|

Банкууд төсөв рүү гар дүрэх үү

 

Банкууд төсөв рүү гар дүрэх үүМонголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр банкны салбарт зайлшгүй шинэчлэл хэрэгтэй, одоо банкууд өөрийн хөрөнгөө 511 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шаардлагатай болсон гэдгийг мэдэгдсэн.

Энэ онд ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд олон улсын аудиторууд Монгол Улсад ажиллаж, арилжааны банкуудад активын чанарын үнэлгээг хийсэн. Уг үнэлгээний дүгнэлтийг танилцуулах гэж Монголбанк нэлээд хугацааг зарцуулсан ба тун ч олон хардлага дагуулсан. Харин өнгөрсөн долоо хоногт дүгнэлтийг задлахад банкууд ер нь тун боломжийн дүн авсан гэдгийг харж болохоор байлаа. Гэхдээ өөрийн хөрөнгийг 511 тэрбум төгрөгөөр өсгөнө гэдэг нь ДНБ-ийн бараг 2 хувьтай тэнцэх хөрөнгийг босгох шаардлагатай болсон гэсэн үг юм.

Гэтэл шинэ долоо хоног эхлэв үү, үгүй юу УИХ-аар  хэлэлцэх гэж байгаа Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төсөл нь банкуудын лобби гэсэн яриа гарлаа. Өөрөөр хэлбэл, төрөөс банкуудад шаардлагатай мөнгийг нь өгнө гэсэн үг. Уг нь банкуудын хувьд 511 тэрбумыг босгоход асуудалгүй ч дор хаяж хоёр жил хэрэгтэй. Харин ОУВС-гаас энэ онд багтааж активаа өсгөх үүрэг өгсөн. Тиймээс л төр үүнд оролцохоор болсон бололтой.

Энэ хугацаанд банкууд өөрсдөө дутагдсан хөрөнгөө нөхөж чадахгүй бол бусад сонирхож байгаа хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах замаар дутагдсан хөрөнгийг харилцагчдад ачааалал өгөхгүйгээр шийдэх учиртай. Хэрэв энэ үе шатанд банкууд дутагдсан хөрөнгөө нөхөж чадахгүй байдал үүсвэл төр оролцож зохицуулах механизмыг энэ хуулийн төсөлд тусгаж өгчээ. Өөрөөр хэлбэл арилжааны банкуудад төрийн оролцоо бий болно.

Erennews.mn