Монголчууд бид 2014 онд дэлхий даяар нэлээдгүй их шуугиан дэгдээн байж 14-р Далай ламыг эх орондоо урьж авчран бурхан шашны оройн дээд шүтээн Богд Жавзандамбынхаа хойд дүрийг тодруулсан билээ. Монголоос хүчирхэг улс орнууд Хятадаас айгаад 14-р Далай ламыг урин залж чадахгүй болгоомжилж байхад эдийн засгийн хувьд Хятадаас 100 хувь хараат гэгддэг Монгол Улс Бээжингийн дарамтыг үл тоомсорлон Далай ламыг урин залж, гүн хүндэтгэлтэйгээр бишрэн хүлээж авах үед бидний эр зоригийг дэлхийн их гүрнүүд хүртэл шагшин гайхаж байлаа.
Хамгийн гол нь бид эр зоригтойдоо ингэсэн юм биш гүн гүнзгий сүсэг бишрэлтэй учраас л ийнхүү Бээжингийн дарамт болон эдийн засгийн бүслэлтийг үл хайхран нэг үгээр хэлбэл амь өрсөн байж Далай ламыг нутагтаа авчирсан болой. Далай лам манай улсад дөрөв хонохдоо 125 хүүхдийн нэрсийг цуглуулж гурван янзаар шодож үзээд нэгэн балчир хүүг 10-р Богд мөн гэж тодруулсан байв.
Гэхдээ хүүхдийн нас бага байгаа учраас одоохондоо ил тод зарлаад хэрэггүй хэмээн сануулсан юм даг. Харин энэ үеэс эхлэн манайдаа л нэр нөлөөтэй, эрдэм чадалтайд тооцогдох лам нар нялх Богдод санаа тавин тусгай хүмүүс томилон асруулахын зэрэгцээ бурхны ном зааж эхэлсэн гэх яриа лам нарын дундаас сонсогдож байсан юм.
Харин 10-р Богдын асуудлыг ингэж нууцлах тусам янз бүрийн цуу яриа түймэр шиг тархаж эхэлсэн бөгөөд 10-j Богдын хойд дүр будилсан, баян хүний хүүхдийг хүчээр тодруулсан гэдэг хардлага ч гарч байгаа. Тэгвэл сүүлийн үед Аравдугаар Богдын асуудлыг гадаадын тусгай албад хүртэл их сонирхох болсон учир аюулгүй байдлыг нь хамгаалахын тулд хэд хоногийн өмнө хүүгийн эцэг эх хоёр АНУ руу авч одсон гэх мэдээлэл бидэнд олдсон юм. Тэднийг Гандантэгчинлэн хийдийн хөдөө орон нутгийн сүм хийдийн асуудал хариуцсан Гавж лам Д.Лувсанжамц дагаж явсан аж.
Гавж ламын эхнэр нь АНУ дахь Монголын ЭСЯ-эд ажилладаг учраас алсдаа Аравдугаар Богдын орд өргөө АНУ-д баригдах асуудал ч яригдаж магадгүй юм байх. Аравдугаар Богд АНУ-д жил гаруй амьдраад 2020 оны сонгуулийн өмнөхөн Монголд ирж, улмаар ширээндээ ёслол төгс заларна гэсэн мэдээлэл бас байна.
Богдоор тодорсон хүү нь эгэл жирийн боргил айлын хүүхэд биш эмээ нь МАН-ын нэлээн том олигархи, эцэг эх нь уул уурхай, барилгын салбарт нэлээн хүчтэй чинээлэг хүмүүс юм байх. Далай лам маш баян гэр бүлээс 10-р Богдыг тодруулсанд манай лам нар эхлээд дургүйцэх хандлагатай байсан ч Богдын зардал өндөр учраас чинээлэг айлаас тодруулсан нь зөв хэмээн дэмжицгээсэн юм байна.
Саяхан Монголын лам нар өмнөх богдуудын дүрийг батламжлан зөвшөөрдөг байсан Их хүрээний Хамба Номун хаан цолыг сэргээн Гандантэгчинлэн хийдийн Тэргүүн Д.Чойжамцыг Хамба Номун хаанаар өргөмжлөн Монгол дахь Бурханы шашны бүхий л асуудлыг толгой мэдэн шийдэх эрх олгосон нь 10-р Богдыг ширээнд нь залах бэлтгэлээ бага багаар базааж байна гэсэн үг юм. Харин богдыг ширээнд нь залах ёслол УИХ-ын сонгуулийн өмнө болохоор цаг нарыг тааруулж байгаа нь МАН-ынхан шашин шүтлэгийг сонгуульд ашиглахаар шийдсэн хэрэг үү гэсэн сэжиг төрүүлж байгааг нуух юун.
10-р Богдын дүр ийнхүү эргэлзээ ээдрээнд орооцолдсон явдлыг настай лам нар тун сонин байдлаар тайлбарлаж байгаа нь анхаарал татсан юм. Тэдний үгээр бол богдын дүр ганц энэ удаа ч ингэж ээдэрч, элдэв ярианы бай болж байгаа биш юмсанж. 1924 онд Наймдугаар Богд Жавзандамба хутагт жанч халсаны дараахан 8-р Богдын төрсөн дүү, Чойжин лам Лувсанхаймчиг, Бизьяагийн ламтан, Дүйнхорын Цогт Зандан Цорж, Богдын долоон цоржийн нэг Чойнзон лам тэргүүтэй тэр үеийн богдын хүрээний томоохон лам нар Наймдугаар Богдын хойд дүрийг тодруулахаар сунтаг шуйлж хараагийн дарь эхийн шавь Цэнджавын хүү Лувсандоржийг Банчин богдын айлдвар зарлигаар тодруулан залсан ажээ.
Гэвч тэр үеийн төр засгийн удирдлагууд "Хаант засгийг ахин сэргээхгүй, иймээс богдын дүрийг тодруулах шаардлага огт байхгүй” хэмээн лам нарыг буруутган цаазалсан аж. Хэлмэгдүүлэлтийн эх үндэс ч ингэж тавигдсан байна. Наймдугаар богдын хойд дүрээр тодорсон Лувсандорж хүү 1938 он хүртэл амьд сэрүүн байж байгаад 14 настайдаа хэлмэгдүүлэлтэнд өртөн цаазаар хороогдсон ажээ.
Тодруулбал 9-р Богд 1924 онд Монгол орноо харц ардын гэрт тодроод 1938 онд амиа алджээ. Харин үүний дараахан 1939 онд Банчин богд Монголын богдын хойд дүрийг өвөр Монголд тодруулжээ. Тийнхүү тодорсон хүн нь ар, өвөр Монголын богд хэмээн өвөрлөгч хошуудад залагдаж явсаар 1970-аад оны дунд үед жанч халсаныг өвөр монголчууд түүхийн хуудаснаа бичин үлдээсэн юмсанж. Банчин богд манай Богдын хойд дүрийг Өвөр монголд тодруулж байх үед Түвдийн засгийн газрын түлхээсээр 14-р Далай лам 1936 онд төрсөн өөрийн хамаатан Жамбалнамдаллувсанчойжижанцан хэмээх хүүг Монголын Наймдугаар богдын хойд дүр хэмээн зарласнаар хоёр ч богд зэрэг гарч ирээд ээдрээ будилаан эхэлсэн аж.
Харин тухайн үед бараг л Монголын бурхан шашны тэргүүн байсан Дилов хутагт Жамсранжав Түвдэд очиж Далай ламын тодруулсан 9-р Богдыг хараад "Энэ миний хутагт биш байна” гэж хэлчихээд явсан бөгөөд Монголын бурхан шашны нүүр царай болсон Дилов хутагт огт тоогоогүй учир Түвдээс тодорсон Есдүгээр богд олон жил чимээгүй явсаар 1990 онтой золгожээ. Дилов хутагтыг таалал болсоны дараа 14-р Далай лам уг хэргийг дахин сэргээх зорилгоор Дилов хутагтын хойд дүрийг дур мэдэн Америкаас тодруулж улмаар тодруулсан Дилов хутагт нь Далай ламын хамаатныг Наймдугаар богдын хойд дүр мөн хэмээн зөвшөөрсөн юм байна.
Эндээс уншигч та Наймдугаар богдын хойд дүрийг тодруулах явдал ихээхэн будлиантай болсныг ойлгосон биз ээ. Гурван өөр газарт гурван ч хүн Богдын хойд дүрээр тодорч нэг нь хэлмэгдэж, нөгөөх нь 1970 онд нас барж, гурав дахь өтөл насандаа Монгол Улсад ирж, Монгол Улсын иргэн болоод таалал болсон юмсанж. Гэхдээ энд бас нэг эргэлзээ гарч ирж байгаа юм.
Есдүгээр Богд асан ЖАВЗАНДАМБА ХУТАГТ ЖАМБАЛНАМДОЛЧОЙЖИЖАНЦАН
Хэрвээ Монголд тодорсон Лувсандорж хүүг Богдын ес дэх дүр гэж үзэх юм бол түүнийг нас барсанаас хойш нэг жилийн дараа өвөр Монголд тодорсоныг нь арав дахь дүр гэж тооцох ёстой болно. Тийм учраас эдүгээ 10 биш харин 11-р Богдыг тодруулах ёстой болж таарна. Мөн Далай ламын тодруулсан, түүний хамаатан болох Жамбалнамдаллувсанчойжижанцан нь 9-р Богдын жинхэнэ дүр биш бол түүний хойд дүрийн асуудал тун ярвигтай болно.
Түвдүүдийнхээ эрх ашгийг илүүд үзсэн Далай лам богдын ес дэх дүрийг өөрийн хамаатнууд дотроос хүчээр тодруулсан бол бид өнөөдөр богдын арав дахь дүрийн асуудалд ач холбогдол өгөх нь утгагүй. 1939 онд өвөр Монголд тодорсон богдын хойд дүр 1970-аад онд жанч халсны дараа хойд дүр нь хаа нэгтээ төрчихөөд өдгөө жирийн хүний замналаар амьдарч яваа бол яана.
Өөрөөр хэлбэл та бид богдоо танихгүй будилж яваа юм биш биз. Хэрвээ тийм бол 2016 онд бид 14-р Далай ламыг шал дэмий урин авчирч 10-р Богдын хойд дүр тодруулсан гэх худал хуурмаг явдалд итгэн сүсэглэх шаардлагагүй. Хятадуудтай сөргөөцөлдөн байж Далай ламыг залж авчраад тодруулсан аравдугаар богдын асуудал өдөр өнгөрөх ээдрээтэй, зөрчилтэй болж байгаа нь тоогүй.
Эцэст нь нэг зүйлийг онцлоход Далай лам Монголд ирээд 10-р Богдын дүрийг тодруулахдаа чамгүй их шан харамж авсанаас гадна МАН-ын нөлөө бүхий лидерийн ач хүү, мөн Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүний өргөмөл хүүхэд, УИХ-ын эмэгтэй гишүүн, МАН-ын олигархын зээ хүү зэрэг гурвын гурвын хүүхдээс аль нэгийг нь сонгох даалгавар аваад нэлээн эргэцүүлсэний дараа эмэгтэй гишүүний ач хүүг 10-р Богдоор тодруулжээ.
Ямар учраас энэ хүүхдийг онцлов гэтэл олон жил уул уурхайн бизнес эрхэлсэн эмэгтэй гишүүн хажуудаа гурвын гурван Түвд ринбучиг халамжлан тэтгэж, хаус хүртэл барьж өгсөн юмсанж. Энэ явдлыг дээрхийн гэгээн Далай лам онцгойлон анхаарч нэгэн цагт өөрийн хамаатнаа Богд Жавзандамбын хойд дүр хэмээн зарласан шигээ Түвд лам нарт таатай ханддаг эмэгтэйн талд асуудлыг шийдсэн байна.
Тэгэхээр 10-р Богдын асуудал улс төрийн ашиг сонирхолтой хүртэл холбогдоод явчихаж байгаа юм. Ард олны сүсэг бишрэлийг далимдуулсан ийм бусармаг зүйл болоогүй байгаасай хэмээн найдаж байгаа ч Богдын хойд дүр тодруулах үйл ажиллагаа нь дэг жамаараа, номын ёсонд зааснаар биш харин хөндлөнгийн эрх ашиг холилдсон утгагүй зүйл болсон нь улам л тодорхой болж байх шиг.
"НОЦТОЙ МЭДЭЭ” сонин №29/699/