Монгол, Германы хамтарсан "Орхон” археологийн шинжилгээний анги 1200 гаруй жилийн тэртээх Уйгурын хаант улсын нийслэл Хар балгасын Ордон хотоос түүхийн үнэт зүйл болох хүрэл хонх тэргүүтэй олдворуудыг олсон тухайгаа мэдээлэл хийлээ. Хоёр улсын эрдэмтдийн баг 2007 оноос эхэлж, "Орхон” шинжилгээний багийг гаргаж, судалж эхэлжээ. Судалгаанд Монголын талаас ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, МУИС-ын эрдэмтэд оролцсон аж. Харин Германы талаас тус улсын археологийн хүрээлэнгийн судлаачид оролцжээ. Тэд энэ зун Уйгурын нийслэлийн Ордон хотын худгийг олсон юм. Худаг 12 метр гүн байсан бөгөөд нээхэд ёроолд нь ус байжээ. Энэ тухай Германы эрдэмтэн Хендрик Рооланд "Худгийг нээхэд гайхах сэтгэл төрсөн. Учир нь газрын гүнд, усанд 1200 жил хадгалагдсан гэхэд модон байгууламжууд нь тун сайн хадгалагдсан байсан. Үүнээс гадна нанхиад бичигтэй хүрэл хонх жингэнэн дуугарч байхыг сонсох хамгийн сэтгэл догдлуулсан мөч байлаа. Магадгүй энэ үзэгдэл, олдворууд археологич хүний амьдралд ганцхан удаа тохиолдох сайхан мөч байх. Бид анх 1998, 1997 оны үед Хархорум хотын ойролцоо малтлага хийж байсан. Үүний дараагаар Уйгурын эртний хотыг судлах ажлаа эхлүүлсэн юм. Хар балгас ордон хот VIII зууны үед байсан. 100 гаруй жил хот хэлбэрээр оршин тогтнож байсан. Бид энэ хотын багахан хэсэгт л археологийн ажил хийж байна” гэсэн юм.
Худгийн ус тунгалаг, хүйтэн байжээ
Археологийн багийн гишүүн ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн эрдэмтэн Т.Батбаяр "Хааны ордны их хэрмийн зүүн урд талд өндөрлөгдсөн нэг хэсэг бий. Бид сүүлийн дөрвөн жилд энэ хэсэгт судалгаа хийсэн юм. Үүний үр дүн нь хааны ордын усны хэрэглээг хангаж байсан тус худаг юм. Зургаан тал гаргаж зассан өвөрмөц хийцтэй байснаас гадна хоёр хэсгээс бүрдсэн байсан. Монголын түүх археологийн түүхэнд ийм худаг илэрсэн тохиолдол байхгүй. Тиймээс энэ салбарт нэгэн шинэчлэл, шинэ түүхийг энэ олдвор авчирч байна” гэв. Тус худаг нь хоногт 20 тонн ус гаргах хүчин чадалтай байсныг эрдэмтэд тогтоожээ. Хэдийгээр 1200 жил газар дор байсан ч дөнгөж өчигдөрхөн барьсан мэт цэвэрхэн байсан тухай эрдэмтэд онцолж байлаа. Олдворын тухайд МУИС-ын эрдэмтэн, доктор,төслийн удирдагч У.Эрдэнэбат "Худгийг олоход ус тунгалагаас гадна цэв хүйтэн байсан нь сонирхол татсан. Худаг олдсон газар нь хотын хамгийн чухал хэсэг байсан юм билээ. Цутгамал ваар, бүрмэл төмөр зүйлс болон түүхийн он цагийн онцлогийг харуулсан олон олдвор олдсон. Хонхны дээр нанхиад бичиг байсныг бид тайлж уншсан. Энэ нь хонхныхоо дууг магтан дуулсан, шүлэглэсэн мөртүүд байсан” гэв.
Японы эрдэмтэд сэргээн засварлаж байна
1200 жилийн тэртээд Уйгур улсад гар урлал дээд цэгтээ хүртэл хөгжсөн байсныг эдгээр олдворууд гэрчилж байна. Тус улсын онцлогийг өгүүлэх түүхийн үнэт олдвор гэж хоёр орны археологичид үзэж байгаа юм байна. Одоогоор олдворуудыг Соёлын өвийн үндэсний төвийн эрдэмтэн, судлаачид судалж байгаа бөгөөд хэрхэн энэ хэвээр нь хадгалан үлдээх тухай гарц хайж байгаа юм. Тиймээс Япон улсаас соёлын өвийг сэргээн засварлах мэргэжилтэн авчирчээ. Ита О "Би Монголын эрдэмтэдтэй гурав дахь жилдээ хамтран ажиллаж байна. Миний хувьд энэ олдворыг сэргээн, хамгаалах тал дээр трохаус хэмээх сахарын зориулалтын бодисыг ашиглаж байна. Бид хэн нэгнээс туслалцаа аваагүй. Зөвхөн өөрсдийн ур ухаанаар ажлаа гүйцэтгэж байна” гэсэн юм.
Эх сурвалж: www.polit.mn