|

​АРХИНД ДОНТОХ ӨВЧТЭЙ ЭТГЭЭДИЙГ АЛБАДАН ЭМЧИЛГЭЭНД ЯВУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

​АРХИНД ДОНТОХ ӨВЧТЭЙ ЭТГЭЭДИЙГ АЛБАДАН ЭМЧИЛГЭЭНД ЯВУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

 

Архинд донтох өвчтэй этгээдийг албадан эмчилгээнд хамруулах ажлыг "Архигүй Монгол Хүн хөтөлбөр”, иргэдээс гаргасан санал гомдлын дагуу Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 31 дүгээр тушаал гарсан байна. Аймгийн ЗДТГ, аймгийн Цагдаагийн газар, аймгийн Эрүүл мэндийн газар, "Аз жаргалын эрэлд” ТББ –тай хамтран архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг, архинд донтох өвчтэй иргэдийг эмчилж эрүүлжүүлэх, нийгэмшүүлэх, нөлөөллийн ажлыг зохион байгуулж, аймгийн хэмжээнд архинд донтох эмгэгтэй 50 орчим иргэнийг албадан эмчилгээнд хамруулахаар боллоо.

2018 оны 04 дүгээр сарын 27-нд эхний ээлжийн 16 иргэнийг Төв аймгийн Мааньт дахь согтуурах мансуурах донтой этгээдийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх эмчилгээнд хүргэлээ. Эдгээр иргэд 2 сарын хугацаанд эмчлүүлэх бөгөөд дараагийн ээлжийг 7 болон 9 дүгээр саруудад тус тус явуулах юм байна. Эмчилгээнд хамрагдаж буй иргэдийг эрүүл мэндийн үзлэгээр оруулж, ар гэрээс нь зөвшөөрөл аван, шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчилгээнд хамруулдаг ажээ.

Аймаг орон нутгийн зүгээс эмчилгээнд хамрагдаж байгаа иргэдийг эрүүлжүүлэх, бичиг баримтжуулах, ажил хөдөлмөрт зуучлах, нийгэмшихэд туслахын тулд үргэлж анхаарч шат шатны байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллах болно гэж аймгийн удирдлагууд мэдэгдлээ.