалга, Орос Их Британи хоёр орны хэвийн яриа хэлэлцээний үндэс суурийг бусниулж байгаа хэрэг юм гэжээ.
Оросын 23 дипломат албан тушаалтныг хөөнө гэх зэрэг дайсагнах жигшүүртэй арга хэмжээ авна гэдгээ Их Британи мэдэгдээд байна, үүнийг яасан ч хүлээн зөвшөөрөхгүй" гэж мэдэгджээ.
Мэдэгдэлд "Уг хэрэгт Их Британи олон улсын дүрэм журмын дагуу хяналт шалгалт хийгээгүйгээр Оростой сөргөлдөх сонголт хийсэн юм. Их Британи ганц талын тодорхой бус ийм хяналт шалгалтаар дахин Оросын эсрэг арга хэмжээ авч байна гээд ОХУ тун удалгүй Их Британид хариу барина" гэжээ.
М.Баяр