|

​“Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн аваргууд тодорлоо

​“Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн аваргууд тодорлоо

 

Швейцарын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр GFA Консалтинг группийн хэрэгжүүлж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл манай аймагт 2 дах жилдээ амжилттай явагдаж өндөрлөлөө. Залууст гарааны бизнес эхлүүлэх, өргөжүүлэх сэдэл, урам зориг өгөх, оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгуулах, Шилдэг бизнес санаануудыг шалгаруулж гарааны бизнесийг дэмжих зорилготой энэхүү төслийн бүртгэл манай аймагт 2018 оны 03 дугаар сарын 9-нөөс 26-ны өдрийг хүртэл явагдсан. Тус бүртгэлд нийтдээ 124 залуу бүртгүүлсэн бөгөөд үүнээс 64-н залуучууд 2 дугаар шатандаа үлдэж 12 багт хуваагдан 54-н цагийн сургалтад хамрагдсан юм. Харин гуравдугаар шатанд 10-н баг үлдэж шинэ санаагаа уралдуулжээ. Шинэ шинэлэг санаагаа уралдуулан өөрийн гэсэн бизнесээ өргөжүүлэх хүсэлтэй 15-34-н насны бүхий л залуус энэхүү төсөлд хамрагдсан бөгөөд эхний байранд "JARGALKIDS CASHMERE" баг шалгарч Швейцарын Хөгжлийн Агентлагийн санхүүжилт болох буцалтгүй 10 сая төгрөгийн эзэн боллоо. Нэгдүгээр байранд шалгарсан тус баг нь нэг жил гаруй хүүхдийн ноолууран хувцас үйлдвэрлэж байгаа бөгөөд хүүхдийн биед таарсан чанартай, эдэлгээ сайтай, загварлаг хувцсыг урлаж хямд өртгөөр борлуулдаг ажээ. Харин удаах байруудад ногоон шингэн, ургамлын тос, аарцтай бууз, зөгийн балын үйлдвэрлэл эрхэлдэг залуус шалгарч аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас олгодог Хөдөлмөр эрхлэлтийн сангаас тус бүр 10 сая төгрөгийг 3-н жилийн хугацаанд хүүгүй барьцаагүйгээр авах эрхтэй болсон юм. 2 дугаар байранд шалгарсан Ногоон шингэн нь 100 хувь хүний биенээс хорт бодисыг гадагшлуулж эрүүл мэнд гоо сайхан, зөв галбирыг иргэдэд өгч чаддагаараа онцлогтой шингэн ажээ. Хөдөө орон нутгаас манай аймгийн залууст гарааны бизнесээ өргөжүүлэх боломжийг олгосон "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төсөл манай аймагт 2 дахь жилдээ амжилттай зохион явагдаж өндөрлөлөө. Дараа жил тус төсөл дахин явагдах учраас Залуучууд та бүхэн эртнээс шинэ шинэлэг санаагаа бэлдэж өөрийн бизнесээ өргөжүүлэхийг уриалж байна.