Монголын төмөр замуудын нэгдсэн холбооны хуулийн зөвлөх, цагдаагийн бэлтгэл хурандаа Ч.Батбаяртай ярилцлаа.
-Саяхан Дархан өртөөн дээр 8 вагон замаас гарсан ноцтой осол гарлаа. Үүний шалтгаан юу байв. Энэ асуудал дээр таны байр суурь ямар байна?
Энэ бол Улаанбаатар төмөр замын өнөөгийн удирдлагын хариуцлагатай холбож авч үзэх ёстой асуудал юм. Сүүлийн 2 жилийн хугацаанд Дархан өртөөнд хоёр дахь удаагаа ийм ноцтой осол гарлаа. Азаар хүний амь нас сүйдсэнгүй. Хэрэв олон хүнтэй зорчигчийн вагон унасан бол яах байсан бэ. Дээрх осол болохоос хэдхэн хоногийн өмнө Замын даргын үзлэг явагдаад өнгөрсөн шүү дээ. Зайлшгүй хариуцлага тооцох ёстой. Энд нэг зүйл хэлэхэд улирал тутам хийгддэг Замын даргын үзлэг бол төмөр замчдын ажлын хариуцлага, зам техникийн бүрэн бүтэн байдал, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал хэрхэн хангагдаж байгааг газар дээр үзэж шалган асуудлыг шийдвэрлэх зорилготой чухал арга хэмжээ боловч өнөөдөр энэ үзлэг нь хэлбэр төдий, үргүй зардал гарган баахан хүний ажлыг үрж сүр бадруулан шугам замаараа явдаг боловч үр дүн, чанаргүй хэн хэнээ хуурсан арга хэмжээ болоод өнгөрдөг. Иймээс үзлэг явуулдаг арга барилаа эргэн хараасай гэж боддог. Ослын дараа төмөр замаас мэдэгдэл хийхдээ "Байгаль орчин аялал жуулчлалын яам мод огтлох зөвшөөрөл өгөөгүйгээс дэр модоо сольж чадаагүй, дэр мод ялзарч муудсанаас осол гарлаа” гэж байна лээ. Шугам замд биш төвлөрсөн зангилаа дээр гарсан осол шүү дээ. Мэдэгдлээс нь үзэхэд цэвэр өөрсдийнхөө буруутай, хариуцлагагүй үйл ажиллагааг халхлах, олон нийтийг төөрөгдүүлэх гэсэн увайгүй оролдлого гэж дүгнэхээс өөр аргагүй байна. Төмөр замд их засвар хийх шаардлагатай 400 орчим км зам байгаа нь үнэн боловч энэ нь урд талдаа Чойр, Сайншанд, Замын-үүдийн чиглэлд байгаа болохоос хойд талдаа биш. Оростой хамтарсан энэ байгууллага 50 гаруй жил Монголын ойг сүйтгэсэн. Бид Сибир шиг их ойтой билүү. Төмөр замд Хөтөлийн төмөр бетон дэрний үйлдвэр бий. Одоо мод огтолж төмөр зам хийдэг технологи дэлхийд байхгүй, цөмөөрөө төмөр бетон дэрэнд шилжсэн шүү дээ. Модон дэр 8, төмөр бетон дэр 50 жилийн насжилттай байдаг. Хамгийн гол нь үргүй зардлаа багасгах, тээврийн ашгаасаа тодорхой хэмжээний хөрөнгийг төмөр бетон дэр үйлдэрлэхэд байнга зарцуулах ёстой шүү дээ. Хэрэв зөв төлөвлөөд явсан бол өдийд ихэнх замаа төмөр бетон дэрэнд шилжүүлээд дуусах боломж энэ байгууллагад бүрэн байсан. Үндсэн гол зам нь Сүхбаатараас Замын-үүд хүртэл мянга хүрэхгүй километр биз дээ. Замын нөхцөл байдлаа сайжруулан тээх нэвтрүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлэхийн оронд дарга нар нь "буцах эхнэрт үнээ тугал нийлэх хамаагүй” гэсэн сэтгэлээр эрх мэдлээ урвуулан төрийн өмчит аж ахуйн нэгжийн өмч хөрөнгийг үргүй зарцуулах, завсар дундаас нь идэж уух явдал сүүлийн үед хэрээс хэтэрлээ. Тухайлбал "УБТЗ” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаатай холбоотой авлига хээл хахуул албан тушаалын гэмт хэргийн шинжтэй олон асуудлуудыг тодорхой баримттай нь өгсөн боловч Авлигатай тэмцэх газар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нэрээр өнөөдрийг хүртэл хэргийг шийдвэрлэхгүй хайцаалсаар байна. Улс төрийн нам, улс төрчид болон хууль хяналтын байгууллагын дарга нарын хамгаалалтанд эрдсэн Д.Жигжиднямаа дур зоргоороо авирласаар байгааг төмөр замчид харж байгаа. Хууль дүрэм үйлчилдэг улсад амьдарч байгаа юм байна. Хуулийнхан ажлаа шударга хийнэ гэдэгт итгэж байна. Дээрх осол бол зөвхөн дохио, үүнээс илүү хор хохиролтой, ноцтой үр дагаварт хүргэж болохуйц осол сүйрэл гарах бодитой нөхцөл байдал ”УБТЗ” дээр хэдийнээ бий болсон.
Ямар нөхцөл байдал бий болсон гэж та жаахан тодруулаач...?
Өнгөрсөн 2017 оны 9 сард Д.Жигжиднямаа дарга 977 ширхэг ачааны вагон худалдаж авах гэрээ байгуулсан, өнөөдөр 600 гаруй нь орж ирээд тээвэрлэлтэнд оролцоод явж байгаа. Мэдээж үйлчлүүлэгчийн захиалгыг бүрэн хангахад ачааны вагоны хэрэгцээ шаардлага байсныг ойлгож байна. Хамгийн гол нь эдгээр вагонууд ашиглалтын техникийн шаардлага болон хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж байгаа юу гэдэг асуудал байна. Зам тээврийн яамнаас 2014 онд баталсан журамд зааснаар импортоор оруулж ирэх ачааны вагон нь үйлдвэрлэгчээс тогтоосон ашиглалтын хугацааны 3/1-ээс хэтрээгүй байх ёстой, үүнийг төмөр замын тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгж байгууллагууд мөрдөх үүрэгтэй. Ачааны вагоны үйлдвэрлэгчээс тогтоосон ашиглалтын хугацаа 22 жил байдаг, тэгэхээр 7-8 жилийн настай вагон оруулж ирэхийг зөвшөөрсөн гэсэн үг. Гэтэл 1992-1995 онд үйлдвэрлэгдээд 22-27 жил ашиглагдсан, өөрөөр хэлбэл ашиглалтынх нь хугацаа дуусч актлагдах болсон вагонууд оруулж ирсэн. Яамнаас бодлогын түвшинд баталсан журмыг зөрчөөд актлагдах болсон вагон оруулж ирээд байхад яам таслан зогсоохын оронд өөрөө бүх вагонуудад номер дугаар олгоод гэрчилгээжүүлээд тээвэрлэлтэнд оролцуулах зөвшөөрөл олгосон. Энэ бол тодорхой зохион байгуулалттай, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг этгээдүүдийн ил цагаан хулгай дээрэм бөгөөд цаана нь их хэмжээний авлига, албан тушаалын гэмт хэрэг нуугдаж байгаа нь ойлгомжтой. Тухайлбал Улаанбаатар төмөр замын Ерөнхий хорооны орлогч дарга, Зам тээврийн хөгжлийн яамны дэд сайд Б.Цогтгэрэлийн шууд оролцоо бий гэж үзэж байгаа. Учир нь энэ хүн дээрхи гэрээг байгуулахаас сарын өмнө яамнаас баталсан журмын 3/1-ээс хэтрээгүй гэсэн хамгийн гол заалтыг "стандарт шаардлага хангасан” болгож өөрчлүүлэхээр журмын шинэ төсөл боловсруулан Хууль зүй,дотоод хэргийн яаманд хүргүүлсэн байсныг Ц.Нямдорж сайдад гомдол гарган зогсоолгосон. Хүргүүлсэн журмын төсөл нь бидэнд баримтаараа бий. Эдгээр вагонуудыг худалдан авсан түүх нь хулгай луйвар байсан гэдгийг угаасаа хэлээд өгнө. Тухайлбал Д.Жигжиднямаа 2017 оны 9 сард Их британы Шотландад бүртгэлтэй "Макс бридж” гэдэг компанаас 977 вагоныг нэг бүрийг нь дунджаар 30 орчим сая төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулсан. Урьд нь мөн 1 сая долларын үнэтэй ОХУ-д үйлдвэрлэсэн ВПРС-03.02 зам засварын машиныг Их британы Шотлондад бүртгэлтэй "Лорд вэст” гэдэг компанаас 1.770.000 доллараар худалдан авч мөнгийг зүүн европийн Латви улсын банк руу шилжүүлсэн. Үүнтэй холбоотой "Монгол маягийн цавчаа УБТЗ-д хэрхэн явагдсан бэ” нэртэй нийтлэл анх Оросын хэвлэлээр, дараа нь манай зарим сайтаар зөндөө гарсныг санаж байгаа байх. Хамгийн сонирхолтой нь дээрхи 2 компанийн үүсгэн байгуулагч нь нэг хүн болох нь баримтаар тогтоогдсон. Тэр тусмаа манай Засгийн газраас зарласан оффшор бүсэд хамаарах Доминикад бүртгэлтэй нэг хүний компаниуд нийлж татварын таатай нөхцөл бүхий Их британы Шотландад 1000 фунтын дүрмийн сантай байгуулсан үндсэндээ хулхины компаниуд байна лээ. Төрийн өмчит, тэр тусмаа Оростой хамтарсан аж ахуйн нэгж байтал Оросд үйлдвэрлэсэн техникүүдийг Оросоос шууд авахын оронд яахаараа гуравдагч улсын компанаар дамжуулан авах болов,мөнгийг яагаад өөр улс руу шилжүүлэв гэх мэт асуулт зүй ёсоор анхаарал татна. Тэр тусмаа нэг үүсгэн байгуулагчтай компаниудаас 2 удаа хэдэн сая долларын худалдан авалт хийсний ард хэний ямар ашиг сонирхол байна вэ. Зам засварын машинт станцын хувьд нэмж хэлэхэд хятадын зээлийн хөрөнгөөр "Монголын төмөр зам” ТӨК-д авсан боловч цоо шинээрээ ашиглалтгүй хэдэн жил сул хэвтэж байгаа, Монгол улс мөнгийг нь төлж байгаа зам засварын машинт станц бэлээхэн байсаар байтал заавал гаднаас ийм техник худалдаж авах бодит шаардлага байгаагүй, зөвхөн мөнгө унагах зорилгоор төрийн өмчит байгууллагын хөрөнгийг үргүй зарсан бусармаг үйл ажиллагаа гэж бид дүгнэж байна. Хууль зөрчин оруулж ирсэн эдгээр вагонуудаа Зүүн-хараагийн вагон засварын депод вагон бүрийг 3-4 сая төгрөгөөр засуулан асар их үргүй зардал гаргасан. Актны вагонуудаа засуулахын тулд өндөр үнэтэй багаж тоног төхөөрөмж зөндөө авсан, мөн 100 гаруй ажилчин шинээр авсныгаа ажлын байр олноор нэмэгдүүлсэн гэж рекламдсан. Хулгай луйврийг нь илчлээд хэлэхээр "Хөрөнгө мөнгөгүйгээс хуучин вагон авсан л гэнэ, их ашиг олж өөрийн өртөгөө нөхөж байгаа, удахгүй төмрийн хогонд тушаачихна санаа зоволтгүй” гэх мэтээр янз бүрийн ярилцлага, мэдэгдэл хийж байгаа. Уг нь төмөр замын тээвэрт галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал гэдэг нь нэг номерийн асуудал байдаг биш билүү. Муу замтай, дээрээс нь шаардлага хангахгүй олон вагонууд төмрийн хүдэр ачаад тээвэрт явахаар ноцтой осол сүйрэл гарахгүй гэх баталгаа хаана байгаа юм бэ. Д.Жигжиднямаа, ЗТХЯ-ны дэд УБТЗ-ын Ерөнхий хорооны орлогч дарга Б.Цогтгэрэл хоёр "хар толгойгоороо” хариуцах юм уу. Энэ хүмүүс шахаагаа хийгээд удахгүй яваад өгнө, дараа нь бүх лай ланчигийг нь жирийн төмөр замчид үүрнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Ноцтой осол сүйрэл гарч болзошгүй гэж үүнийг хэлээд байгаа юм. Бид АТГ, прокурор зэрэг хяналтын байгууллага болон салбарын сайдад удаа дараа хандсан боловч үгсэн хуйвалдаж биднийг үл тоомсорлосоор байгаа. Хэзээ нэг өдөр хариуцлага нэхэх өдөр ирнэ байх гэж найдаж байна.
-Зам тээврийн хөгжлийн Дэд сайд Б.Цогтгэрэл энэ бүхэнд ямар хамаатай юм бэ.?
Хамгийн их хамаатай хүн нь дэд сайд Б.Цогтгэрэл тэр Улаанбаатар төмөр замын Ерөнхий хорооны орлогч дарга шүү дээ. Энэ хүн анх дэд сайд болохдоо юу юу гэж амалж байлаа. Тветтэр дээрх жиргэж байсан амлалт нь байж л байна. Шударга ёсыг тогтооно, МИАТ "УБТЗ” зэрэг байгууллагуудыг шилэн болгоно гэх мэтээр амлаж байсан. Гэтэл энэ хүн албан тушаал аваад мөнгөний бараа хармагц хүн биш болсон, бүхнээ умартсан гэхэд болно. Цаадуул нь зальтай л даа хүүхдийг яаж амыг нь таглахаа мэднэ.Та нар "УБТЗ”-ын шинэ дансыг үзээрэй, хулгай луйвартай холбоотой бидний яриад байгаа энэ бүх гэрээнүүдийн аль нь ч шилэн дансан дээр нь бичигдээгүй байгаа. Өмнөх замын даргыг 200 саяар Лексус-570 аваад уначихлаа ичиг ичиг, АТГ-т шалгуулахаар өгчихлөө” гэх мэтээр жиргээд байсан биз дээ.Гэтэл өөрөө ичих ч үгүй нөгөө машинынх нь улсын дугаарыг солиод уначихсан, бензин тос, жолооч гэх мэт бүх зардлаа төмөр замаар даалгаад явж байгаа шүү дээ. "Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 3.1.2 дах хэсэгт "хувийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг хэлнэ гээд тодорхой заачихсан байгаа. Хариуцсан салбарынхаа тэр тусмаа гадаадтай хамтарсан байгууллагаас ийм хангамж эдэлж байгаа нь дээрхи хуулийн заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл бөгөөд урьд өмнөх Ерөнхий хорооны гишүүд хэзээ ч ийм хангамж эдэлж байгаагүй, дүрмээрээ зөвхөн урамшуулал авах эрхтэй байдаг. Энэ бол Б.Цогтгэрэлийн өөрийнх нь боловсрол мэдлэггүй, юм үзэж нүд тайлаагүй хувийн шунал, тархиных нь багтаамжаас болж байгаа юм шүү дээ. Д.Жигжиднямаа нь Замын дарга болсон даруйдаа АТГ-ын зөвшөөрөлгүй, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахгүйгээр Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан төрийн өмчит аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалууд дээр улсын өмч хөрөнгө идэж завшсан, авилгал авсан хэргээр төрийн байгууллагаас хөөгдсөн, шүүхээс ял шийтгүүлж төрийн өмчит байгууллагад ажиллах эрхээ хасуулсан шилэн Цогоогийн дотны найз Ж.Пунцаг, өөрийгөө МАН-ын дарга асан М.Энхболдын шадар хүн гэж сайрхдаг Р.Зоригт нарын илт ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийг Дотоод аудит хяналт шалгалтын, Худалдан авах хангамжын албаны даргын албан тушаалуудад хууль зөрчин томилсон юм. Энэ асуудлаар бид АТГ-т гомдол гарган шалгуулсан бөгөөд 2017.05.30 нд Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал нь тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатын нэр дээр хууль зөрчин илт сонирхлын зөрчилтэй хүмүүсийг томилсон Д.Жигжиднямаад Нийтийн ашиг сонирхлын хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу албан тушаалыг бууруулах хуулийн арга хэмжээ авч 7 хоногийн дотор хариу мэдэгдэхийг даалгасан албан шаардлага хүргүүлсэн боловч харамсалтай нь хуучин, шинэ сайдуудын хэн нь ч өнөөдрийг хүртэл эрх бүхий байгууллагын хууль ёсны албан шаардлагыг биелүүлэхгүй гэдийсээр байгаа, нөгөө төлөөр Х.Энхжаргал дарга явуулсан шаардлагынхаа хариуг нэхэж авах талаар өнгөрсөн хугацаанд идэвхитэй арга хэмжээ огтхон ч авсангүй. Уг нь хууль ёсны шаардлагыг нь биелүүлэхгүй байгаа сайд нарт хариуцлага тооцуулах асуудлыг Засгийн газрын төвшинд Ерөнхий сайдад тавих эрх нь нээлттэй ч энэ эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа нь ёстой дургүйд хүчгүй гэдгийг харуулж байгаа. Энэ нь Авлигатай тэмцэх байгууллагыг сул дорой хүчгүй, нийгэмд муухай харагдуулж байгааг хэлэх нь зүйтэй байх. Д.Жигжиднямаа дарга аргагүйн эрхэнд үнэнд гүйцэгдээд ирхээрээ нөгөө хүмүүсээ ажлаас халсан болоод өнгөрсөн л дөө. Уг нь хууль зөрчсөн албан тушаалтанд өөрт нь хариуцлага тооцох ёстой боловч Ерөнхий хорооны орлогч дарга Б.Цогтгэрэл энэ асуудлыг Ерөнхий хорооны хуралдаанд оруулахгүй хав дарагдуулсан. Төмөр замаас машин унаж байгаа, элдэв хангамж авч өөр олон асуудлаар хувийн ашиг сонирхлын зөрчилд орсон хүн яаж Д.Жигжиднямаад арга хэмжээ авах юм бэ, ойлгомжтой биз дээ. Энэ залууг овоо шударга сайн, ирээдүйтэй залуу гэж бодож явдаг байсан боловч адгийн шаар байсныг өнөөдөр хэн хүнгүй мэдэх шиг боллоо. Залуу хүн байж цаашдын ирээдүйн карьераа өчүүхэн хувийн эрх ашгаар сольж, олон бохир заваан юманд гар хөлөө дүрлээ дээ энэ Б.Цогтгэрэл. Өчүүхэн вандуйн чинээ болжморын тархитай, боловсрол мэдлэггүй, дээд боловсрол бүү хэл оройгоор 10-р анги төгссөн эсэх нь ч эргэлзээтэй ийм этгээдээр төрийн сайд, тэр тусмаа их гүрэнтэй хамтарсан төмөр замынхаа асуудлыг даатгаад гадныхны доог тохуу болоод сууж байгаа Монголын төр бараг 100 жилийн түүхтэй МАН боловсон хүчний дутагдалд ингэтэлээ орчихсон юм уу. Ийм учраас бид Нийтийн ашиг сонирхлын хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Б.Цогтгэрэлийг АТГ-т өгсөн боловч ямар хариу авсан гээч. Засгийн газрын 185 дугаар тогтоолоор батлагдсан албан тушаалын автомашин хэрэглэх албан тушаалтны жагсаалтанд дэд сайд багтсан байна, төрийн өөр байгууллагаас унаа давхардуулан хэрэглээгүй, Ерөнхий хорооны орлогч даргын хувьд Д.Жигжиднямаагийн тушаалаар төмөр замаас машин унаж байгаа нь хууль зөрчөөгүй байна гэсэн утгатай хариу өгсөн. Ёстой л "ичсэн хүн хүн ална” гэдэг шиг юм болсон. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бусад нийтийн албан тушаалтнууд хариуцсан салбарынхаа байгууллагуудаас ийм хэлбэрийн дэмжлэг, үйлчилгээ авилгал авч болно гэдгийг хүлээн зөвшөөрсөнтэй агаар нэг юм. Ерөнхий хорооны ямар ч зөвшөөрөл шийдвэргүй, зөвхөн Д.Жигжиднямаагийн тал зассан шийдвэрээр машин унаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг мэдсээр байж ийм хариу өгсөн. Саяхан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын албан даалгавар яг энэ асуудлаар гарсан байна лээ. Зам ,тээврийн хөгжлийн яамны олон дарга нар иргэний нисэх, МИАТ компаниас машин унаж байсныг таслан зогсоож хохирлыг буруутай хүмүүсээр төлүүлэхийг төрийн байгууллагууд болон төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдэд даалгасан. Энэ шилэн гэгддэг дэд сайд Б.Цогтгэрэлд адилхан хамаарах ёстой. Өөрөөр хэлбэл өнгөрсөн хугацаанд Улаанбаатар төмөр замаас унаж байгаа машин тэрэг бусад бүх зардлуудыг Б.Цогтгэрэлээр төлүүлэх хэрэгтэй. Ямар ч бизнес хийж байгаагүй мөртөө тэрбум шахуу төгрөгийн үнэтэй орон сууцанд амьдарч байгаа, сайд болоод олон түмний нүдэн дээр илт амьдрал нь дээшилсэн энэ хүн энэ зэргийн мөнгийг төлөхөд юу ч биш байлгүй дээ.
-Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн хоёр улсын байгууллага шүү дээ. Оросын тал энэ бүх асуудал дээр ямар байр суурьтай байдаг юм бол...
Д.Жигжиднямаа, Б.Цогтгэрэл нарын энэ арчаагүй хулгай луйврийг Оросууд мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Өөрөөр хэлбэл энэ хүмүүсийн балагаар Монгол улсын эрх ашиг цаашдаа хохирох нь дамжиггүй. Яахав танайхан ингэж хулгай хийдэг шүү дээ гэж ам таглана биз дээ. Би ямар эрх мэдэлтэн албан тушаалтан биш сайн мэдэхгүй байна. Гэхдээ л элэг доог болж байгаа гэдгийг гадарлаж байна. Ер нь төмөр замын талаар өөрийн бодлоо хэдэн үгээр хэлэхийг хүсч байна. Энэ төмөр зам 1953 онд баригдсан, тухайн үедээ мэдээж өнөөдрийн хөгжил, тээврийн ачааллыг тооцож үзээгүй зөвхөн цэрэг стратегийн зориулалтаар барьсан төмөр зам шүү дээ. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд энэ төмөр замаа сайжруулж өргөжүүлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх дорвитой хөрөнгө оруулалт огт хийгдээгүй, өнөө маргаашдаа тохирсон урсгал засвар хийж ирсэн байдаг. Өнөөдөр 25 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай, транзит урсгалыг нэмэгдүүлнэ гэж ярьж байгаа ч бодит байдал дээр замынхаа нөхцөл байдлаас шалтгаалан нэвтрүүлэх хүчин чадал нь хүрэлцэхгүй гэдгийг бүгд мэдэж байгаа. Юун Казакстаны төмөр замыг гүйцэж түрүүлэх вэ. Хөрсөн дээрээ буу гэж хэлмээр байна. Ази Европийн ачаа эргэлт Монголыг тойроод явж байгааг бүгд мэдэж байгаа. ОХУ-тай тэнцүү 50 хувь эзэмшдэг, технологи нь 100 хувь Оросоос хараат нөхцөлд "Улаанбаатар төмөр зам” олигтой хөгжихгүй, нөгөө хуучны брюкрат тогтолцоондоо идэгдсэн хэвээр байх болно гэж боддог. Хамгийн гол нь хоёр улсын эзэмшлийн хувь тэнцүү байгаа нь аливаа асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй, үндсэндээ Оросын талаас бүрэн хараат байдаг юм билээ. Тиймээс 21-р зуун гарчихаад байхад Сталины үеийн 1949 оны гэрээтэй хэвээр, компанийн тухай хуулиар явдаггүй, хувь нийлүүлсэн нийгэмлэг гэсэн хачин нэртэй байгууллага манайд ганцхан "УБТЗ” байгаа. 2007 онд батлагдсан "Төмөр замын тээврийн тухай” хуулиар төмөр замын тээврийн салбар либералчлагдаж өмчийн олон хэлбэрийн төмөр замууд бий болсон. "УБТЗ” одоо тусгай вант улс биш болсон, Монгол улсын төмөр замын тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа нэг л аж ахуйн нэгж гэдэг утгаар ойлгох цаг болсон. Манай улс эрх зүйт улс болсон тул 1949 оны гэрээгээр цаашдаа явах боломжгүй, гэрээгээ шинэчлье гэдэг хүсэлтээ Монголын тал ОХУ-д зоригтой тавих, тулган шаардах хэрэгтэй. Уг нь зуун хувь өөрийн болгох, ядахдаа 49/51 болчих боломж 1990-ээд оны эхээр байсан боловч энэ байгууллагыг олон жил удирдсан коммунист өвгөний балгаас болж чадаагүй гэж төмөр замынхан өөрсдөө харамсан ярьдаг юм билээ. Ортой байж мэднэ. Хэрэв ингэж чадсан бол өнгөрсөн хугацаанд донор орнуудын зээл тусламжаар орчин үеийн техник технологи бүхий боломжийн хүчин чадалтай төмөр замтай болчихсон байх боломжтой байсан. АНУ-ын Мянганы сорилийн сангийн мөнгийг төмөр замд оруулахыг Оросууд эсэргүүцсэн шүү дээ. Тэгээд өөрийнхөө хэдэн капиталны зүтгүүрүүдийг шахсан, өнөөдөр тэр зүтгүүрүүд нь байнгын эвдрэл гэмтэлтэй, асар их зардалтай тээврийн ашгийн нэлээдгүй хэсгийг сорсоор байгаа. Яг л хуучин УАЗ-469 тэй адилхан. Дээрээс нь замын нөхцөл байдал тааруу. Их гүрний бодлогод захирагдсан хэвээр байвал энэ төмөр замын ирээдүй үнэхээр бүрхэг хэвээрэй байх болно.
Энэ бүхнийг ярилаа гэж таньд элдэв дарамт шахалт ирнэ гэж айхгүй байна уу?
Монголын төмөр замуудын нэгдсэн холбоо бол шударга төмөр замчдаас ирүүлсэн мэдээллийн дагуу тодорхой баримт нотолгоотой асуудлуудыг хуулийн байгууллагад шилжүүлсэн. Хэрэг асуудлыг шийдвэрлэхгүй дарагдуулаад цөхрөнгөө бараад байтал ашгүй АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүд шинээр томилогдлоо. Эднийхэнтэй нягт хамтран ажиллаж байгаа, энэ дашрамд Г.Баасан даргад талархал илэрхийлэхийг хүсч байна. Үнэхээрийн эр зоригтой, ард түмний нийгмийн захиалгаар гарч ирсэн хүн юм билээ. Миний хувьд цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгож гараад "УБТЗ”-д 2 жил албаны даргаар гал тогоонд нь ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авч ажлаас чөлөөлөгдсөн хүн л дээ. Надад энэ хүмүүстэй зууралдах хувийн шалтгаан, ямар нэг өс хонзон байхгүй. Шударга ёсыг хүссэн төмөр замчдын хүсэлтээр би төрийн бус байгууллагынх нь хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаа. Хулгай луйвар хийж байгаа хэнтэй ч цаашдаа бид тэмцэнэ. Хувь хүмүүсийн хоорондох асуудал яриагүй. Энэ мэтийн жижиг гарын нөхдүүдээс айдаг хүн нь би биш. Энэ байтугай улсуудаас нь би айгаагүй юм. Намайг цагдаад тэр тусмаа Улсын мөрдөн байцаах газрын албан тушаал, эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах, чиглэлийн ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байхдаа ямар хэргүүд шалгаж шийдвэрлэж байсныг сонирхож болно. АТГ байгуулагдахаас өмнө манай хэлтсийн 10 гаруйхан хүн энэ төрлийн хэргүүдийг шалгадаг байсан юм. Би өөрийгөө бусдаас илүү мундаг лут амьтан байсан гэж хэлэхгүй ч Х.Энхжаргал шиг бялдууч, дарга нарын бөгс долоогч байгаагүй гэдгийг Монголын цагдаа намайг таньж мэдэх улс нь хэлээд өгөх байх. Мөрөөрөө ажлаа хийж байгаа жирийн ажилтнууд, бүх хууль хяналтын байгууллагууд бүгдээрээ дампуурчихсан гэж би хэлэхгүй, цөөн хэдэн өөдгүй хүмүүсээс шалтгаалж байгаа. Бид Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий прокурор нарт хандан гомдол гаргасан байгаа. Өнөөдөр Х.Энхжаргал гэдэг хүн бодит амьдрал дээр авлигатай тэмцэж чадахгүй байгааг олон нийт нэгэнт ойлгосон, удирдаж буй байгууллагынх нь нэр хүнд ч навс уналаа. Энэ бол маш хортой үр дагавар дагуулна. Төмөр замын асуудлыг шалгуулахаар өөрт нь өгөөд байхад төрсөн эгчийнхээ хүүхдийг нөгөө актлагдсан вагонуудыг нь засаж байгаа Зүүн-хараагийн вагон депогийн даргаар томилуулж байгаа хүн яаж Д.Жигжиднямаа, Б.Цогтгэрэл нарыг шударгаар шалгах юм бэ. Нийтийн албаны ашиг сонирхлын хуулийн 3.1.1 дэх хэсэгт "Нийтийн ашиг сонирхол” гэж Монгол улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг хэлнэ гээд тодорхой заачихсан байгаа шүү дээ. Нийтийн албан тушаалтан хүн байж тэр сонгуульд ялсан намын дарга, 60 тэрбумын авлигачны гэрт очиж сөгдөж мөргөснийхөө төлөө ёс зүйн хариуцлага хүлээж ард түмнээс уучлалт гуйгаад огцрох ёстой байсан юм. Монголын цагдаагийн нэр төрийг бодоод ухамсраараа ажлаа өгчих эр зориг цагдаагийн хурандаа хүнд байх ёстой байтал үхэн хатан зууралдаж цагдаагийн нэр хүндийг шороотой хутгаж байгаад харамсаж байна. Мэдээж өөрөө салахыг хүссэн ч цаад томилсон эздүүд нь зөвшөөрөхгүй тэлээ хурга шиг тэлчилж байгааг нь би ойлгож байна. Мөн Авлигын эсрэг хуулийн 21.1 дэх заалтыг үндэслэн түүнийг 6 жилээр томилсон УИХ-ын шийдвэр нь анхнаасаа хууль зөрчсөн шийдвэр бөгөөд 21.5 дах заалтыг үндэслэн нөхөн томилох ёстой байсан. Тийм биш юм бол яагаад бүх тохиолдолд 6 жилээр томилно гээд заачихаагүй нөхөн томилгооны зохицуулалтыг хуулинд оруулсан байж таарах вэ. Үүнийг хуульч биш энгийн хүн ч ойлгоно. Өөрийнх нь хэлсэнээр цагаан дээр хараар биччихсэн байгаа. Ерөнхийлөгч Х.Энхжаргалыг томилсон УИХ-ын шийдвэртэй холбогдуулан Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэвэл гарцаагүй ялна.
-Таны яриагаар бол төмөр зам асуудал ихтэй газар бололтой, тийм үү?
Яривал өөр бусад олон асуудал байна. Гэхдээ энэ нь төмөр замтай холбоотой гэхээсээ Д.Жигжиднямаа, Б.Цогтгэрэл болон түүний гар хөл хэдхэн албан тушаалтантай холбож ярих асуудал. Тухайн байгууллага, жирийн төмөр замчид энд ямар ч хамаагүй. Заримаас нь дурдвал урьд нь 1 тонныг 4.6 сая орчим төгрөгөөр ямар ч урьдчилгаа төлөхгүйгээр худалдан авдаг байсан зүтгүүрийн хэрэгцээний тос, тослох материалыг худалдан авах ажиллагааны дүрэм журмаа зөрчин Үнэлгээний хорооны гишүүдийн зөвшөөрөлгүйгээр 1 тонныг нь 10 сая 300 мянгаар тооцон 1,9 тэрбум төгрөгөөр худалдан авахдаа 50 хувийн урьдчилгааг ямар ч баталгаагүйгээр урьдчилж олгосон, ямар ч тендэр сонгон шалгаруулалтгүйгээр 2 аж ахуйн нэгжид цай кофе сахар болон ариун цэврийн материал тогтмол нийлүүлэх давуу эрх олгосон, их хэмжээний урьдчилгаа олгосон гэх мэт асуудлууд ар араасаа хөвөрнө. Сая нэмээд гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй 10 гаруй асуудлыг шалгуулахаар олон нийтийн зөвлөлөөр дамжуулан АТГ- д шалгуулахаар өгөөд байна. Үүнд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан Д.Жигжиднямаагийн дүү Ц.Жүгдэрнямын Хонконг дах оффшор данснаас ах дүү хоёрын эзэмшдэг монгол компанийн данс руу нийтдээ 7,3 сая доллар орж ирсэн тухай ноцтой мэдээллийн дагуу уг мөнгөний эх үүсвэрийг шалгуулах хүсэлт багтаж байгаа. Бид хууль хяналтын байгууллагыг хүндэтгээд удаан дуугүй явсан. Д.Жигжиднямаа дарга ихэнх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг сонин хэвлэлийн захилага гэх мэт элдэв янзын хаалтын гэрээгээр худалдаад авчихсан байдаг юм билээ. Төмөр замтай холбоотой сэдвээр сэтгүүлчид барагтай дуугардаггүй, сонирхсон нэг нь манайх гэрээтэй юм байна, эрхлэгч зөвшөөрөхгүй байна уучлаарай гэдэг. Жишээ хэлэхэд "Өдрийн сонин”-ны редакцаас заавал нийтэлнэ гэдэг амлалт авсны дагуу би эдгээр асуудлаар анх удаа хэвлэлд ярилцлага өгсөн юм. Гэтэл ярилцлагын эхний хэсэг 3 сарын 15-ний дугаарт гараад үргэлжлэл хэсгийг өнөө хүртэл гаргахгүй байгаа, сурвалжлагчаас нь асуухаар өөдөөс "уучлаарай миний мэдлээс гарсан” гэсэн хариу өгсөн. Ийм л хөрөнгө мөнгөтэй, нөлөөтэй хүмүүстэй бид тулж байгаа. Тэгэхээр нь өөрийнхөө ярилцлагыг аваад "Daylinews.mn сайтад өгч гаргуулсан чинь нэр хүнд гутаасан гээд Зөрчлийн хуулиар арга хэмжээ авахуулна гээд Сүхбаатар дүүргийн цагдаад намайг өгсөн, надтай ярилцлага хийсэн сэтгүүлч, гаргасан сайтынхныг дуудаж дарамталж байгаа сураг байна лээ. Ажлаа хийсэн сэтгүүлч нар ямар буруутай юм бэ, ярих юм байвал яриа өгсөн надтай л асуудлаа ярих ёстой биз дээ. Энд яригдаад байгаа асуудлууд намайг ярихаас өмнө тэртэй тэргүй Орос монголгүй бүх хэвлэлээр гарсан, АТГ-ын олон нийтийн зөвлөл хэвлэлийн хурал дээр зөндөө яригдсан хуучирсан асуудлууд шүү дээ. Би зөвхөн зарим асуудлаар нэмж тодотгож ярьсан , тэгээд ч ОНЗ биднийг ярилцлага өгч олон нийтэд зөв ойлголт өгөөч гэсэн юм. Чаддаг юм бол надад биш Г.Баасан даргад гомдлоо гаргах хэрэгтэй Би 2 дахь удаагаа танай сайтад товч ярилцлага өглөө, дахиад хаана хэнд ямар цагдаа шүүхэд өгөхийг нь харья. Надад арга хэмжээ авахуулахаар нэг авлигачингаараа хөөцөлдүүлж байгаа юм гэнэ лээ. Тэр нөхөр нь надад багадана гэдгийг Д.Жигжиднямаа, Б.Цогтгэрэл 2 ойлгосон нь дээр дээ. Миний хөх инээд хүрээд байгаа. Учир нь би хэзээ ч баримтгүйгээр юм ярьж сураагүй, миний мэргэжлийн онцлог л доо. Яагаад гэвэл үнэн миний талд, бүх баримт миний гарт байна. Би хүн гүтгээгүй, бусдыг гутаан доромжлоогүй, гэм буруутай гэж яллаагүй. Төмөр замчдаас ирүүлсэн үндэслэл бүхий тодорхой баримттай асуудлуудыг АТГ-т шалгуулахаар өгсөн. Үнэн худлыг шалгаж тогтоох үүрэг нь төрийн байгууллагад бий. Үнэндээ хуулийн байгууллагын ажлыг бид хийх шахуу болж байна. Тэд ажлаа зохих төвшинд хийхгүй байгаа учраас цөхөрсөндөө Үндсэн хуулиар өгсөн эрхийнхээ хүрээнд үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ эдэлж байгаа юм. Авлигын асуудалтай иргэн бүр тэмцэх ёстой гэж би ойлгодог. Миний яриад байгаа зүйлүүдийг захын төмөр замчингаас очоод асуу, Д.Жигжиднямаатай холбоотой энэ байтугай шившигтэй, хүнд ярихаас ч нүүр улалзмаар асуудлууд ч бий. Цаг наашилж байна, албан тушаалтнуудын хулгай дээрэмд хандах иргэдийн хандлага ухамсар дээшилж байна. Улс орны эрх ашиг, үндэсний аюулгүй байдалд хор хохиролтой энэ мэт асуудлуудыг дөрөв дэх засаглалын шударга үнэний дуу хоолой болсон сэтгүүлчид та бүхэн олон түмний сонорт хүргэж байх хэрэгтэй. Бидний цөөн хэдэн хүн иймэрхүү асуудал ярихаар "Ажлаас халагдсан хэдхэн хүний хорт явуулга, гүжирдлэг” хэмээн төмөр замчдынхаа тархийг угааж байгаа. Гэхдээ бидэнтэй хамтран ажилладаг олон шударга хүмүүс бий. Та бүхэндээ баярлалаа, бид хуультай улсад амьдарч байгаа, шударга үнэн ялах цаг ирнэ, хулгай хийсэн хүмүүс улам л мухарт шахагдаж байгаа, хариуцлагаа үүрэх цаг нь ирэх болно гэдгийг төмөр замчиддаа батлан хэлье. Бид хууль хяналтын байгууллага цаашдаа ямар шийдвэр гаргах, мөрдөн шалгах ажиллагаа хэрхэн явагдахыг анхааралтай ажиглаж байгаа, шаардлагатай бол нэг өдөр хэвлэлийн хурал хийж хулгай луйвруудыг нь нээлттэй ил тод ярихаас өөр аргагүй, олон нийтийн анхаарлыг хандуулах талаар идэвхитэй арга хэмжээ авах болно. Бидэнд айх зүйл байхгүй.
Сэтгүүлч: