|

Сургалт, удирдлагын нэгдсэн системийг нэвтрүүлж эхэллээ


Монгол Улсын Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын сургалт удирдлагын e-TVET мэдээллийн нэгдсэн системийг хүлээж авах арга хэмжээ өнөөдөр Хөдөлмөрийн яаманд боллоо. e-TVET  нь Монгол Улсын хэмжээнд нийт мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын багш, ажилтан, суралцагч, төгсөгчид болон түншлэгч байгууллагууд, сургалтын байгууллагын сургалтын орчин, материаллаг баазын талаарх мэдээллийн нэгдсэн сан үүсгэж, Хөдөлмөрийн яам болон бусад хэрэглэгчид тайлан мэдээ мэдээллийг цаг алдалгүй авах, бодлого боловсруулах, бодит мэдээлэл дээр суурилсан тооцоо судалгаа хийх бүрэн боломж бүхий сургалт удирдлагын систем юм. Энэ системийг Монголын мэргэжлийн боловсрол сургалтын салбарт анх удаа хэрэгжүүлэх ажлыг "Кареер март” ХХК нэвтрүүлж буй бөгөөд тэд хийсэн ажлаа Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханд танилцуулж албан ёсоор хүлээлгэж өглөө.

e-TVET –ийг хүлээлгэж өгөх арга хэмжээний үеэр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан хэлсэн үгэндээ интернэтийн сүлжээ ашиглан цаг хугацаа, орон зай хамааралгүйгээр бүх  хэрэглэгч уг системд нэвтрэн мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын талаарх бүхий л мэдээллийг авч болох ач холбодол бүхий "e-TVET” мэдээллийн нэгдсэн системийг Мэргэжлийн боловсрол, сургалтын 37 байгуулагад нэвтрүүлж үйл ажиллагаандаа ашиглаж эхлээд байгааг онцлоод цаашид хэрэгжээгүй үлдсэн төрийн бус өмчийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад нэвтрүүлэхээр судалгааны ажил хийгдэж байгааг дуулгасан.  

Уг системийг нэвтрүүлж буйтай холбогдуулан Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын сургалтын албаны дарга, арга зүйч, багш зэрэг нийт 132 хүнийг хамруулсан сургалтыг Бүсийн арга зүйн төвүүдэд зохион байгуулсан бөгөөд уг мэдээллийн нэгдсэн системийг суурилуулах компьютер, сервер зэргийг бэлтгэн хүлээж авах ажлаа бүрэн хангаад юм байна. 

Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд сургалт удирдлагын "e-TVET” мэдээллийн нэгдсэн системийг нэвтрүүлэх ажил Хөдөлмөрийн сайдын 2014 оны А/190 тоот тушаалаар батлагдаад эхний ээлжинд төрийн өмчийн 22, дараагийн ээлжинд 15 Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад нэвтрүүлж үйл ажиллагаандаа ашиглаж эхлээд байгаа юм.

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад мэдээллийн нэгдсэн системийг нэвтрүүлэхтэй холбогдон 2015 оны арваннэгдүгээр сард Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга сургалт удирдлагын e-TVET мэдээллийн нэгдсэн системийг нэвтрүүлж буй "Кареер март” компанитай "Хамтын ажиллагааны гэрээ” байгуулж, үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдан төлөвлөгөөний дагуу зохих ажлуудаа үр дүнтэй хийж гүйцэтгэжээ.