|

"Хуулийн байгууллагууд хүүг минь хөнөөсөн хэргийн үнэн зөвийг олохгүй, тоглоом болгох гэж байгаад би харамсаж байна"

Зам тээвэр хөгжлийн яамны газрын дарга асан, талийгаач Т.Гомбосүрэнгийн гэр бүлийн хүн, өмгөөлөгчдийн хамт хэргийн явц болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийлээ.

Талийгаачийн аав Р.Төмөрхуяг "Би 49 хоног дээр нь мэдээлэл хийж байсан. Үүнээс хойш хоёр сарын хугацаа өнгөрлөө. Миний хувьд болон манай гэр бүлийн хувьд хүүгийнхээ ясыг өндөлзүүлж өнөөдөр хэвлэлийн бага хурал хийхээс өөр аргагүйд хүрлээ. 

Уг нь хууль хяналтын байгууллага хэргийг үнэн шударгаар шийднэ гэж бид бодож байсан юм. Гэтэл бодсоноор болдоггүй юм байна. Уг нь эхэндээ шүүх хяналтын байгууллагууд шударга шүүнэ гэсэн бодол байсан юм. Гэтэл сүүлийн үед  шаардлагатай бүх нотлох баримтыг дутуу оролцуулж шийдэх гээд байна.

Шүүх, хяналтын байгууллага мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн явуулсангүй. Зарим нотлох баримт алга. Түүнийг лавшруулалгүй прокурорт илгээжээ. Прокурор их богино хугацаанд бидэнд мэдэгдэлгүйгээр шүүхийн шатанд шилжүүлсэн байна

Махбалыг бүр анхны зүйл ангиар нь, хамгийн хөнгөнөөр нь шийдэх гээд байгааг бид ойлгохгүй байна

Миний хүү угаасаа хуульч хүн байсан. Би хүүгээ шударга, үнэнчээр ажиллаарай гэж л захидаг байсан. Бусад хүмүүс ч мөн манай хүүг шударга, үнэнч хүн гэж хэлдэг байсан. Энэ байдлаасаа болж амиа алдлаа. 

Хууль хяналтын байгууллагууд энэ хэргийн үнэн зөвийг олохгүй, тоглоом болгох гэж байгаад би их харамсаж байна. Тийм учраас би хамгийн дээд газарт нь буюу Хууль зүйн сайд Ц.Нямдоржид хугацаатай шаардлага хүргүүлэх гэж байна" гэлээ.

Ikon.mn