Дархан-Уул
аймгийн Шарын гол суманд хоёр настай охиныг ээж нь байнга зоддог гэнэ.
Бүр гэрээсээ хөөж гаргаад хаалгаа дотроос нь түгжчихдэг байна. Хөөрхий
охин харанхуй, хүйтэн орцонд ямар ч хувцасгүй нүцгэн зогсож, хэн нэгнээс
аврал эрэн уйлдаг тухай эх сурвалжууд дурдаж байна. Хүүхдээ яаж ч чанга
уйлсан ээж нь гэртээ оруулдаггүй гэнэ. Хажуу
айлын хүмүүс хаалгыг нь тогшиж хүүхдээ гэртээ оруул гэхээр "Та нарт
хүүхдээ яах нь хамаагүй. Хуцалгүй гэртээ орж унт” гээд хаалгаа тайлж
өгдөггүй гэнэ. Энэ талаар сумын цагдаад мэдэгдэж дуудлага өгдөг аж.
Цагдаа нар ирээд хүүхдээ зодсон Булганаа гэх эмэгтэйд шаардлага тавихаар
мөн л хаалганы цаанаас элдвээр хэлж доромжилдог байна. Аргаа барсан
цагдаа нар хөөрхий охиныг ээжийнх нь хамаатны айлд хүргэж өгдөг ажээ.
Энэ
талаар Шарын гол сумын иргэдтэй холбогдож асуулаа. Нэрээ нууцлахыг
хүссэн нэгэн эмэгтэй бидэнд ийм мэдээлэл өглөө. "Булганаа хоёр настай
охиноо байнга зоддог юм. Гэртээ оруулаад дотроос нь хаалгаа түгжиж
байгаад зоддог. Дээд, доод давхар, хажуу айлынх нь хүмүүс "Хүүхдээ
зодохоо боль” гэж хэлэхээр хаалганы цаанаас элдвээр хэлж доромжилж
байгаад бүр ч их зоддог юм. Бүр хана мөргүүлж байгаа юм шиг түг түг гэх
чимээ сонсогдож охин чангаар хашгирч уйлж байгаад ээрээд дуу нь цаашаа
орчихдог. Цагдаа нарт хэлэхээр хүүхдээ зодож болохгүй гэж хэлчихээд
яваад өгдөг. Саяхан хажуу айлынх нь залуу аргаа барахдаа "Хоёр настай
хүүхдийг ээж нь зодоод орцонд хөөгөөд гаргачихлаа. Хүүхдийн эрх
хамгаалдаг байгууллага байна уу" гээд хөөрхий охины орцонд нүцгэн зогсож
байгаа зургийг фейсбүүк хуудастаа оруулчихсан байна лээ. Манай сумынхан
Булганааг сэтгэл мэдрэлийн өвчтэй байж магадгүй гэж хоорондоо ярьдаг
юм. Хоёр настай, юу ч мэдэхгүй охин ээждээ зодуулж, нүдүүлж байна.
Зодуулснаас болоод өвчтэй болчихож магадгүй гэж айгаад байгаа юм. Бас
амиа алдаж ч магадгүй байдалтай байгаа. Уг нь тэр охин их сэргэлэн цовоо
хүүхэд шүү дээ” гэв.
Мөн охиноо зодож байгаа талаар цагдаагийн
байгууллагад мэдэгддэг залуу "Гурав хоногийн өмнө охиноо зодоож орцонд
хөөгөөд гаргачихсан байсан. Хоёр настай охин харанхуйгаас их айсан
байсан. Ээж нь тоохгүй болохоор нь цагдаад хэлсэн. Хүүхдээ зодоод орцонд
гаргаад хаячихдаг хүнд арга хэмжээ авах хэрэгтэй. Цаашид ээж нь тэр
охиныг зодоод байвал тэр хүүхдийг асрамжийн газарт хүргэж өгдөг ч юм уу.
Ямар ч байсан арга хэмжээ аваасай” гэжээ.
Харин энэ талаар
Дархан-Уул аймгийн Гэр бүл хөгжлийн төвийнхнөөс асуусан боловч "Шарын
голын цагдаагаас бидэнд ямар ч мэдээлэл ирүүлээгүй. Ийм мэдээлэл алга”
гэв.
Э.БААТАР