Өнгөрсөн долоо хоногт -20 хэмийн хүйтэнд нэг хоногтой хүүхдээ гялгар уутанд хийгээд хогийн цэгт хаясан хэрэг гарсан билээ. Тодруулбал, энэ сарын 08-нд Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн баруун талын хогийн цэг дээр өлгийтэй хүүхэд байна гэсэн дуудлага иржээ. Үүний дагуу жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн очиж, дээрх хэлтсийн эрүүгийн тасгийн алба хаагч нар эхийг шуурхай эрэн сурвалжилж, баривчилсан юм. Нярай нэг хоногтой, 3.200 грамм жинтэй, 52 см урттай эрэгтэй хүүхэд байсан бол эх нь 22 настай А гэгч байжээ. Нярайг тухайн өдөр 15 цагийн орчимд ЭХЭМҮТ-д хүлээлгэн өгчээ.
Хүүхдийн бие эсэн мэнд, эмчлүүлж байна.
Энэ хэрэгтэй холбоотойгоор өчигдөр Нийслэлийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Баярбаясгалан сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Эл гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа А гэгч нь 22 настай, тодорхой эрхэлсэн ажилгүй, бүрэн дунд боловсрол эзэмшсэн, Төв аймгийн харьяат иргэн бөгөөд нийслэл хотод түр оршин суух хаягтай. А сэтгэцийн хувьд цоо эрүүл. ЭХЭМҮТ-д амаржаад эмнэлгээс гарахдаа "Эцэггүй хүүхэд төрүүлсэн” гэсэн шалтгаанаар ойролцоох хогийн саванд хүүхдээ торонд хийж хаясан. Хүүхдийг хаягдсан даруйд нь хугацаа алдалгүй олсон учир биеийн байдал нь эсэн мэнд, сайн байна" гэсэн юм.
Өнгөрсөн оны долоодугаар сарын нэгний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын Эрүүгийн хуулиар "хүүхдээ хаях, төөрүүлэх” гэсэн гэмт хэргийн зүйлчлэл шинээр бий болж, хүүхдээ хаясан эхэд таван жил хүртэлх хугацаагаар хорих, ялаар шийтгэнэ гэж заажээ. Энэ дагуу түүнд таван жилийн ял ногдуулах төлөвтэй байна. Хуучин хуулиар бол энэ төрлийн гэмт хэрэгт хоёр жилийн ял ногдуулдаг байсан юм.
Харин хүүхдийг улсын асрамжид авахаар болжээ.
Монгол Улсын хэмжээнд энэ төрлийн гэмт хэрэг сүүлийн үед цөөнгүй гарах болсон. Тухайлбал, зөвхөн 2013 онд л гэхэд Улаанбаатар хотод хүүхдээ гудамж талбай, орцонд хаяж явсан хэрэг 10 бүртгэгдэж байжээ. Харин жилийн дараа энэ тоо долоогоор нэмэгдэж, 17 болсон байна.
Энэ төрлийн гэмт хэргээс хамгийн их шуугиан тарьсан нь 2015 оны арванхоёрдугаар сарын 21-22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд орших 10 дугаар байрны орцонд нэг ой найман сартай охиныг хаяж, улмаар охин амь насаа алдсан хэрэг гарсан билээ. Хүүхдээ хаясан эх Б.Долгорсүрэн болон түүний эгч Б.Чанцалдулам нарт холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж, Б.Долгорсүрэнг төрүүлсэн хүүхдээ хаясны улмаас хүүхдийн амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Чанцалдуламыг дүүгээ төрүүлсэн хүүхдээ хаяхад нь хамтран оролцсон гэж үзэж, 3-5 жипийн ял оноосон байдаг.
Мөн 2015 оны арванхоёрдугаар сард Орхон аймагт дөнгөж төрсөн нярайг орцонд орхисон хэрэг бүртгэгдсэн. Тухайн үед холбогдогдох байгууллагаас орон нутгийн хэмжээнд эрэн сурвалжилж, сэжигтэн этгээдийг олсон. Үүнээс гадна өнгөрсөн онд Дорнод аймагт бага насны хүүхдээ хаясан хоёр ч тохиолдол гарсан. Өнгөрсөн жилийн сар шинийн баярын өмнө иргэн М өлгийтэй хүүхдээ орцонд хаясан бол зургаадугаар сарын 21-нд иргэн Н архидан согтуурсны улмаас бага насны хүүхдээ гудамжинд орхисон байна. Цагдаагийн алба хаагчид оройн 21:00 цаг хүртэл хүүхэд эрж хайсан ямар нэгэн мэдээлэл бүртгэгдээгүй тул ар гэрийг нь тогтоож, нэг нас найман сартай хүүг эмээ, эгч нарт нь хүргэж өгчээ. Хүүгийн ээж Н нь тодорхой эрхэлсэн ажилгүй, архины хамааралтэй, байнгын хяналтад байдаг нэгэн байсан юм.
Харин нийслэлп өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 14-нд Бөмбөгөрхудалдааны төвд балчир хүүхэд эцэг эхээсээ төөрсөн тухай мэдээлэл Цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж, худалдааны төв дэх камерын бичлэгийг шалгахад залуухан бүсгүй зориуд хүүхдээ орхиж явсан байсан. Энэ хэргийг Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хэлтэст нарийвчлан шалгаж, 24 настай Ч болон С нар хүүхдийг зориуд төөрүүлсэн нь тогтоогдсон. Тодруулбал, буруутай этгээдүүд буюу Ч гэгч бүсгүй С гэх залуутай хамтран амьдрахын тулд төрүүлсэн охиноо зориуд тухайн газарт орхисон гэдгээ мэдүүлсэн юм.
Ийн зарим эцэг хариуцлагаас зугтсанаас болж, амьдралд хөл алдсан эмэгтэй хүн арван сар тээж, аминаасаа тасалж төрүүлсэн хүүхдээ хаяж, орхих буруу шийдвэр гаргадаг байна. Хариуцлагагүй эрийн золиос болж, бие сэтгэлээрээ хохирч, эх хүнд баймааргүй үйлдэл хийсэн эмэгтэйчүүд нялх биетэй ч шоронгийн хаалга татсаар байна.
Хууль хяналтын байгууллагын алба хаагчид тухай бүрт буруутай ээжийг олж хариуцлага хүлээлгэж, эмч, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд хүүхдүүдийг аврахын тулд чадах бүхнээ хийдэг аж. Харин энэ мэт харамсалтай хэргүүдийн ард нэр цэвэр, ял шийтгэлгүй үлддэг хариуцлагагүй эрчүүдэд "хаягласан” хуулийн зүйл заалтыг хэзээ батлах вэ, эрхэм УИХ-ын гишүүд ээ.
Өглөөний сонин
Т.Эрдэнэ