|

“Шилэн сургууль” системийг нэвтрүүллээ


Боловсрол соёлын газрын "Нээлттэй боловсрол хөтөлбөр”-ийн хүрээнд Аймгийн Засаг дарга А.Энхболдын санаачилгаар Дархан-Уул аймгийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 14 сургуульд "Шилэн сургууль” системийг нэвтрүүлэв. Дархан сумын ууган сургууль болох 1 дүгээр сургуулийн "Шилэн сургууль” системийн нээлтэнд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, ДУА-ийн Засаг дарга А.Энхболд, БСГ-ын дарга Б.Ганчулуун, УИХ-ын гишүүн С.Ганбаатарын зөвлөх С.Зоригтбаатар нарын холбогдох албаны хүмүүс болон багш, эцэг эх, сурагчид оролцлоо. Энэ үеэр сургуулийн удирдлагуудын зүгээс багш, эцэг эх, сурагчдын төлөөлөлд "Шилэн сургууль” системийг ашигласнаар өмнө нь гарч байсан ямар хүндрэлтэй асуудлуудыг шийдэж болох, багш, эцэг эх, сурагчдын холбоонд хэрхэн ахиц авчрах, ямар үр дүнг хүлээж байгаа зэргийг товч танилцуулсан юм.

Уг систем нь Ирцийн мэдээлэл, Гэрийн даалгавар, Сурлагийн дүн, Хичээлийн оролцоо, Шалгалт улиралын дүн, Электрон шуудан, Хичээлийн төлөвлөгөө, Сурах бичиг, Гэрийн хаяг, утасны жагсаалт, Сурагчийн болон эцэг эхийн мэдээлэл гэсэн 10 цэсээр дамжуулан ЕБС-ын багш, сурган хүмүүжүүлэгч, сургалтын менежер, удирдлагууд болон эцэг эхчүүдэд мэдээлэл солилцоход зориулагдсан бөгөөд ялангуяа эцэг эхчүүд хүүхдүүдэдээ хараа хяналт тавихад чухал ач холбогдолтой.

Уг системээр дамжуулан тухай бүрт оруулсан мэдээллийг цаг алдалгүй эцэг эх асран хамгаалагч нар шууд авсанаар хүүхэдтэйгээ ямар асуудлаар ярилцах, юунд анхаарал хандуулахаа мэдэх зэрэг давуу талууд олон. Түүнчлэн багшийн үйл ажиллагааг хялбар болгосноор сурагч нарт зарцуулах цаг нэмэгдэнэ хэмээн үзэж байна. Энэ төрлийн програм хангамж нь Япон, Солонгос, Америк, Финланд зэрэг олон улсад туршигдан үр дүнгээ өгчээ.

"Шилэн сургууль” системийг нэвтрүүлэхийн тулд сургуульд интернэт орчин бүрдүүлэх, багш нарт ажиллахад шаардлагатай тоног төхөөрөмж болох таблет, гар утас, компьютер зэргийн аль нэг нь байхад л хангалттай ба Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн "Шинэ зууны боловсрол төсөл”-өөр багш бүр зөөврийн компьютертэй болсон энэ цаг үед тухайн сургуульд интернэт орчин бүрдүүлэхэд л системийг ашиглах бүрэн боломж нээгдэж байгаа юм.

Уг системийг нэвтрүүлэгч "Нобу” компани 3 үе шаттай сургалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд 11-р сарын 25, 26-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн ЕБС-иудын багш нарт сургагч багш бэлтгэх сургалтыг явуулж сургалтын менежер, багш хөгжлийн төвийн багш, мэдээллийн технологийн бүх багш нар нийт 80 гаруй хүнийг хамруулсан байна. Цаашид ажлын байран дээр сургалт явуулж багш нарт заавар зөвлөгөө өгнө.