|

Зөвлөлийн хурлаар таван асуудлыг хэлэлцэв

 
Өчигдөр /2016.02.17/ аймгийн Засаг даргын зөвлөл ээлжит хурлаа хийлээ. Хурлаар аймаг орон нутгийн шинжтэй үндсэн таван асуудлыг хэлэлцэн улмаар 2 асуудлыг дэмжиж аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ. 
Дамжуулан зээлдүүлэх гэрээний тухай асуудлыг аймгийн Засаг даргын зөвлөл энэ удаагийн хуралдааныхаа эхэнд хэлэлцсэн. Үүний дараачаар Дархан-Уул аймагт байгуулахаар төсөл боловсруулагдсан "Дархан брэндийн худалдааны гудамж” байгуулах төслийн танилцуулгыг Орос хийц” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Баасансүрэн хийв. Уг төсөл нь МУ-ын Засгийн газраас энэ оныг "Аж үйлдвэрийн салбарт дотоодын үйлдвэрлэл борлуулалтыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Дархан-Уул аймагт жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих түүнчлэн Дархан нэрийн бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулах зорилготой. Төслийг санаачлан хэрэгжүүлэгчдийн зүгээс аймаг орон нутгаас хүсэж байгаа зүйл бол уг гудамжийг байгуулах боломжтой "Газар” гэдгийг энэ үеэр мөн хэллээ. Газрын асуудал шийдэгдчихвэл энэ ондоо багтаад Дарханчууд хийсэн бүтээснээ бусдад хүргэх нэгдсэн гарц бий болно. Харин өнөөдөр аймгийн Засаг даргын зөвлөл энэ асуудлыг хэлэлцээд төслийг дахин боловсруулж танилцуулах хэрэгтэй гэж үзсэн юм. Олон улсын транзит зам манай аймгаар дайрч өнгөрдөг. Иймд уг зам дагуу тус худалдааны гудамж байгуулагдвал хэрэгтэй хэдий ч төслийг цаашид сайжруулж боловсруулах хэрэгтэй байна гэдгийг зөвлөлийн гишүүд хэлж байлаа. Үүний дараачаар аймгийн Засаг даргын зөвлөл Дархан барилга захиалагч ОНӨААТҮГ-ыг татан буулгах тухай асуудлыг хэлэлцэв. 2013 оноос эхлэн аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж эхэлсэн Дархан барилга захиалагч ОНӨААТҮГ-ын хувьд Дархан-Уул аймагт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлын явцад хяналт тавьдаг байгууллага юм. Энэ нь Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, аймгийн Захирагчийн ажлын албаны зарим ажил үүрэгтэй давхцаж байгаа учраас тус газрыг байх шаардлагагүй гэж үзэж байгаагаа зөвлөлийн зарим гишүүд илэрхийлсэн. 
Нэгэнт ажлын байр, үйл ажиллагааны давхардал байгаа учраас Дархан барилга захиалагч ОНӨҮГ-ыг татан буулгах нь зүйтэй гэдгийг Засаг даргын зөвлөлийн гишүүд 100 хувийн саналаар дэмжиж батлав. Дархан барилга захиалагч ОНӨААТҮГ-ын татан буулгах тухай асуудлыг 2 дугаар сарын 18-ны өдөр аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хурлаараа хэлэлцэж улмаар тус байгууллагыг татан буулгах эсэх эцсийн шийдвэрийг гаргана.