|

Сэжигтэй гүйлгээг таньж илрүүлэх программ хангамж 21 аймагт алга

УИХ-аас энэ оны дөрөвдүгээр сард баталсан Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль долдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн.  

 

Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр, санхүүгийн салбарын хөгжил, финтек буюу санхүүгийн үйлчилгээнд нэвтэрч буй дэвшилтэт технологийн шаардлагад нийцүүлэн "мэдээлэх үүрэгтэй этгээд”-ийн хүрээ, холбогдох зохицуулалтыг өргөжүүлж, хариуцлагын тогтолцоог өндөржүүлсэн.
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан "мэдээлэх үүрэгтэй этгээд”-ийн ихэнх нь Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага байдаг байна.

Иймд СЗХ өөрийн зохицуулалтын байгууллагуудад тус хууль болон нэмэлт өөрчлөлтийг таниулах, хэрэгжилтийг хангуулах сургалтыг энэ оны тав, зургаадугаар сард улсын хэмжээнд зохион байгуулаад буй. 

Хуульд шинээр орсон нэмэлт, өөрчлөлтөөр "мэдээлэх үүрэгтэй этгээд” нь өөрийн ТУЗ, эсхүл түүнтэй адилтгах удирдлагаас баталсан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын хөтөлбөртэй байхаар заасан бөгөөд өөрийн эрсдэлийг харилцагч, бүтээгдэхүүн үйлчилгээ, борлуулалтын суваг, арга, хэлбэр, газар зүйн байршлыг харгалзан бодитойгоор үнэлсэн байх талаар тусгасан.

Мөн, дотоод хяналтын хөтөлбөртөө ТУЗ, түүний дэргэдэх хороо, эсхүл бие даасан дотоод хяналтын нэгжээр дамжуулан байнгын хяналт тавьж, үр дүнг тооцон ажиллахын зэрэгцээ энэ чиг үүргийг хэрэгжүүлэх эрх бүхий албан тушаалтныг томилон ажиллуулах, тэрхүү албан тушаалтны эрх үүргийг тодорхойлж, томилох, чөлөөлөх үйл явцыг нарийвчлан тогтоосон журам батлан хэрэгжүүлэх учиртай юм.

Санхүүгийн зохицуулах хорооноос улсын хэмжээнд явуулсан дээрх сургалтаар хууль болон түүнд шинээр орсон зохицуулалтыг хэрэгжүүлэх талаар нарийвчилсан заавар зөвлөгөө, тодорхой үүрэг чиглэл өгсөн байна. Хуулийн хэрэгжилтэд үнэлгээ дүгнэлт өгөх газар дээрх хэсэгчилсэн хяналт, шалгалтыг нийслэлийн санхүүгийн байгууллагуудад одоогоор хийж байгаа бөгөөд харин орон нутгийн байгууллага, салбаруудад энэ хяналт, шалгалтыг тухайн сургалтын хугацаанд давхар хийжээ.

Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа "мэдээлэх үүрэгтэй этгээд”-үүдийн үйл ажиллагаанд хуулийн хэрэгжилт ямар байгаа талаар үнэлгээ дүгнэлт өгөх хэсэгчилсэн хяналт, шалгалтын ерөнхий тайлан дүгнэлт гарсан байна.

Хяналт шалгалтын удирдамжид нэр заасан 21 аймгийн нийт 335 байгууллага, салбар хамрагдахаас 234 нь буюу 70 хувь нь хамрагдсан байна. Эдгээрийн 51 нь банк бус санхүүгийн байгууллага, 129 нь даатгалын компанийн салбарууд, хадгаламж зээлийн 39 хоршоо, үнэт цаасны таван компани, даатгалын зуучлагч хоёр компани, даатгалын хохирол үнэлэгч найман компани байна.

Тус хяналт шалгалтын үед Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжиж эхлээгүй байсан тул хуульд шинээр орсон шаардлагууд байгууллагуудад хийгдээгүй байв. Харин ихэнх байгууллага дотоод хяналтыг хэрэгжүүлэх албан тушаалтныг томилжээ.

Шалгалтыг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс шалгалт эхэлсэн өдрийг хүртэлх хугацааны санхүүгийн баримт бичиг, шийдвэр, бүрдүүлбэрт үндэслэн явуулсан тул хуульд заасан 20 сая төгрөг, түүнээс дээш үнийн дүнтэй, Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх шаардлагатай бэлэн мөнгөний болон сэжигтэй гүйлгээ, харилцагчийг танин мэдэх ажиллагаа хийгдсэн тохиолдол гараагүй байв. Харин эцсийн өмчлөгчийг тогтоох үйл ажиллагааг орон нутгийн санхүүгийн байгууллагуудын дийлэнх нь журмын дагуу явуулж байна.

Гэвч сэжигтэй гүйлгээг таньж илрүүлэх систем, программ хангамж байхгүй, ажилтнууддаа энэ талаар сургалт явуулах, Хорооны 2009 оны 253 дугаар тогтоолоор батлан мөрдүүлж буй "Харилцагчийг таньж мэдэх, сэжигтэй болон бэлэн мөнгөний гүйлгээг мэдээлэх журам”-ыг зааж таниулах ажил хангалтгүй байна.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо